Ховд аймаг олон үндэстэн ястны өлгий нутаг. Өнөөдөр тус аймагт 13 үндэстэн ястан оршин сууж байгаагаас Ховд сумын нийт иргэдийн 98 хувь нь Казах үндэстэн. 3 дугаар сарын 22 бол хахир хатуу өвөл цагийг өнөтэй давж хаврын урин дулаан улиралтай золгосны баяр буюу Наурызын баяр.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дагалдан яваа хүмүүсийн хамт Ховд сумын ард иргэдийн Наурызын баярт оролцлоо. Энэ үеэрээ Баян-Өлгий аймгийн нийт иргэд болон Монгол орныхоо бүх нутагт амьдран суугаа нийт казах иргэдэд Казах ард түмний үндэсний баярын мэндийг хүргэж, айл өрх бүрт аз жаргал эрүүл энхийг хүсэн мэндчиллээ. Баярын арга хэмжээний үеэр Казах үндэстний баярын арга хэмжээнд Засгийн газрын тэргүүн оролцож байгаад нэн талархалтай хандаж байгаагаа тус сумын иргэд илэрхийлсэн. Мөн өнгөрсөн өвөл 2 удаа хялмаалснаас өөрөөр хураа хайрлаагүй тэнгэр энэ өдрүүдэд хаврын анхны цасыг харамгүй хайрлаж байгааг онцолж хаврын цас шар тос гэж хөдөөгийн ард иргэд билэгшээж байсан юм.
Ховд аймгийн Ховд сумын иргэн А.Шайзаны гэрт Ерөнхий сайд мөн зочилсон. Монгол Улсын Гавьяат эдийн засагч, аймгийн Статистикийн газрын даргаар 33 жил ажилласан ахмад буурай өнөөдөр 5 хүүхдийн хамт сум орондоо энх тунх аж төрж байна.
Zasag.mn