“Босоо Хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд гэх Ц.Баяраа, Г.Батбаяр, Ц.Буяндүүрэн, Э.Төмөрбаатар нар өнгөрөгч 2016 оны тавдугаар сард БНХАУ-ын иргэн Ж-г айлган сүрдүүлж 30 сая төгрөг авсан хэрэг үйлдсэн билээ.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 149.3 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ийн харьяа хорих 0461 дүгээр ангид цагдан хорьж байсан юм.
Эрүүгийн хуулийн 149.3-т зааснаар энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуулиндаа заасан байдаг.
Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч шүүхэд шилжүүлсэн байсан.
Улмаар хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өнгөрөгч даваа гаригт хэлэлцэж шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзсэн байна.
Ингээд шүүгдэгч Ц.Баяраа, Г.Батбаяр, Ц.Буяндүүрэн, Э.Төмөрбаатар нарт гурван жил нэг сарын хорих ял оноож, тус ялыг тэнсэн харгалзжээ.