Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатартай ярилцлаа.
-2012 оны энэ өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлэн баривчилж байснаас хойш таван жил өнгөрчээ. Эргэн сөхөхөд ямар дүгнэлт хийж байна?
-2012 оны дөрөвдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 500 орчим цагдаагийн хүчээр хоёр давхар бүслэлт хийж Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын гэррүү балмадаар дайрч орсон. Ингэхдээ зэвсэг хэрэглэж, төрийн тусгай албаны бүрэлдэхүүнтэйгээр гэр орныг нь сандааж, хүмүүсийн эрх чөлөө, бие махбодид халдсан. Орчин үеийн ардчилсан гэж нэрлэж байгаа Монгол Улсад гарсан, гурван сая монголчуудын сэтгэл санааг сэвтүүлсэн, олон нийтийн анхаарлыг татсан онцноцтой үйл ажиллагаа байсан. Тухайн үед радио телевизийн мэдээ хараад, олон түмний дуудлагаар тийш очиж шөнөжин тэнд байсан.
Монголын болоод хүн төрөлхтний түүхэнд мөнхөд бичигдэж үлдэх ийм адал балмад үйл ажиллагааг тухайн үеийн МАНАН-гийн улстөрчид давхар үйлдэж, зохион байгуулж, хэлмэгдүүлэлтийг явуулсан. МАХН-ын дарга Н.Энхбаярыг бараг жил гаруй мөрдөж, дараа нь гурван шатны шүүхээр явсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа ТВ-9 телевизээр бүрэн харуулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан ямар нэг гэмт үйлдэл, хууль зөрчсөнэрүүгийн гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байхгүй байна гэдэг нь тогтоогдсон. Захиалгат хууль хяналтын байгууллага, АТГ, цагдаа, прокурор, шүүхийн байгууллага дээрээс өгсөн удирдамж, заавар, шахалтын дагуу ажиллаж, тэр хүнийг хэлмэгдүүлсэн болохоос бодит үйлдлээр бол ийм хэрэг байхгүй.
–Таван хавтаст хэрэг үүсгэснээс шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон ч хоёр асуудлыг түүнд зүүсээр ирсэн нь ямар учиртай вэ?
-Захиалгат зүйлүүд нь нотлогдохгүй, тогтоогдохгүй болохоор хууль, хяналтынхан арга ядахдаа хэрэг болгож үлдээсэн зүйл нь нурсан барилгын асуудал. Гэтэл газар нь нийслэлийн өмч хэвээр байсан. Гэрчилгээ нь өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл тэнд менежментийн баг ажиллаж байсан. Түүнд нэр нөлөө бүхий Монголын улстөрчид, түүний дотор нэгэн үе УИХ-ын дарга, зарим сайд байсан хүн орсон юм билээ. Явцын дунд менежментийн багт өөрчлөлт орсон. Түүнийг Н.Энхбаяр болоод бусад хүн аваагүй, нийслэлийн өмчлөлд байсаар ирсэн. Дараагийн нэг асуудал нь “Өргөө” зочид буудал. Бас л орон нутгийн өмч, өмчлөлийн гэрчилгээтэй. Энэ хоёрын аль нь ч өмчийн юм уу, ашиглалын гэмт хэрэг биш. Тухайн өмчийг өөртөө хууль бусаар шилжүүлэн авсан үйлдэл байхгүй. Тэгэхээр илт улс төрийн захиалгатай, сөрөг хүчний удирдагч, олон нийтэд нэр хүндтэй, хийсэн бүтээсэн зүйлтэй хүнийг харлуулах, нэр төрийг гутаан доромжлох, улмаар улс төр, бизнесийн тодорхой бүлэглэл нийгмийн аюултай хүн болгож харагдуулах гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зогсоо зайгүй балбаж ирсэн. Дараа нь түүнийгээ баримт болгож, хэрэг гэгч юм үүсгэсэн. Ингэснээрээ олигархи бүлэглэл Тавантолгойг өөрсдийн эзэмшилд оруулах гэсэн, Оюутолгойн 51 хувийг Монголын ард түмний мэдэлд байлгахыг шаардсан Н.Энхбаярын шаардлагыг эсэргүүцэн, цаагуураа үгсэн хуйвалдсан ийм л зүйл бодит байдалд байсан.
–Албан тушаалаа ашигласан гэж ял тулгадаг шиг билээ. Тэр нь юу болох нь тодорхойгүй?
