
ЗГХЭГ-ын дарга асан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнгөрөгч 28-ны өдөр эхэлсэн уг шүүх хурал өчигдөр бүтэн өдөржин үргэлжилж орой 17:20 цагийн үед гэрчүүд мэдүүлгээ өгч дууссан юм.
Ийнхүү өнөөдөр тэднийг шүүх хурал дахин үргэлжилнэ гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм. Г.Дэнзэн нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлахдаа Г.Дэнзэнгийн эхнэр Ч.Уянгын нэр дээр бүртгэлтэй “Говь повер” ХХК-г иргэн Д.Баярмаагийн нэрээр оролцуулан ялуулсан. Эдгээр хүмүүсийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 5.3 тэрбум төгрөгийг “Говь повер” ХХК-ийн данс руу шилжлүүлэн авсан гэх хэрэгт буруутган шүүж байгаа юм.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл