Хайр гэдэг бол бүхэлдээ хайртай хүнийхээ өмнө хүлээсэн асар том хариуцлага юм. Хайртай хүнийхээ өмнө хүлээсэн хариуцлага гэдэг маань түүнийг гомдоохгүй байх, түүнээс урвахгүй үнэнч байх, түүнд хүндэтгэлтэй хандах, түүнийг ямагт ойлгож байх, түүний хийсэн алдааг уучилж чаддаг байх, түүнд итгэдэг байх гээд маш олон хариуцлага таны толгой дээр бууна. Харин бид хүнийг хайрлах гэдэг чинь ийм олон “хариуцлага” байдаг юм шүү гэдгийг бүрэн дүүрэн мэддэг бил үү. Хайр бол агуу их мэдрэмж болохоор хүн хайртай хүнийхээ төлөө юу ч хийхэд бэлэн тэр бүү хэл амиа ч өгөхөд бэлэн байдаг.
Гэвч хайрыг үргэлж тордож өөрөөр хэлбэл хайртай хүнийхээ өмнө хүлээсэн дээрх “хариуцлагуудаа” үргэлж биш юмаа гэхэд ядаж үе үе хүлээж байхгүй бол асан дүрэлзэж байсан хайр амьдралын бартаа нугачаа дунд хөрч дундран ширгэдэг. Уг нь нэг нэгэндээ үнэхээр их чин сэтгэлийн хайртай хосуудад амьдралын саад бэрхшээл харин ч үнэнч хайрыг нь бүр зузаатгаж өгдөг. Зовлон бэрхшээлийн өмнө сөхөрч унаагүй хайр жаргалтай амьдралын дунд хөрч дундрах нь элбэг байдаг гэвэл та итгэх үү. Дэлхий нийтийг хамарсан хоёр ч удаагийн аймшигт дайн байдаг. Энэхүү дайны хүнд хэцүү үед дурласан хосуудын хайр сэтгэл маш үнэнч хэзээ ч хувиршгүй байсан гэж судлаачид тогтоосныг та мэдэх үү. Хайртай хосуудыг тэр үед үхэл л салгаж байсан биз. Харин өнөөдөр хайртай хосуудыг юу илүүтэй салгаж байна вэ. Товчхондоо бол бидний жаргал дэндээд жаргал маань зовлон болоод байгаад хэргийн учир байгаа биз. Энх тайван цагт хүмүүс хэчнээн тайван сайхан аз жаргалтай байгаагаа мэдрэхээ байдаг байна. Хүний хүсэл шунал хязгааргүй болохоор байнга өөрт байхгүйг хүсч даварч байдаг. Ингээд л хайртай хосуудын дунд ялихгүй зүйл дээр маргалдаж муудалцах, нэгнийхээ өчүүхэн өө сэвийг дөвийлгөн харах гээд зөрчлүүд үүсч эхэлдэг.
Мөн нөгөө талаар гэр бүлийн амьдрал зохиож хүүхэдтэй болж гэр орны ажил ихсэж гэр бүл доторх эхнэр нөхрийн харилцаа халуун янаг дурлалт хосын харилцаанаас өөр харилцаанд шилжих болдог. Энэ шилжилтийн үед эхнэр нөхөр хоёрын төрөлх зан чанар илрэн гарч эхэлдэг бөгөөд зарим нэг үед бүр шал танихгүй хүнтэй ч ханилчихсан юм шиг сэтгэгдэл төрөх удаа ч байдаг. Харилцан бие биедээ буулт хийхгүй буюу хайртай хүнээ ойлгохыг хичээхгүйгээр амьдрал цааш үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй юм.
Б.Эрхэмбаяр