Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 29. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 1. Буд гараг. Шийдэм одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр.
Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй .