С.Мөнхбат: Зочлох үйлчилгээний салбар хурдацтай хөгжиж байна

“Horeca expo Ulaanbaatar 2017”  үзэсгэлэнг өнөөдөр зохион байгууллаа. Тус үзэсгэлэн нь зочид буудлын бизнес  эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм. Өнөөдрийн уулзалтад 20 гаруй зочид буудал, 30 гаруй ресторан, зоогийн газар, хүнс ахуй хангамжийн дотоодын болон үндэсний импортлогч, техник технологийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд оролцсон юм.

С.Мөнхбат Монголын зочид буудлын холбооны тэргүүн

“Horeca 2017 үзэсгэлэнг ес дэх жилдээ Монголын зочид буудлын холбооноос зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд нэлээн онцлогтой. Ялангуяа зочлох үйлчилгээний салбарын хөгжлийн чиг хандлага болон салбарт гарч байгаа инновацийн хөгжлийг тодорхойлж байгаагаараа онцлог. Өнөөдрийн үйл ажиллагаа маш сайхан болж байна. Жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдэх хандлага ажиглагдлаа. Энэ жил хоол үйлдвэрлэлийн шинэ технологи, зочид буудлын салбарт гарч байгаа шинэ хөгжил, зөөлөн дэд бүтцийн хөгжлийн асуудлаар олон байгууллага оролцож байгаа юм. Мөн Монгол Улсын зочлох үйлчилгээний салбарт дэлхийн алдартай олон улсын сүлжээ брэндүүд орж ирж байна. Кемпинский, Шангри-Ла, Рамада зэрэг. Тиймээс зочлох үйлчилгээний салбар хурдацтай хөгжиж байгаа нь харагдаж байна” хэмээлээ.

Үзэсгэлэн дуу хууртай, шилдэг тогооч нарын үзүүлбэр, тэмцээн уралдаантай хөгжөөнтэй болсон юм.

Мөн хүрэлцэн ирсэн байгууллагууд өөр өөрийн онцлогоороо гайхагдаж байлаа.

 Ж.Дэлгэрсүрэн “Comfort” зочид буудлын менежер

 

“Энэ уулзалтад хоёр дахь жилдээ орж байна. Дархан Уул аймагт 26 зочид буудал байдаг. Түүнээс  манайх өнөөдрийн уулзалтад ирээд байна.   Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү олон зочид буудал оролцож байна” гэлээ.

Б.Ган-Эрдэн “Hotel line” зочид буудлын маркетингийн менежер

“Энэхүү уулзалтад анх удаа манай орж байна. Манайх байгуулагдаад хоёр жил болж байгаа. Зочид буудлаа танилцуулах зорилготой энэ удаагийн уулзалтад орж байгаа юм” гэв.

Ж.Отгон-пүрэв ахлах тогооч 

“Өнөөдрийн уулзалт нь аж ахуй нэгжийг нэгтгэсэн сайхан уулзалт болж байна. Бидний гол зорилго нь аялал жуулчлалыг  хөгжүүлэх, гадаадын жуулчдыг эх орондоо татах, ресторан, зочид буудлын үйлчилгээг дэлхийн түвшинд хүргэх юм. Аялал жуулчлалын гол зүйл бол хоол хүнс. Тийм учраас хүнс үйлдвэрлэгчид, Монголын мастер тогоочдын холбоо, хоол үйлдвэрлэгчдийн мэргэжлийн нэгдсэн холбоо энэ арга хэмжээнд нэгдэн оролцож байна. Үүнд оролцсоноор оролцогчдын ур чадварыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой” хэмээлээ.

Ж.Номин “Торгоны зам хангамж үйлчилгээ” ХХК-ны ажилтан

“Манай компани нь зочид буудал, зоогийн газруудад хангамжийн бүтээгдэхүүн нийлүүлдэг. Энэ чиглэлээр сүүлийн 15 жил үйл ажиллагаа явуулж байна. “Horeca-2017” үзэсгэлэнд сүүлийн гурав, дөрвөн жилийн турш оролцож байгаа. Энэхүү үйл ажиллагаа нь бусад байгууллагуудад өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчилах боломж олгодогоороо давуу талтай” гэлээ.

Б.Ананд  “Корпрэйт” зочид буудлын маркетингийн менежер

“Энэхүү үйл ажиллагаанд анх удаагаа хамтран зохион байгуулагч гэдэг утгаараа орж байна. Энэ үйл ажиллагаа нь өргөн хүрээнд болдог нь харагдлаа. Манай зочид буудал нь гурван салбартай, салбар болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Байгуулагдаад 10 жилийнхээ ойг үзэж байна. Энэхүү үйл ажиллагаанд жил бүр, уламжлал болгон оролцоно” гэв.

  Ийнхүү ес дэх жилдээ зохион байгуулагдсан “Horeca expo Ulaanbaatar 2017”  үзэсгэлэнд бизнес эрхлэгчид сэтгэл хангалуун байлаа.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …