-Я.Батсуурь хуулиараа миний оролцоо тендер сонгон шалгаруулалтад байхгүй гэв-
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох шүх хурал хоёр дахь өдрөө Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Уг шүүх хуралд шүүгдэгчээр “Эрдэс Тавантолгой” ХК-ны гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь, тус газрын худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүү, “Говь Повер” ХХК-ийн захирал Д.Баярмаа, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хууль эрхзүйн хэлтсийн хуульч Т.Төгсбаяр нарын хүмүүс шүүгдэж байгаа юм. Улсын яллагчийн зүгээс Г.Дэнзэнг Я.Батсуурь, Г.Түмэнхүү нарын хүмүүстэй үгсэн хуйвалдаж төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 263.2, 150.3-аар ял оноохоор төлөвлөсөн байгаа билээ.
Г.Дэнзэн: Би Г.Түмэнхүүг сайн танихгүй
Ямартай ч Г.Дэнзэн шүүх хуралд дараах зүйлсийг мэдүүлжээ. Тэрбээр “Би “Говь Повер” ХХК-ийн захирал Д.Баярмаа, хувьцаа эзэмшигч Баярхүү нарыг танихгүй, мэдэхгүй. Үзүүлж буй тэмдэглэлийн дэвтрийн утасны дугаар жагсааж бичсэн хэсгийн 101 дэх хэсэгтэй танилцлаа. Энэ жагсаалтууд миний гараар бичигдсэн байх боловч тэнд бичигдсэн Баярмаа гэгчийг мэдэхгүй байна. Би “Говь Повер” ХХК-д огт оролцоогүй бөгөөд энэ компанитай хамааралгүй. Манай эхнэрийн гэж хэлэгдэх “Говь Повер” компани яаж энэ тендерт орж сонгогдсоныг би мэддэггүй.
Анхнаасаа манай эгчийн компани гараад ирчих болов уу гэж бодож байсан. Харамсалтай нь “Говь Повер” компани гараад ирсэн. Миний бодлоор үнэлгээний хорооны гишүүд олонхынхоо шийдвэрээр л явсан байх. Г.Түмэнхүү болон үнэлгээний хорооны гишүүдэд тэднийг томилсон хүн нь л нөлөөлж чадна. Намайг тус компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсоны дараа манай эгч Г.Улзмаа тус компаниас зарласан гаалийн хяналтын талбайн тендерт оролцоно гэж бодсон юм байна лээ. Тухайн үед миний зүгээс чиглэл өгсөн асуудал байхгүй. Тэгээд манай эгч тэр тендерт орсон байсан. Тендер авахыг хүссэн юм билээ.
Магадгүй хамтран амьдрагч Г.Түмэнхүүтэйгээ тийм зүйлийн талаар ярьсан байж магадгүй. Энэ тендерт “Хар арслан” гэж компаниараа оролцоод тендерт шалгараагүй юм билээ. Миний хувьд тухайн үед Г.Түмэнхүүд хандаж энэ тендерт “Хар арслан” компанийг ялахад нь дэмжлэг үзүүлээрэй гэж хэлж байсан. Сүүлд Г.Түмэнхүү надад хэлэхдээ тендерийн нөхцөл шаардлагыг хангаагүй учир шалгараагүй гэж хэлсэн. Манай эгч Г.Улзмаа надад хэлэхдээ энэ тендерт “Далайн хилэнц”, “Хар арслан”, “Хүсэл мөрөөдөл” гэх компаниудаараа зэрэг ороод аль нэг нь шалгарна. Тэгээд мөнгөтэй болно гэж хэлж байсан. Би Г.Түмэнхүүд эгчийн санал болгосон компаниудаас нэгийг нь шалгарахад дэмжлэг үзүүлээрэй гэж хэлж байсан. Тэгээд сүүлд нь аль нь ч шаардлага хангаагүй гэж Г.Түмэнхүү хэлсэн. Би Г.Түмэнхүү гэж хүнийг сайн мэдэхгүй юм. Энэ хүн Газрын тосны хэрэг эрхлэх газарт мэргэжилтнээр ажиллаж байсан” хэмээжээ. Ямартай ч түүний өгсөн мэдүүлгээс харахад Г.Улзмаа гэгч эмэгтэй Г.Дэнзэнгийн төрсөн эгч. Харин Г.Түмэнхүү нь түүний эгчийн хамтран амьдрагч гэж харагдаж байхад тэрбээр яагаад Г.Түмэнхүүг сайн танихгүй гэж хариулсан нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, эндээс харахад Г.Дэнзэн “Говь Повер” ХХК-ийг эхнэрийнхээ компани гэж огт мэдээгүй хэмээн мэдүүлж байгаа нь хачирхалтай.
Г.Түмэнхүү: Г.Дэнзэн миний эхнэрийн төрсөн дүү
Харин Г.Түмэнхүү “Г.Дэнзэн миний эхнэр Г.Улзмаагийн төрсөн дүү. 2013 онд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерийн Үнэлгээний хороонд би нарийн бичгийн даргаар орж ажилласан. Тендерийн хувьд 14 хоногийн дотор ирүүлсэн матеиарлыг хүлээж аваад үнэлгээний хороо хоёр удаа хуралдан 100 хувийн саналаар “Говь повер” ХХК-ийг шалгаруулсан. “Говь повер” ХХК-ийг Г.Дэнзэнгийн эхнэрийн компани гэдгийг огт мэдээгүй. Тухайн үед би Г.Дэнзэнтэй огт харилцаа байгаагүй. Манай эхнэр Г.Улзмаа өндөр цалинтай ажил байна гэхээр нь би өргөдөл өгч энэ ажилд орсон. Г.Улзмаа хэнтэй ярьсныг би мэдэхгүй. Намайг ажилд орсноос 14 хоногийн дараа Г.Улзмаагийн эгч Г.Одонгэрэл манай хэлтэст томилогдож орж ирсэн” гэж мэдүүлсэн байна.
Өмнө нь сонсогдож байгаагүй нэгэн хэргийг Улсын яллагч Бадамцэцэг уншиж танилцуулав
Г.Дэнзэнд холбогдох урьд нь сонсогдож байгаагүй бас нэг хэрэг шүүхийн танхимд ил болж түүнийг ийн буруутгаж буй аж. Тухайлбал Г.Дэнзэн 2010 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэл жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүү худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа албан тушаалын эрх ашгаа албаны эсрэг буюу хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан өөрийн төрсөн эгч Г.Улзмаа, найз Энхболд нарын нэр дээр үүсгэн байгуулсан, өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” компанийг хууль бусаар сонгон шалгаруулж, улсын төсвийн хөрөнгийн 137 сая төгрөгийг хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгагдаж байна. Энэ нь Улсын яллагч Бадамцэцэгийн уншсан яллах дүгнэлт. Угтаа бол дээрх хэрэг мөрдөн байцаалтын явцад ил болж байгаагүй нэгэн шинэ хэрэг гэсэн үг.
Г.Дэнзэн: Сонгон шалгаруулалтын процесс хуульд заасан журмын дагуу явагдсан
Харин энэ талаар Г.Дэнзэн шүүхэд дараах мэдүүлгийг өгсөн байна. Тэрбээр “Тэргүүн шадар сайд тушаал гаргаж, энэхүү худалдах, худалдан авах үнэлгээний хороог томилж, үнэлгээний хорооны даргаар миний бие томилогдсон. Үнэлгээний хороонд орж ажилласан гишүүдийн нэрсийг чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албанаас санал болгосон байсан. Түүнийх нь дагуу үнэлгээний хороо томилсон байсан. Тухайн үед үнэлгээний хороо хуралдаж жагсаалтад дурдагдсан нэр бүхий худалдан авалтуудыг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу зохион байгуулсан. Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тоннын пүү худалдан авах сонгон шалгаруулалтыг нээлттэй тендер шалгаруулалтын зарчмаар сонгон шалгаруулсан. Нарийн процессуудыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан зарыг нь тавиад олон компани хүсэлтээ өгч өрсөлдсөн байх. Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тонн пүү нийлүүлсэн “Эн ай ди би” компанид миний хувьд ямар нэгэн шууд оролцоо байхүй. Сүүлд 2011 онд манай эгч Г.Улзмаагийн оролцоотой компани байсныг мэдсэн. Тэр компанийн дотоод үйл ажиллагаа яаж явдгийг би мэдэхгүй. Энхболдыг сайн танихгүй Сонгон шалгаруулалтын процесс хуульд заасан журмын дагуу явагдсан. Манай үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын нарийн үйл ажиллагааг хариуцаж ажилласан байдаг” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч Я.Батсуурь, Г.Дэнзэнг үнэлгээний хороонд нөлөөлсөн байж болзошгүй гэв
Харин шүүгдэгч Я.Батсуурь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-нд захирлаар томилогдсоны дараа нэр бүхий хэд хэдэн хүнийг Ардчилсан намаас ажилд томил гэж байна. Энэ хүмүүсийг томил гэж ТУЗ-ийн дарга Г.Дэнзэн надад үүрэг өгсний дагуу Батзоригийг Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн газрын захирлаар, Г.Түмэнхүүг Ханган нийлүүлэлтийн газарт мэргэжилтнээр, мөн Дэнзэнгийн эгч Г.Одонгэрэл нарыг ажилд авсан. Тендерийн сонгон шалгаруулалт хууль бус юм бол Үнэлгээний хорооны гишүүдэд хөндлөнгөөс өөр албан тушаалтнууд нөлөөлөх боломжтой. Дээрх компанийн тендерийн асуудалд Г.Дэнзэн өөрөө үнэлгээний хороонд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Хуулиараа миний оролцоо тендер сонгон шалгаруулалтад байхгүй. Үнэлгээний хороо бие дааж хараат бусаар явуулах үүрэгтэй. Ингээд үнэлгээний хорооноос шалгаруулсан “Говь повер” компанитай гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах гэрээг миний бие 2013 оны эхээр байгуулсан. Гэрээнд зааснаар “Говь повер” компани манай экспортод гаргах нүүрсийг өөрийн гаалийн хяналтын талбайд буулгаж хэмжиж, пүүлж жигнээд гаалийн бүрдүүлэлт хийж дахин ачиж өгөх үйл ажиллагааг хариуцах үүрэг хүлээсэн” гэх мэдүүлгийг өгсөн.
Товчхондоо бол түүний хэлж буйгаар Г.Дэнзэн өөрийн эхнэр Г.Уянгын “Говь повер” компанид хөндлөнгөөс нөлөөлжээ гэж ойлгогдохоор буй юм.
Улсын яллагчын зүгээс Г.Дэнзэнг тендерийн баримт бичгийг Г.Түмэнхүүгээр боловсруулуулан хууль бусаар зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгүүлсэн гэж үзжээ
Тэгвэл улсын яллагчийн зүгээс буруутгаж буй гол үндэслэл нь Г.Дэнзэнг “Говь Повер” компанид давуу байдал олгосон тендерийн баримт бичгийг Г.Түмэнхүүгээр боловсруулуулан хууль бусаар зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгүүлж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.3.4 дэх хэсэгт заасныг зөрчин тухайн компанийг хууль бусаар сонгон шалгаруулуулсан, 2013 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн Гаалийн хяналтын бүс байгуулах тухай тогтоол гарч “Эрдэнэс Тавантолгой” компаниас цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт цаашид Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болсны улмаас “Говь Повер” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан байхад гүйцэтгэх захирал Д.Баярмаагаар гэрээ цуцалсантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” компаниас Гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг алдагдал зэрэг нийт 7.4 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхийг шаардсан хууль бус нэхэмжлэлийг шүүхэд гаргуулсан, мөн Я.Батсуурийн 2013 оны долоодугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэгдсэн хүнээр томилогдсон тус компанийн хууль эрхзүйн хэлтсийн хуульч Т.Төгсбаяр нарыг тус иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцуулж “Эрдэнэс Тавантолгой” компани нь “Говь Повер” компанийн нэхэмжилсэн 7.4 тэрбум төгрөгөөс 5.3 тэрбум төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700 сая төгрөгийг хасч үлдэх 4.8 тэрбум төгрөгийг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 4.1 сая төгрөгийн 50 хувь буюу 2 тэрбум төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдлаар хууль бус эвлэрлийн гэрээ байгуулуулсан, түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанид нийтдээ 5.5 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан” гэх үндэслэлүүдээр буруутгажээ.
