Л.Байгал:ЯТТ-ийн үйлчилгээг иргэдэд 20 минутад хүргэж үйлчлэхэд автомашины хүрэлцээ хангалтгүй

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй болон холбогдох албаныхан Налайх дүүрэгт ажиллах үеэрээ дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.1924 онд үүсэн байгуулагдсан тус төвийн барилга, тоног төхөөрөмжүүд хуучирч муудсанаас эхлээд тулгамдсан асуудал олон байгааг НИТХ-ын даргад танилцуулав.

Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал хэлэхдээ “Манай төв нийт 4 байртай. Бүх барилгын дээвэр муудсан. Дусаал дусч, цонхоор салхи сийгдэг, чийгтэй, зарим хэсэгтээ мөөгөнцөртсөн, гадна болон дотор шавар унасан. Мөн цахилгааны  болон сангийн шугам хуучирсан учраас бүх байрандаа их засвар яаралтай хийх шаардлагатай. 10 жилийн өмнө их засвар хийгдсэнээс хойш их засвар огт хийгдээгүй.Үүнээс гадна Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд 20 минутад хүргэж үйлчлэхэд автомашины хүрэлцээ хангалтгүй. Тиймээс автопаркаа шинэчлэх хэрэгтэй байгаа. Төвд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүдийн 80 хувь нь хуучирч муудсан. Тасаг бүрт нэн хэрэгцээтэй 138 нэр төрлийн 314 ширхэг аппарат дутагдалтай байна.” гэлээ. Налайх дүүргийн ЭМТ нь 41 үндсэн ба туслах шийттэй. Ойрын 7 жилд шугамын болон шийтний засвар үйлчилгаа хийгдээгүй. Нийт 4 барилгад цахилгааны их засвар хийж, шийтнүүдийг шинэчлэх шаардлагтай байгааг хэлсэн юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Дүүргийн эрүүл мэндийн төвийн барилга хэт хуучирч муудсан байна. Дээврээс нь ус гоожиж, зарим тоног төхөөрөмж нь ажиллахаа больсон байна. Гэхдээ саарын хажуугаар сайн зүйл ч байна. Тухайлбал, иргэд эмнэлгийн үйлчилгээнд ам сайтай байгааг хэлье. Шинэ эмнэлгийн барилгын хувьд өнгөрсөн жил концессын гэрээ байгуулж, зураг төсөл нь хийгдсэн. Энэ жил эдийн засгийн хүндрэлийн улмаас түр зогссон байгаа. Гэхдээ шинэ барилга баригдана.”хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн …