Энэ сарын 17-ны үүрээр Цайз захын урд замд хоёр машин уралдаж байгаад осолджээ.
Тодруулбал, 48-34 УНН улсын дугаартай Аксент маркийн суудлын автомашин тормоз бариагүйгээс урсгал сөрөн замын хамгаалалтын хашлага мөргөн онхолдож, шатахуун түгээгүүрийн баганыг мөргөн шатаж эхэлжээ.
Осол болох үед ээлжийн үүрэг гүйцэтгэж байсан түгээгч Э.Аззаяа, М.Эрдэнэтуяа нар нь мэргэжлийн туршлагаа ашиглаж, иргэний үүргээ биелүүлэн ШТС-ын анхан шатны багаж хэрэгсэл болох галын хороор галыг шуурхай унтраажээ. Мөн бусад иргэдтэй хамтран онхолдсон машиныг босгож зорчигчийн амь нас, эд хөрөнгийг хамгаалсан байна.
Түргэн тусламжийн эмч нарын хэлснээр, жаахан л цаг алдсан бол жолоочийн амь насанд аюул учрах байсан аж. Түүнчлэн, хэрэв онхолдсон машинд гарсан галыг түргэн шуурхай унтраагаагүй бол хүний амь эрсдэж, цаашлаад шатахуун түгээх станц дэлбэрэлтэд өртөж ч болзошгүй нөхцөл байдалтай байжээ.
Т.Гэрэл
Эх сурвалж: Zaluu.com