Д.Баярмаа: “Говь Повер” ХХК-ийг Г.Дашдондог гэдэг хүнээс нэг тэрбум төгрөгөөр 2013 онд худалдаж авсан
Харин шүүгдэгч Д.Баярмаа “Миний бие “Эрдэнэс Тавантолгой” компанитай Гаалийн хяналтын бүсэд агуулахын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээнийхээ дагуу ажилласан. Ажиллах явцад биднээр нэмэлт их хэмжээний ажил хийлгэсэн. Түүнээс биш манайд үйлчилгээ үзүүлэх хэмжээний талбай, тоног төхөөрөмж байсан. 2012 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэлх тайланд тодорхой тусгасан байдаг.
Энэ их хэмжээний ажлыг хийж гүйцэтгэхэд манай компаниас 3.5 тэрбум орчим төгрөгийн зардал гарсан. Үүнийг болон гаалийн хяналтын талбайн газрынхаа үнийн хамт нэхэмжилсэн. Түүний дагуу шүүхийн шийдвэр гарч мөнгөө авсан. “Эрдэнэс Тавантолгой” компаниас шаардлага тавьж нэмэлтээр хийлгэсэн ажлуудыг зөвхөн өөрсдийнхөө зардлаар хийсэн. Тэгээд ч “Эрдэнэс Тавантолгой” ХХК энэ талбайг авснаараа завшсан зүйл байхгүй. Оруулсан хөрөнгө оруулалтаа ч буцааж авсан. Би эд хөрөнгө завшаагүй, эрх мэдлээ урвуулахад нь хамтраагүй. Миний бие гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллая гэж бодоод “Говь Повер” ХХК-ийг хүн зарна гэснийг сонсоод худалдаж авсан.
Энэ компанийг урьд нь таньдаг байсан Г.Дашдондог гэдэг хүнээс нэг тэрбум төгрөгөөр 2013 оны нэгдүгээр сард худалдан авч байсан. Компани худалдан авсан төлбөрийн 200 саяыг бэлнээр шууд өгсөн. Үлдэгдлийг нь цувуулж өгөхдөө заримыг нь бэлнээр, бэлэн бусаар сууц тооцож өгч байсан. Би Г.Дэнзэнтэй ямар ч харилцаа холбоо байхгүй” хэмээн мэдүүлжээ.
Тэгэхээр Д.Баярмаагийн өгсөн мэдүүлгээс харахад “Говь Повер” ХХК Г.Дэнзэнд ямар ч хамааралгүй мэтээр харагдаж байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудал Г.Дэнзэнг ямар ч хамааралгүй болохыг нотлож буй юм. Ямартай ч дээрх зүйлс шүүгдэгчдийн шүүхийн танхимд өгсөн мэдүүлгийн хэсэг. Хэдийгээр шүүгдэгчид тухайн болсон үйл явдлыг мэдүүлж байгаа ч шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэг болон Улсын яллагчийн байр суурийг сонсож зөв, бурууг нь дэнслэх юм. Хэрвээ тэдний гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн ялаар шийтгүүлж эд хөрнгөө хураалгах юм. Дугаар шилжих мөчид гэрчүүд мэдүүлгээ өгч дууссаны дараа шинжээч нар хурлыг цааш үргэлжлүүлсэн хэвээр байсан юм.
Эх сурвалж: