Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 11. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 15. Ангараг гараг. Тугчин одтой, нэг цагаан мэнгэтэй шар луу өдөр.
Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.