“Жи-Тайм” сүлжээний бизнест орж, их хэмжээний мөнгөө алдаж сэтгэл санаа, эд материалын хохирол амссан иргэдийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийсэн. Тэд энэхүү сүлжээний бизнесийн үйл ажиллагааг төр хүчээр зогсоосноос болж иргэд хөрөнгө мөнгөөрөө хохирч үлдлээ гэдгийг онцолсон юм. Өөрөөр хэлбэл сүлжээний бизнест итгэж мөнгөө алдсан иргэд төр засгийг буруутгалаа.
Учир нь дээрх сүлжээг анх орж ирэхэд нь улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг. Тэр ч байтугай Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүртэл шагнал, батламж гардуулж байсан нь олон нийтийн итгэлийг төрүүлсэн. Харин энэхүү сүлжээ цааш үргэлжилж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан бол өнөөдрийн энэ хүнд байдалд олон хүн орохгүй байсан гэлээ.
Тэдний хэлж буйгаар “Уг сүлжээнд гишүүнээр элсэхийн тулд өндөр хүүтэй зээл авч, байсан хөрөнгөө барьцаалсан иргэд өнөөдөр хаашаа хэнд хандахаа мэдэхгүй болсон аж. Иймээс хууль хяналтын байгууллага асуудлыг шалгаж дуусахыг хүлээхэд хүнд, байдал хурцадмал болсон тул тэд нэгдэж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах, санхүүгийн хүнд байдлаас гарахын төлөө тэмцэхээр болжээ. Төр засгаас албан хүчээр зогсоосны улмаас иргэд маш хүнд байдалд ороод байгаа учир төр өөрөө зөвшөөрөл өгсөн компанийн үйл ажиллагааг яаралтай сэргээхийг хүсэж буйгаа хэвлэлийн бага хурлаар дамжуулан уламжилсан юм.
Түүнчлэн хэвлэлийн бага хурлын үеэр тус сүлжээний бизнесийн гишүүд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байх үед арван мянган иргэн элсч, улсад 1.3 тэрбум төгрөгийн татварыг төлсөн ийм компанийн үйл ажиллагааг зогсоосон нь санаатай үйлдэл хэмээн бухимдлаа илэрхийлэв. Өнгөрсөн хугацаанд мянга гаруй хүн 20 сая төгрөгийг авсан. Энэ хэрээр олон айлын амьжиргаа дээшилсэн, харин үйл ажиллагааг нь гэнэт зогсоосноос болоод олон айлын амьдрал орвонгоороо эргэж байна гэсэн юм.
Тэгвэл Казахстаны “Жи-Тайм” сүлжээ Монголд үйл ажиллагаа явуулж, цөөнгүй иргэнийг хохироосонтой холбоотойгоор УМБГ-аас тус аж ахуйн нэгжийн удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тиймээс тус сүлжээний бизнесийн гишүүд гэх Н.Тогоохорол, Л.Нинжмядаг, Ж.Анхтуяа, Н.Энхцэцэг, Лхамцэцэг нар мэдээлэл хийсэн юм. Тэд УМБГ-аас хэрэг шалгахдаа компанийн үйл ажиллагааг зогсоосны улмаас жамаараа ашгаа өгөөд явах байсан “Жи-Тайм” алдагдалд орж, элссэн иргэд улам хохирч байгааг хэлсэн. Тухайлбал, Н.Тогоохорол “Монголын маш олон насны хүмүүс энэ Казахстанд төвтэй “Жи-Тайм” компанид 135 мянгаас хоёр сая гурван зуун мянга хүртэлх хөрөнгө оруулалт хийж онлайн худалдаа эрхэлж байсан. Үүнийг төр засгийн зүгээс албан хүчээр зогсоосны улмаас иргэдийн дунд хурцадмал байдал үүсээд байна. Энэ компанийн үйл ажиллагааг зогсоосноос болж Жи-Тайм биш тэнд элссэн ард түмэн, 12 мянга гаруй гишүүд хохирч байна. Гэтэл төр 2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд албан ёсоор улсын бүртгэлийн гэрчилгээ авч, улсад татвараа төлсөн энэ компанийг төр яагаад хүчээр зогсоож, царцааж, энэ олон хүмүүсийг хэлмэгдүүлж байгаа юм бэ” гэв.
Харин Л.Нинжмядаг “Миний хувьд энэ сонголтыг хийхэд үндэслэл байсан. Энэ бол маш баталгаатай учраас элссэн. Би энд элссэнээр өөртөө ч улс эх орондоо ч хөрөнгө оруулалт хийж болох боломжтой учраас таалагдаад орсон. Өнөөдөр энэ үйл ажиллагааг зогсоосноос болж маш олон ах дүүс муудалцаж, гэр бүл салж, зарим нь бүр амиа хорлохыг завдлаа. Одоо бид яах ёстой вэ” гэж хэлсэн юм.
Хуралд ирсэн гишүүн Лхамцэцэг “Нийгэм энэ хүмүүсийг харахдаа тэнэг мулгуу, луйварчиндаа энэ бизнест орчлоо гэж үзэж байна. Гэвч үнэндээ тийм биш, энэ бизнесийн үр ашгийг мэддэг, үр нөлөөг нь харж чадсан итгэсэн болохоороо орсон юм” гэсэн бол Н.Энхцэцэг “Энэ Жи-Тайм компани орж ирсэн гол шалтгаан нь ард түмэн нэн ядууралд орсон. Эдийн засаг унаж түүний хажуугаар нам дагасан цомхотголууд явагдаж хүмүүс ажилгүй байх үед орж ирсэн учраас гуравхан сарын дотор арван мянган гишүүнтэй болсон. Ийм бизнес Монголд байна уу? Дэлхий нийтээрээ глобалчлагдаж байхад яагаад өөрийнхөө сонгосон бизнесийг чөлөөтэй явуулж болохгүй байгаа юм бэ” хэмээн байр сууриа тус тус илэрхийлсэн юм.