Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос Монгол Улсын Засгийн газар болон холбогдох яам агентлаг, нийслэлийн Засаг даргад албан ёсны мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. Уг мэдэгдлийн хүрээнд Монгол Улсын 3 сая иргэний эрх ашиг зөрчигдөж байгаа зарим нэг асуудлыг хөнджээ. Тус холбооны гүйцэтгэх захирал О.Нарантуяа хэлэхдээ “Төр засгаас иргэдийнхээ төлөө анхаарч байгаа хэмээн зарлаж, төсөв хөрөнгө зарцуулдаг боловч амьдрал дээр хэрэгжиж биеллээ олж байгаа зүйл алга. НҮБ-аас гаргасан “Хүний эрхийн тухай тунхаг бичиг”-ийн 8 заалт, Монгол Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг амьдралд хэрэгжүүлэх, хэрэглэгч бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах, баталгаат хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байгаад төр засаг чих дүлий, нүд хаалттай байж болохгүй” гэлээ.
Мөн хэрэглэгчид санал гомдол гаргахад хүлээн авах газар байхгүй, хүлээн авсан ч шийдвэрлэлт удаан байгааг тэд хэлж байна. Тухайлбал орон сууцны метр квадратын үнэ өндөр байгаагаас иргэд орон сууц худалдан авах боломжгүй, инженерийн шугам сүлжээг албан ёсоор хүлээлгэж өгдөггүйгээс болж иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Түүнчлэн боловсрол, эрүүл мэнд, банк санхүүгийн салбарт хэрэглэгчдийг чирэгдүүлэх, хохироох, алагчлан үзэх улмаар авлигын сүлжээ үүсэх явдал газар авсаар байгаа талаар мэдэгдэлдээ дурджээ. Иймээс Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байгаа Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, холбогдох мэргэжлийн байгууллага, агентлагуудын дарга нарыг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж, зайлшгүй мөрдөгдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаж ажиллан, хэрэгжүүлэхийг тус холбооноос шаардаж байгаа аж.