-Эдгээр томилгоо нь МАН-ыг боловсон хүчний хомсдолд оруулсныг харуулж байна уу?!-
Монгол ардын нам төрийн эрхийг шилжүүлэн авснаасаа хойш хачин жигтэй томилгоонуудыг хийж, олон нийтийн анхаарлыг татах болсон. Тэгвэл өнөөдөр ч тэрхүү томилгоо нь үргэлжилсэн хэвээр байна. Уг нь, иргэд тус намыг Засгийн эрхийг шилжүүлэн өгсөн АН-тай харьцуулахад чадварлаг боловсон хүчинтэй гэж харж, дүгнэдэг. Гэвч тэдний томилгоонууд, ялангуяа сүүлийн үед хийж буй томилгоо иргэдийг хоёр хувааж, талцуулах болсон.
Учир нь, МАН-ынхан тэтгэвэртээ гарах дөхсөн, эсвэл өмнө нь улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож, ял хүртэл сонсож байсан нөхдийг албан тушаалд томилж байна.Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байхдаа өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдож байсан С.Тунгалаг гэх эмэгтэйг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Захиргаа, төлөвлөлт хяналт шинжилгээний хэлтэст Шагнал хариуцсан мэргэжилтнээр томилсон байдаг. Энэ мэтчилэн тэдний томилгоо үргэлжилж байна.
Х.БААТАРЫН ГОМДЛЫГ ТАЙЛСАН УУ
Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр хамгийн их дуулиан тариад буй “гааль”- ийн гэх тодотголтой Х.Баатар, Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр нарт албан тушаалын бялуунаасаа хүртээсэн явдал юм. Үүнийг нь, МАН-ын залуу боловсон хүчин болон зарим иргэн ихэд эгдүүцэх болжээ.
Тодруулбал, ГЕГ-ын даргаар ажиллаж байхдаа авлигын хэрэгт холбогдож ял сонссон Х.Баатарыг Хөдөө аж ахуйн биржийн захирлаар томилжээ. Хэдийгээр мань эр төрд ажиллах эрхтэй ч гэлээ түүнийг тус албан тушаалд ногоон гэрлээр томилсонд намынх нь зарим хүн гайхаж ч байгаа сурагтай. “Нам дагавал ялд унадаг” гэдгийг өөрийн биеэрээ амссан түүнийг хөрөнгө мөнгөтэй, боломжийн цалин хангамжтай газрын захирлаар томилсон нь эрхгүй нэгийг бодогдуулна.
Ямартай ч нэгэн цагт намынхаа нөхдөд хаягдаж байсан Х.Баатар тэтгэврийнхээ насан дээр ХАА-н биржийн захирал гэх албан тушаалд мориллоо.
ЛААЗ ӨШИГЛӨЖ ЯВСАН Э.ЦАСЧИХЭР АЛБАН ТУШААЛЫН БЯЛУУ ХҮРТЛЭЭ
Харин Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Цасчихэр мөн л хэл аманд орооцолдож, цагдаа цэргийн үүдийг ёс юм шиг сахиж суусан нэгэн. Гэтэл тэрбээр бүтэн таван жил олны өмнө гарч ирэлгүй нам гүм амьдралыг сонгосон ч нэг л өдөр барагтай аавын хүүгийн очоод байдаггүй албан тушаал дээр эзэн нь болоод суучихлаа. Хамгийн гол нь түүнийг энэхүү албан тушаалд тэнцэх үү үгүй юу гэдгийг хэн ч анхаараагүй. Зөвхөн нам нэгтэй, нэг нутгийн, намдаа гайгүй татаастай гэх мэтээр уг албан тушаалд томилогдсон хэмээн эх сурвалж мэдээлж байв.
Э. Цасчихэр нь нам дотроо хэний нөмөр нөөлөгт байдгийг уншигч та биднээр хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Хамгийн гол нь түүний томилогдсон албан тушаал бас л нэлээдгүй эрх мэдлийг атгасан боломжийн найраа сайтай дэд захирлын суудал гэх юм билээ. Ийн хэлэхийн учир нь түүнийгУвсын Засаг даргаар ажиллаж байхдаа төсвийн хөрөнгийг үргүй зарж хувьдаа хөрөнгө завшсан гэх хэргээр буруутгаж шүүхээс ял ногдуулж байсан.
Тодруулбал, түүнийг Увс аймагт улсын төсвийн хөрөнгөөр барихаар болсон Нарийны голын 325 км, Тээлийн голын 75.3 км зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая, төрийн албан хаагчдын таван давхар орон сууц барихаар төсөвлөсөн ч дөрвөн давхрыг барьж нэг давхрынх нь хөрөнгийг хувьдаа завшсан, төрийн албан хаагчдын цалинг барьцаалсан зээл авсан гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж тогтоон ийнхүү гурван жилийн ялыг шүүхээс ногдуулж байсан билээ. Яг үнэндээ түүнийг Нарийны голын гүүрэнд нийт таван удаа санхүүжилт авч 5.6 тэрбум төгрөгөөр ердөө 14-хөн бетонон шон босгосон гэдэг юм. Ямартай ч тэрбээр хэр баргийн аавын хүүгийн хүссэн ч орж чадаад байдаггүй эл албан тушаалд ийнхүү эзэн болж суулаа.
Уг нь МАН-ын гол уриа “Өмнө нь төрийн алба хашиж байсан этгээд нь улсад их хэмжээний хохирол учруулсан, төсвийн мөнгөнөөс үрж шамшигдуулан ял зэм сонсож байсан бол албан тушаалд томилохгүй” хэмээн хэлж байсан ч энэ нь бодит байдал дээр биеллээ олсонгүй. Юутай ч төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдож ял зэм сонсож байсан Э.Цасчихэр нь “Шивээ-Овоо” ХК- ийн өндөр хариуцлагатай дэд захирлын албан тушаалыг хаших боллоо.
Өнөөдөр “Шивээ-Овоо” ТӨХК-ний санхүү эдийн засгийн байдал хүнд байгаа энэ цаг үед 45 насыг зооглож буй Э.Цасчихэр энэ том уул уурхайн техник, тоног төхөөрөмж болон менежментийг нь хариуцахаас болсон нь төдийлөн оновчтой сайн шийдвэр биш гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз ээ. Хэдийгээр дээр нэр дурдагдсан эрхмүүдийн ялтай байх хугацаа нь дууссан ч гэлээ тэднээс өөр энэ ажлуудыг хийх чадвартай залуус МАН-д байгаагүй юм байхдаа гэсэн бодол төрснийг нуух юун. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан Бундын хатан шиг хав дарж байсан эрхмүүдээ гэнэт бэлэг болгон гаргаж ирсэнд олон нийт төдийлөн таашаахгүй байна.