-Эрүүгийн хуулийн 263 т заасан албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл тогтоогдоогүй. Ерөнхийлөгч эрхмэдлээ хэтрүүлсэн байвал нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэцийн асуудал. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчид ямар эрх өгсөнбэ, Үндсэн хуулиар. Юуг нь хязгаарласан юм бэ гэдэг хуулийн зохицуулалт байдаггүй. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 263 гэдэг зохиомол зүйл. Гэхдээ захиалгат шүүх, захиалгат хэрэг мөрдсөн прокурор, АТГ нийлж Н.Энхбаярыг хэлмэгдүүлээд таван жил болж байна. Монголын ард түмний дийлэнх олонх нь ойлгосон. Тодорхой цаг хугацааны дараа энэ хэрэг цагаатгагдах нь огтхон ч эргэлзээгүй. 1937-1938 оны хэлмэгдүүлэлтийн үеийн хэргийн олон хүний цагаатгал дээр би Улсын ерөнхий прокурорын газрын дарга байхдаа ажилласан. Түүнд худал мэдүүлэг зүүж,өөрөө хэрэг хүлээсэн байдлаар шийтгүүлсэн 30 гаруй мянган феодал гэж хэлэгддэг язгууртан болон монголтөрийн ажилтнууд байсан. Түүний үргэлжлэл, золиос ардчилсан гэж байгаа XXI зуунд Н.Энхбаяр дээр хэрэгжсэн. Эрх баригчид, тухайлбал МАН-ын удирдлага, АН-ын дарга нар, төрийн өндөр албан тушаалтай хүмүүс нийлж хуйвалдаж ийм бохир зүйлийг зохион байгуулсан. Үүнээс болж Монголын айл өрх бүр, хүн болгон бухимдсан. МАХН-ын гишүүд, дэмжигчид, шударга ёсыг үнэлж явсан хүмүүсийн төрд итгэх итгэл унасан. Төрийн нэр хүнд доод шатандаа хүртэл уналаа. Энэ хооронд юу болов гэвэл авлига цэцэглэн хөгжлөө. Монгол Улсын өрийг тухайн үед Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа 2003 онд 100 хувь чөлөөлүүлж, 11 тэрбум ам.долларын өрийг байхгүй болгосон. Газрыг айл бүрт хувьчилсан. Мянганы замыг барьж байгуулж эхэлсэн. Энэ бүх ажил ямар нэг хэмжээгээр тасалдаж, өнөөдөр Монгол Улс 25 тэрбум ам.долларын гадаад өртэй болж, нэг хүн 20 сая төгрөгийн шууд өртэй болж, хорвоод мэндэлж буй хүүхдүүд төрөнгүүтээ өртэй болж байна. Монгол Улсыг ингэж сүйрүүлсэн, ард түмнээ хагалсан, бие биеийнх нь эсрэг турхирсан, хүн амын дотоод зөрчлүүдийг бий болгосон, хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг худалдаж авсан гашуун үйл явдал гарчээ. Энэ гажуудлыг аль болох хурдан залруулах хэрэгтэй.
–Гарц байна уу?
-Монголын улс төрийн лидерүүд, ялангуяа монголчуудынхаа төлөө сэтгэл зүрхээ гарган ажилладаг төрийн түшээд, тухайлбал Н.Энхбаярыг улс орныхоо амьдралд идэвхтэй оролцох боломж, бололцоогоор хангаснаар энэ нөхцөл байдал хангагдана. Таван жилийн өмнө болсон бохир завхралыг нэн даруй зогсоохыг УИХ, Засгийн газар,Ерөнхийлөгч, хууль, хяналтын байгууллагынхнаас МАХН-ын нийт гишүүд, Монголын шударга олон түмний нэрийн өмнөөс бид шаардаж байгаа.
–Улс төрийн хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилж байгаа гэж үзэж болох уу?
-Өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулиар хэдийгээр хилс хэрэг байсан ч Өршөөлийн хуулиар шийдэгдэж, ялтайд тооцох хугацаа байхгүй болсон байтал цагдаагаас хууль бус бичиг гаргуулж, СЕХ нь хууль бус шийдвэр гаргаж, сонгуульд оролцуулаагүй. Иргэний сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн. 2017 онд ийм оролдлого хийх гэж байгаа гэсэн мэдээллүүд байдаг. Үүнийг Монголын ард түмэн, нийгмийн шударга хэсэг хүлээж авахгүй. Монголчуудаа сонгуулийн өмнө хагалж, зөрчилдүүлж,бослого хөдөлгөөн гарахад хүргэх ийм аюул байгааг төрийн сэнтийд сууж байгаа хүмүүс сэхээрч, шударгаар шийдэх ёстой гэж үзэж байна. Харин үүний оронд оффшорчдоо, авлигачдаа, төрийн албыг худалдаж байгаа хүмүүстээ хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Оффшорын мөнгийг татаж авчирч, монгол хүн бүрт ногдох 14-15 сая төгрөгийг тэр хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэх, хөгжил, цэцэглэлтийн төлөө зарцуулах ёстой. “Бид татвар багасгана, цалин тэтгэвэр нэмнэ, эрчимтэй хөгжлийг авчирна” гэж Монголын ард түмнийг хуурч засгийн эрх авсан МАН-ын удирдлагууд өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой. Ард түмнээ залилан мэхэлж болохгүй. Энэ үндэслэлээр тэр хүмүүс Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл ангиар хуулийн хариуцлага хүлээх боломжтой. Сонгуулиар асар их мөнгө тараалаа. Нэг хүний 20 мянган төгрөг, захын дэлгүүрүүдэд байгаа ард иргэдийн авсан зээлийн өрийг дараалан төлж, төрөө барих эрхийг нь худалдан авч, дийлэнх олонхиороо засаг, төрийн эрхэнд гарч саарал ордон авлигачид, оффшорчдоор дүүрлээ. Монголын ард түмэн туйлдаж байна.Ард түмнийхээ төлөө, шударга ёсны төлөө явсан Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна. Саарал ордонд байгаа гэмт хэрэгтнүүдийг өнөөдөр Монголын шүүх дуудах ёстой. Оффшорын мөнгийг оруулж ирэх ёстой. Гэмт хэрэгтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Иймээс монголчуудаа, эх орончдоо сэрцгээ. Монголын ард түмэнд авлигачид, оффшорчидтой тэмцэх эрх нь байгаа. Харин шударга ёсны төлөө, Оюутолгой, Тавантолгой, Монголын байгалийн баялгийг монголчууддаа өгөх гэж тэмцсэн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг нэн даруй цагаатгаж, улс төрийн сонгуульд оролцох бололцоо, нөхцлийг нь ханга. Хэрэв ингэхгүй бол бид Улаанбаатарт очиж Сүхбаатарын талбайг дүүртэл жагсана шүү гэж сая хөдөө орон нутагт явахад иргэд хэлж байна. Бодит байдал ийм байна.
Монголын ард түмэн энэ хэлмэгдүүлэлтийг няцааж байна. Жинхэнэ гэмт хэрэгтнүүд, оффшорчид төрийн ордноор дүүрснийг бид шүүмжилж байна. Энэ хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэ. Байгалийн баялгаа ард түмэнд зориул.Хүний эрх, шударга ёсыг дээдэлж ажиллахыг Монголын нийгэм шаардаж байгаа. Оффшорын эсрэг хөдөлгөөнд1990 оноос хойш 30 шахам мянган хүнийг анх удаа цуглуулж байна шүү дээ. Энэ гарцаагүй Монголын ард түмний бухимдал. Энэ нийгмийг өөрчлөх гэсэн галт тэрэг хөдөлчихсөн. Үүнийг зогсоох гэж муйхарлаад юм уу, үүнд цагдаа, хууль хяналтынхныг татаж оролцуулах гэсэн ойворгон байдлаасаа татгалзахыг би эрх баригчдад уриалж байна. Оффшорчид, авлигачдын эсрэг тэмцэх шаардлагатай. Жирийн иргэн үүнийг хүсч байна. Өөрийгөө шударга, эхоронч гэж үздэг бүх хүн тэмцэх ёстой, босох хэрэгтэй. Хэлмэгдлийн хар өдөр тав дахь жилдээ тохиож буй энэ өдрүүдэд монголчуудаа Сүхбаатарын талбайд ирэхийг уриалж байна. Төрийн албан хаагч, жирийн иргэн хэн ч шударга ёсны төлөө жагсахад түүнийг хэн ч буруутгаж чадахгүй. Монголчуудыг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, 20 гаруй мянган хүнийг ажилгүй болгож, гэр бүлээр нь нус нулимсыг нь үзэж, зовлон зүдгүүр авчирч байгаа энэ төрийг Монголын нийгэм бүхэлдээ шүүмжилж байна. эсэргүүцэхэд бэлэн байна. Иймд ухаалгаар зөвшилцөж, авлигачид, оффшорчид зайгаа тавьж өгч шударга сонгууль явуулж, шударга өрсөлдөх нь зүйтэй. АН, МАН, МАХН гэсэн парламентад суудалтай гурван намын нэр дэвшигч бие биеэ муулах бус зэрэгцээд Монголоо тойрч, ард түмэнтэйгээ нүүр тулж, хэрхэн хямралаас эх орноо гаргах вэ, гадынханд хулгайлагдсан, булаагдсан, оффшорт хадгалагдсан хөрөнгийг татан авчирч, гадаад өрийг дарах, ард түмний эрх ашгийн төлөө хэн яаж ажиллахаа ил тод зарлах ёстой. Монгол төрийг шударга, эх оронч, нэр цэвэр хүмүүсээр удирдуулах, бүрдүүлэх шаардлагатай. Эс тэгвэл бид богино хугацааны дараа гадны колони болж, байгалийн баялгаа өнөөгийн эрчээргадагш зөөвөл ухсан нүх, улаан шороо үлдэж, хойч үе маань ядуу зүдүү, харь орны боол болох ийм л амьдрал хүлээж байна.
Ч.Зотол