Урин цаг ирсэн ч утааны асуудлыг хэлэлцэнэ

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын асуудал нийслэлчүүдийн сэтгэл зовоосон асуудлын нэг болоод байгаа. Үүнийг шийдвэрлэхээр НИТХ-ын долоодугаар хуралдаанаар хотын даргад чиглэл өгч, үе шаттай арга хэмжээ авсаар байна. Хэдийгээр урин дулаан цаг ирж байгаа ч хотын удирдлагууд агаар, хөрсний бохирдлын асуудлыг улирал харгалзахгүйгээр хэлэлцэж шийдвэрлэх арга замыг эрэлхийлсээр байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн лхагва гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хотын хөрс, ус, агаар орчны бохирдлын асуудлаар иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзсан уулзалтад хотын дарга оролцож, өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хот хязгаарлалтын дэглэмээ маш сайн барих шаардлагатай. Дэлхийн ихэнх хот хязгаарлалтын дэглэмээ барьснаар агаарын бохирдлоо шийдсэн туршлага бий. Гаргасан шийдвэрийнхээ дагуу хяналтыг сайжруулна. Агаарын бохирдлын талаар хотын зүгээс олон ажил хийж байна. Цаашдаа шийдэх нэг чухал асуудал бол гэр хорооллын жорлонгийн асуудал. Үүнээс болж хөрс маш ихээр бохирдож байна. Дахин төлөвлөлтөөр чөлөөлсөн газрыг доод тал нь дөрвөн метр ухаж байж хөрс цэвэршиж байна. Энэ ажлыг эхлүүлэхэд хүндрэлтэй ч бид шийдэх ёстой. Энд тавигдсан илтгэл, төсөл хөтөлбөрүүдээ нийслэлийн удирдлагуудад ирүүлээрэй. Бид дэмжих боломжтой, санхүүжүүлэх хөтөлбөрүүдээ авч хэлэлцээд эргээд холбогдож, хамтран ажиллах бололцоотой” хэмээн онцлов.

Жолооч нарын амралтын байрыг сэргээж ашиглалтад оруулна

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрсөн долоо хоногт нийтийг хамарсан томоохон арга хэмжээнд оролцож, иргэдийн өмнө тулгамдсан асуудалтай өөрийн биеэр очиж танилцсан юм. Үүний нэг жишээ бол өнгөрсөн мягмар гаригт “Таван шар-Офицер” чиглэлийн автобусаар хотын даргаар ахлуулсан бүрэлдэхүүн зорчиж, “Ухаалаг систем”-ийн үйл ажиллагаатай танилцан, нийтийн тээврийн төсөв, санхүү, зарлага, өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, иргэд болон салбарынхны сэтгэгдлийг сонссон явдал байлаа. Энэ сарын 1-нээс эхлэн нийтийн тээвэрт 100 хувь картын төлбөрийн системд шилжүүлсэн. Шинэчлэл хийгдсэний дараах 10 хоногийн байдлаар шугамын орлого 25 хүртэлх хувиар өссөнийг холбогдох албаныхан хэлж байв. Иргэдийн хувьд нийтийн тээврийг “ухаалаг системд” бүрэн шилжүүлснийг талархан хүлээн авсан ч үйлчилгээ тааруу байдгийг хэлж байсан юм.

Нийтийн тээврийн асуудал хотын бүх л иргэнд хамаатай чухал үйлчилгээ. Улаанбаатар хот өдөр ирэх тусам өргөжин тэлж байгаа. Үүнийгээ дагаад нийтийн тээврийн системийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа билээ. Одоогийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 23 компани байгаа аж. Үр ашиггүй татаас авдаг хэт олон компани байгааг хотын дарга шүүмжилж, тодорхой стандартад оруулж цөөлөх арга хэмжээ авах хэрэгтэйг онцолж байв. Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан баг Улиастайн автобусны эцсийн буудалд очин жолооч нарын амралтын байрны нөхцөл байдалтай танилцсан юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд Шархад, Нарангийн гол, Баянхошуу, Улиастай зэрэг дөрвөн газарт жолооч нарын амрах байрын барилгыг бариулсан ч одоогийн байдлаар зориулалтаар нь ашиглахгүй байгаа аж. Хотын дарга С.Батболд “Автобусны эцсийн буудлууд дээрх нийтийн тээврийн жолооч нарын амралтын байрны өмчлөлийн асуудлыг яаралтай шийдэж, зориулалтын дагуу ажиллуулах хэрэгтэй. Эхний ээлжид одоо байгаа дөрвөн цэгийг сэргээж ашиглалтад оруул. Шаардлагатай гэж үзвэл 2018 оны нийслэлийн төсөвт тусган амралтын байрыг нэмж барих хэрэгтэй” хэмээн нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатарт үүрэг өглөө.

Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто зам дагуу орц, гарц, явган хүний замыг чөлөөлнө

Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглан, хашаа хатгасан 341 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна. Нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам, автомашин орох орц, гарцыг хаасан эдгээр иргэн, аж ахуйн нэгжид НМХГ-аас хяналт шалгалт хийн, газар чөлөөлөх хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.

Хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэр, Лениний музейн баруун талд байрлах орон сууцны урд талаар шинээр гудамж, зам гаргах ажил, тус дүүргийн IV хороо, 5 дугаар сургуулийн баруун талд авто замын хөдөлгөөнд саад болж байгаа гражийг буулгах ажил, Татварын ерөнхий газрын хойд талд шинээр гудамж, зам гаргаж, автомашины газар дээрх болон доорх зогсоол байгуулах ажил, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр дэлгүүрийн зүүн талаар шинээр гудамж, зам гаргах ажилтай танилцсан. Туслах замын нэвтрэх боломжийг нэмэгдүүлж, төв замынхаа түгжрэлийг бууруулдаг туршлага олон улсад бий. Манай улсын нийслэлд туслах замууд байдаг ч зарим аж ахуйн нэгж, иргэд нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн хашаа хатгаснаас нэвтрэх урсгалыг үгүй болгож, түгжрэл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тиймээс иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн тулд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг нээнэ гэдгийг хотын дарга онцолж байлаа. Мөн зөвшөөрөлгүй баригдсан хашаа, хайс саадыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг зориулалтаар нь ашиглаж, авто зам, явган хүний нэвтрэх урсгалуудыг нэмнэ гэдгийг ч энэ үеэр хэлж байлаа.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээр байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийн хүн амын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дагаж мөрдөх, нийгмийн түншлэлийн зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт хамтын хэлэлцээр”-ийг өнгөрсөн баасан гаригт байгууллаа. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналтыг сайжруулах, Үр бүтээлтэй хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийг ханган ажиллах гэсэн гурван үндсэн чигэлэлээр 22 зорилтот ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тусгасан байна.

3000 орчим иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгч, 1000 гаруй хүнийг нээлттэй ажлын байранд бүртгэжээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Эйч ар” клуб хамтран өнгөрсөн баасан гаригт Д.Сүхбаатарын талбайд “Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Монголын хүний нөөцийн удирдлага, бүтээмжийн менежментийн академийн дэргэдэх “Эйч ар” клуб, ажил олгогч аж ахуйн нэгж зэрэг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн нийт 70 орчим байгууллага оролцов.

Нээлттэй өдөрлөгийн үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүдээс иргэдэд ойрын болон дунд хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэл өглөө. Түүнчлэн ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага сул чөлөөтэй болон шаардлагатай, хомсдолтой 2000 орчим ажлын байранд хүний нөөц бүрдүүлэх, мэргэшсэн хүний нөөцийн ажилтнууд ажил горилогчдод “Маргаашийн ажилтан” сэдэвт ажилд ороход шаардлагатай анхан шатны мэдлэг олгох, зөвлөгөө, мэдээлэл өгөх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан таниулж байв.

“Нэг өрх-нэг ажлын байр” нээлттэй өдөрлөгийн үеэр 3000 орчим иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгч 1000 гаруй хүнийг нээлттэй ажлын байранд бүртгэжээ. Дараагийн ажлын байрны нээлттэй өдөрлөгийг ирэх есдүгээр сард зохион байгуулна.

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 08.00 цагт эхэлдэг боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрсөн долоо хоногт захирамж гаргаж, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах зорилгоор гаргасан энэхүү захирамжийн дагуу энэ сарын 17-ны даваа гаригаас ирэх 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил өглөө 08.00 цагаас эхлэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …