МАН-ын залгамж халаа Н.Алтанхуягийг 14 хоногийн дотор огцруулах гэнэ

altaa МАН-ыг өтгөс буурлаас нь салгаж, шинэ залгамж халаа нь цус сэлбэх ажилдаа ханцуй шамлан ороод буй билээ. Тэгвэл нам доторхоо засаж залруулж буй МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус Н.Алтанхуягаар тэргүүлүүлсэн “Шинэчлэлийн Засгийн газар”-ын хэт туйлширсан үйл ажиллагааг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд улс орныг эдийн засаг, санхүүгийн хямралд оруулж, иргэдийн амьдралыг туйлдуулж буй буруутан нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэж үзэж, огцрохыг шаардаж байгаа аж.
Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл:
1.    Монголын хууль гууль болж, төрийн дархлаа алдагдлаа. Хууль, тогтоомжийг уландаа гишгэсэн олон үйлдлүүд ар араасаа гарч, төрийн албанд хууль бус томилгоо хэрээс хэтэрч, алдаа хариуцлэга эзэнгүйдэж, төрд итгэх иргэдийн итгэлийг хүчтэй сулрууллаа.

2.   Ардчилал, хүний эрх үнэгүйдэж, иргэний өмчийн эрхэнд дур мэдэн халдах боллоо. Иргэний хэвлэн нийтлэх, аж ахуй эрхлэх, эд ХӨРӨНГӨ ЭЗЭМШИХ, захиран зарцуулах, сурч боловсрох эрхэд бүдүүлгээр халдаж, зах зээлийн чөлөөт байдал, бизнесийн бүхий л үйл ажиллагаанд төр хутгалдах боллоо.

3.    Иргэдийн амьдрал доройтож, хулалдан авах чадвар эрс муудлаа. Ус, дулаан, цахилгаанд суурилж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, валютын ханшны хязааргүй есөлт ард түмний нуруунд хүнд ачаа болж байна. Байдал ийм байхад Ерөнхий сайд “Иргэдийн амьжиргаа хоёр дахин нэмэгдсэн” гэхчлэн улайхгүй ярисаар байлаа.

4.    Иргэдийн улс төрийн сонголтыг шүүхийн аргаар булааж дээрэмддэг боллоо. Н.Алтанхуягийн толгойлсон “Упс төрийн тонуучлал”-ийн золиосонд Өвөрхангайчууд төрд хууль ёсны төлөөлөлгүй болж, Хөвстөл, Дорнод аймаг болон Багануур дүүрэг, зарим сумд удирдлагагүй, төсөвгүй байсаар өвөлжилтийг угтлаа.

5.   Үйлдвэр аж ахуйн нэгжүүд хаагдсаар иргэд ажилгүй, орлогогүй болсоор байна. Засгийн газрын алдаатай үйлдэл, буруу үйл ажиллагааны улмаас үйлдвэр, уул уурхайн салбар уналтанд орж, бизнесийн салбар дахь хөрөнгө оруулалт бүрэн зогсож, Тавантолгой хаагдаж, Оюутолгойн төсөл тасалдаж, нүүрсний томоохон уурхайнуудын зогсолтоос улбаалж 10.000 гаруй уурхайчин, уурхайн ажилтан, албан хаагчид ажилгүй болов.

6.   Бизнесийн салбар дахь хөрөнгө оруулалт бүрэн зогсож, аж ахуй эрхлэгчид хууль, шүүхийн далайлгалт, хэлмэгдүүлэлт, баривчилгаанд өртөх айдас дор ажлаа явуулах боллоо. Монгол Улсын гадаад худалдааны алдагдал огцом өсөж, экспортын орлого буурч,төсвийн хөрөнгийг бүрдүүлэгч бизнесийн томоохон салбарууд хаалгаа барьж, үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон нь Засгийн газрын муйхар бодлогын үр дүнг илтгэж, нүүрсний үнийг төрөөс зохиомлоор унагаасан үйлдэл боллоо.

7.   Төрийн албаны зарлага огцом өсөж, төсвийн орлого бүрдүүлэлт 30 гаруй хувиар тасалдлаа. Төсвийн байгууллагын ажилтан, албан хаагчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг Засгийн газраас нэмэгдүүлэх тухай асуудал нэгэнт өнгөрч, харин цалин, тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь тавьж чадахгүй байх нөхцөл бүрдсэн нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эргэж, буцсан байр сууринаас илэрхий байна.

8.   Засгийн газар, Монголбанкны буруутай, бодлогогүй үйлдлээс шууд шалтгаалж валютын ханш сүүлийн зургаан сарын дотор 18 хувиар огцом өсөж, 240 төгрөгөөр нэмэгдэж, үндэсний мөнгөн тэмдэгт хүчгүйдлээ. Ханшийн өсөлттэй хамааралтайгаар бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар огцом буурч, бэлэн мөнгөний хомсдолд орж, эдийн засгийг элгээр нь хэвтүүллээ.

9.   Эзэн Чингисийн нэрийг, ирээдүйтэйгээ хамт барьцаалсан Засгийн газар, монголчуудыг их өрийн давалгаанд бүрэн өртүүллээ. “Өрийн бичиг буюу Бонд”-ыг анхнаасаа төлөвлөлт, бодлогогүйгээр авсан нь улам бүр нотлогдож, үр дүнгүй төслүүдэд зарцуулсаар байгаа нь монголын ирээдүйг өрөнд идүүлж, хүүгийн барьцаанд оруулсан болчимгүй алхам болж бондын мөнгө бороонд урсаж дууслаа.

10.  Бүтээн байгуулалтын ажлууд бүтэлгүйтэж, орон сууцны үнэ огцом өслөө. Орлого олдог бус дэд бүтцийн салбарын томоохон төслүүдэд бондын хөрөнгийг төлөвлөлтгүйгээр урсгаж, үрэлгэн бодлого явуулсан нь аймаг хоорондын болон нийслэл доторхи авто зам, гүүрийн ажил удааширч, чанаргүй зам, барилгууд үнэн төрхөө харуулж, орон сууцны үнийг 20 хувиар өсгөлөө.

11. Боловсролын салбарын бодлого иргэдийг санхүүгийн хувьд туйлдуулагч хэрэгсэл болон хувирлаа. Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр 15-30 хүртэл хувиар нэмэгдэж, ерөнхий боловсролын сургуульд орж чадаагүй, цэцэрлэггүй хоцорсон хүүхдийн тоо огцом өсч, төлбөртэй сургууль, цэцэрлэг бараадах боллоо. 600 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй сурагчийн дүрэмт хувцас шахааны бизнес болсноор орлоггүй иргэд хохирч, олон хүүхэдтэй гэр бүл санхүүгийн дарамтанд бүрэн өртлөө

12. Эрүүл мэндийн салбарын бодлого алдагдаж, эх үрс эндэж, эрсдэлд орох явдал ердийн үзэгдэл боллоо. Бяцхан үрийг шалзлан түлснээс эхлээд эх үрсийн эндэгдлийг бууруулж чадахгүй байгаа салбарын яамны үйлдэлд улс төрийн ямар ч хариуцлага тооцохгүй байгаа нь Монгол хүний амь нас, эрүүл мэнд таяагдан хаягдсан үйлдэл болсоор байгааг нотолж байна.

Иймээс хариуцлага алдсан Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 14 хоногийн дотор өөрийн саналаар огцрохыг ШААРДАЖ байна.

Мөн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газар, Ерөнхий сайдад хариуцлага тооцохыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, УИХ дахь нам, эвслийн бүлэгт УРИАЛЖ байна гэв.

Л.Бадрах

Ugluu logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …