Гадаадын иргэн, харьяатын газраас 2017 оны төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтууд явуулж эхэлжээ. 2017 оны эхний сарын шалгалтаар хувийн ажлаар оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж буй вьетнамчуудыг олж илрүүлэх ажлын хүрээнд 29 аж ахуй нэгжийн 72 вьетнам хүмүүсийг шалгасан байна.
Шалгалтаар Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хэтрүүлсэн БНСВУ-ын 2 иргэнийг илрүүлэн нутаг буцаах арга хэмжээг цаг алдалгүй авчээ. Шалгалтад орсон хүмүүс, аж ахуй нэгжүүд нь ихэвчлэн авто машины засварын газар болон түүнд ажиллагсад байсан байна.
Мөн энэ оны гуравдугаар сард тус газраас боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудад хөдөлмөр эрхэлж, суралцаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт явуулсан байна. Тус шалгалтад 67 байгууллагын 35 орны 783 иргэн хамрагдсанаас Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй гадаадын 3 орны 6 иргэнийг илрүүлж Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсаас албадан гаргах арга хэмжээг авахаар төлөвлөн ажилласан аж.