Налайх дүүрэг доторт 1,4 км авто замыг бүрэн шинэчилнэ

Энэ онд хийгдэх Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зураг төсвийн гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй Налайх дүүргийн ЗДТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтэс, холбогдох байгууллагын төлөөлөл энэ сарын 15-нд уулзалт хийлээ.

Тус гудамжуудын авто замуудыг ашиглалтад оруулснаас хойш өнөөг хүртэл шинэчлэлт огт хийгдээгүй тул хучилт бүхэлдээ бүтцийн эвдрэлд орсон. Тиймээс нийслэлийн хөрөнгө оруулалтаар авто замын шинэчлэлийг цогц байдлаар хийхээр төлөвлөөд байна.

Эдгээр гудамжнуудын авто замын зураг төсвийг өнгөрсөн 2016 онд “Ростов” ХХК-аар хийлгэсэн бөгөөд уулзалтад тус компанийн захирал н.Баярхүү, дулааны болон усан хангамж, ариутгах татуургын зургийн инженер н.Пүрвээ нар оролцож, мэдээлэл өглөө.

Мөн хуралд дүүргийн дулаан, эрчим хүч, гэрэлтүүлэг, цэцэрлэгжүүлэлт, газар, замын цагдаа зэрэг холбогдох бүхий л байгууллагын төлөөлөл оролцож ойлгомжгүй зүйлээ зураг төсөв дээр ярилцан, шугам сүлжээнд гарч болзошгүй хүндрэл бэрхшээл, бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар ярилцсан юм.

 ЗДТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар бэлтгэл ажлыг бүрэн хангаж, газар чөлөөлөх асуудлыг энэ сардаа багтааж хийхийг Газрын албанд даалгалаа.

Ажлын хэсэг уулзалтын дараа Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замын өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь үзэж танилцлаа гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …