АН-ын дарга С.Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд “харшилтай”

АН-ын дарга С.Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд “Харшилтай”

Газрын хууль бус наймааг илчилсэн олон баримт өнгөрсөн хугацаанд ил болж байсан. Тэгвэл энэ удаа өнгөрсөн долоо хоногт асуудал үүсгээд байсан Сүхбаатар дүүрэгт байрлах Хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн эзэмшил газраас 900 м2-ыг нь хэрхэн яаж авах гэж байсан тухай баримтыг олон нийтэд ил болгож байна. Тухайлбал, тус сургуулийн 900 м2 газрыг одоогийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга асан Ш.Төмөрбаатарт дараах хүсэлтийг гаргаж дээрх газрыг авч байжээ.

Тодруулбал, “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд баригдах Нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээний барилга нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр баригдах тул газар өмчлөх эрхийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэр дээр гаргаж өгнө үү. Иймд Сүхбаатар дүүргийн нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээний барилгыг Хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн газраас шилжүүлэн авсан газарт барих холбогдох зөвшөөрлийг олгож өгнө үү” хэмээн удаа дараа албан бичиг илгээсний дагуу 2015 оны арванхоёрдугаар сарын 4-ны өдөр ийнхүү 143052/0126 18644312221705 дугаар бүхий 900 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар ийнхүү эзэмшүүлэх шийдвэр гарч байжээ. Хамгийн хачирхалтай нь тус хүсэлтийг нь хангасан сайд, дарга нар тухайн үед 29 дүгээр сургуулийн 900 м2 газрыг олгохдоо бүгд нэгэн дуугаар “Бүх зүйл хууль дүрмийн дагуу явагдсан учраас олгох нь зүйтэй” гэж гарын үсгүүдээ зурж, өдгөөгийн баримт болгон үлдээсэн байдаг.

Тэгвэл уг захирамж нь Газрын тухай хуулийг зөрчин төрийн байгууллагаас төрийн байгууллага руу шилжүүлсэн хууль бус үйлдэл байжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсдаа ганцханд тооцогддог тусгай сургалттай сургуулийн эзэмшилд төрийн байгууллага оффистой болохын тулд ийнхүү газрыг нь авч байгааг нь хууль бус үйлдэл хэмээн хотын дарга С.Батболд үзэж энэ сарын 5-ны өдөр өмнө нь гарсан захирамжийг хүчингүй болгосон.

Тэрбээр газрын захирамжийг хүчингүй болгохдоо дараах хуулийг барьжээ. Тодруулбал, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн захирамжлах нь:

1.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн эзэмшлийн газраас 900 м2-ыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст эзэмшүүлэхээр шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 35.2-т заасныг зөрчсөн тул “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэгж талбар хуваах, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн А/937 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох 10 дахь, Хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай сургуульд холбогдох 11 дэх хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2.Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгож, гэрээг цуцлан холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунд даалгасугай” хэмээсэн юм.

Хэрвээ Хотын даргын А/184 тоот бүхий захирамж энэ сарын 5-ны өдөр гараагүй бол өдийд Хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд барилгын ажил эхэлж ирэх намар гэхэд олон давхар оффиссын байр сүндэрлэн босох байсан бололтой. Ямартай ч тус сургуулийн хашаанд барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан сурагчдын эцэг, эхчүүд гомдол гаргаж нийслэлийн удирдлагуудад мэдэгдснээр дээрх ажлыг ийнхүү яаралтай зогсоох арга хэмжээ аваад зогсохгүй хууль зөрчин газар олгосон олон даргын ээлжит булхайг зогсоож чадсан билээ.

Хамгийн гол нь тус сургуулийн хашаанд АН-ын дарга С.Эрдэнийн хэлсэнчлэн “Нийгмийн хамгааллын төв”-ийн барилга баригдах байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Хэрвээ уншигчид санаж буй бол 2015 онд хүүхдийн паркийн газраас хумсалж авсан газарт анх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв барихаар авсан ч зориулалт нь өөрчлөгдөж өдгөө “Шонхор тауэр” болон хувирсан билээ. Тодруулбал, тэрбээр 2010 оны зургаадугаар сарын 29-ний өдөр “Төгс эрдэм сан”-гийн нэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжилд зориулсан сургалтын төв барина хэмээн анх газар болон барилга барих зөвшөөрлөө авч байсан. Гэтэл тус барилга нь ашиглалтад орсныхоо дараа зүсээ хувиргаж С.Эрдэнийн гэх тодотголтой 13 давхар түрээсийн оффис болон хувирсан байдаг. Түүний энэхүү барилгатай холбоотой тухай олон сөрөг мэдээлэл хэвлэлээр гарч байсан учраас дахин нурших нь илүүц байх.

Ямартай ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигтай ямарваа нэгэн сэжмээр холбогдчихдог С.Эрдэнэ дарга сайдын сэнтийд сууж байхдаа 29 дүгээр тусгай сургуулийн 900 м2 газрыг авахаар онилж байсан ч энэ удаа бүтэлгүйтлээ. Уг нь тэрбээр өнгөрсөн хугацаанд төрийн том том албан тушаалыг хашсан хэрнээ Газрын тухай хуулийг зөрчөөд зогсохгүй төрийн байгууллагаас төрийн байгууллага руу шилжүүлдэггүй хууль дүрэмтэй гэдгийг мэдээгүй нь хачирхалтай. Ямартай ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээр шоу үзүүлбэр хийж гаршсан АН-ын дарга С.Эрдэнийн явуургүй үйлдлийг хотын дарга С.Батболд хазаарлаж чадлаа.

Р.Саруул

Эх сурвалж: Өглөөний сонин

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …