Нийслэлд ирсэн, гадна дотны зочдыг угтах эхлэл болсон Хан-Уул дүүргийн иргэд бусад дүүргүүдээс урьтан хаврыг хоггүй угтах аяныг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.
Өнгөрсөн амралтын өдөр буюу 2017 оны 04дүгээр сарын 08-ны өдөр уг аяны хүрээнд Маршалын гүүрнээс Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэлх Туул голын сав дагуух хог хаягдлыг бүрэн цэвэрлэлээ.
Туул голын ойр орчмын газар, эрэг хавийг бүхэлд нь хамарч, цэвэрлэсэн энэхүү их цэвэрлэгээнд ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, түүний дэргэдэх хэлтэс, албадын албан хаагчид болон төр болон хувийн хэвшлийнхэн, сайн дураараа хамрагдсан иргэд гээд 770 гаруй хүн нэгдлээ.
“Хоггүй Хан-Уул” аян нь орчны болон агаарын бохирдлыг арилгах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдал цэвэрлэх, ачиж тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго агуулж, түүндээ хүрч ажиллаж байгаагийн нэгэн сайн үлгэрлэл, бодит ажил өнөөдрийн олон нийтийг хамарсан цэвэрлэгээ байлаа.
Ялангуяа нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон хотын төвөөр урсаж буй Туул голоо хамгаалах, орчныг цэвэр байлгахад хүн бүрийн сэтгэл, үүрэг чухал болохыг өнөөдрийн зохион байгуулсан олон нийтийн ажил харуулсан гэж болно.
Тунгалаг Туул голоо хайрлан, хамгаалж, эрэг орчимд нь хог хаяж бохирдуулахгүй байхыг Хан-Уулчууд, нийслэлчүүд та бүхэндээ уриалж байна.