-Бүтэн нэг жил гаруй хугацаанд шалгасан эл хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг өнгөрсөн хоногт Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Харин тэдний хэд нь хуулиас гадуур үлдэх бол-
Өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-ны өдөр АТГ-ын мөрдөгчид Замын-Үүд дэх гаалийн газарт гэнэтийн шалгалт хийж нэр бүхий 36 улсын байцаагчийг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь илрүүлсэн хэрэг гарсан билээ. Өөрөөр хэлбэл, тус газрын байцаагчид гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинуудад хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүй хурдан хугацаанд саадгүй гаргах, мөн татварын хувь хэмжээг бууруулахаар амлан БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн авто машинуудад ачигдсан бараанд төлөгдвөл зохих татварын мөнгийг бүрэн төлүүлэлгүйгээр гаргаж, бусдаас удаа дараа хээл хахууль авч байсныг нь үйлдэл дээр нь илрүүлсэн юм. Дээрх байцаагчид хагас өдөрт улсын төсөвт орох ёстой байсан 50-100 сая төгрөгийг хувьдаа завшсан гэсэн үг.
Уг хэргийг илрүүлэхээс өмнө “Замын-Үүдийн ахлах байцаагч Н.Насанбат хуурамч бүрдүүлэлт хийж их хэмжээний барааг хилээр нэвтрүүлсэн” гэх мэдээлэл АТГ-т ирж байсан юм.
Өөрөөр хэлбэл, урьд өдөр нь хууль бус ажиллагаа нь илэрч ажлаасаа халагдахад хүрсэн зарим байцаагч АТГ-т алтан хошуу өргөж хэргийг илчилсэн байдаг. Энэхүү мэдээллийн дагуу АТГ-аас Ажлын хэсэг гарч Н.Насанбатын хуурамч бүрдүүлэлт хийсэн гэх ачаатай машиныг Чойрт явж байхад нь саатуулж шалгасан байдаг юм. Шалгалтаар ахлах байцаагч Н.Насанбат түүний удирдлагад ажиллаж байсан Дөлгөөн, Насанжаргал, Ганзориг, Эрдэнэбаатар нарын байцаагчид “Норд бенз” маркийн гурван ачаатай автомашины бараанд хуурамч бүрдүүлэлт хийсэн нь тогтоогдсон юм. Гаалийн бүрдүүлэлтийн баримт бичигт дээр машинуудад ачсан бараанд 30 тонн тавилга, 40 тонн чулуун хавтан гэж бичээд, түүнд ногдох хураамжийг авсан юм. Ингээд хуурамч бүрдүүлэлт хийсний хөлсөнд тэд долоон сая гаруй төгрөг авлигад авсан гэх хэрэгт буруутган шалгагдаж байсан билээ.
Ямартай ч ийм нэг гэнэтийн шалгалтад Замын-Үүдийн гаалийнхан бүдрэхийн дээдээр бүдэрч, авлига авсан нь үйлдэл дээрээ баригдаад зогсохгүй маш олон байцаагч уг хэрэгт татагдаж нэг дор 36 хүн ийн шалгагдах болсон юм. Угтаа бол мөрдөгчид энэ тухай мэдээллийг өмнө нь авсан байсан учраас зорчигч маягаар тус боомт руу нэвтэрч гэнэтийн шалгалт хийснээр эл хэргийг илрүүлж байсан юм. Тэгвэл бүтэн нэг жил гаруй хугацаанд шалгагдсан эл хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг нь өнгөрсөн хоногт Сүхбаатар дүүргийн шүүх рүү шилжүүлсэн байна. Мөрдөгчид болон Нийслэлийн прокурорын газраас тэднийг удаа дараа хээл хахууль авсан хэмээн Эрүүгийн хуулийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Тус зүйл ангид зааснаар
268 дугаар зүйл. Хээл хахууль авах
268.1. Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
268.2. Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
269 дүгээр зүйл. Хээл хахууль өгөх
269.1. Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
269.2. Энэ хэргийг давтан, эсхүл хээл хахуулийн хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Бараа ихээр орж ирж буй энэ боомтод ажиллаж буй гаалийн ажилтан ямар нэгэн аргаар хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, эсвэл гаалийн татвараас бараа импортлогчийг ямар нэгэн аргаар чөлөөлчихвөл түүнийхээ шагналд багагүй хэмжээний шан харамж авдаг нь нууц биш. Хэрэв ийм байдлаар “ашиг” олж чадаагүй тохиолдолд татварын хөнгөлөлт эдэлдэг аж ахуйн нэгж байгууллагынхныг дарамтлан өөрийн хийх ёстой ажлаа хийхгүй, тухайн байгууллагынхныг хясан боогдуулж мөнгө олох явдал гарч байсан. Хэдийгээр үүнийг хууль хяналтынхан бага багаар засч залруулж байгаа ч энэ мэт үйл явдал одоо ч байсаар байгааг иргэд олонтаа ярьдаг. Юутай ч Ц нарын нэр бүхий 36 байцаагчийн хэрэг хээл хахууль авах, өгөх гэсэн хоёр зүйл ангиар шүүх рүү шилжлээ. Эдгээр 36 хүний хэнийх нь хэрэг шүүх дээр очиж хэрэгсэхгүй болох бол гэдэг нь анхаарал татах асуудлын нэг. Өөрөөр хэлбэл, АТГ-ын мөрдөгчид газар нь дээр зүсээ хувиргаж очоод яг гаалийн бүрдүүлэлт хийж байхад нь хэргийг нь илрүүлж нотлох баримт болгон маш олон зүйлийг хэрэгт хавсаргасан. Тиймээс л жил гаруйн хугацаанд мөрдөн шалгасан уг хэрэг шүүхийн танхимд очоод зарим нэг хүмүүсийнх нь хэрэг хэрэгсэхгүй болох вий гэсэн хардлага буй юм.
Өглөөний сонин