Өнөөдөр Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй тэргүүтэй ажлын хэсэгт тэргүүлэгч К.Сейтхан, төлөөлөгч С.Манатбек, төлөөлөгч Ц.Эрбол, Засаг даргын орлогч С.Тунгалаг, 4-р хорооны ИНХ-ын дарга Р.Жанарбек, 4-р хорооны Засаг дарга Д.Дуламсүрэн, дүүргийн Мэргэжлийн Хяналтын Хэлтсийн ахлах байцаагч Р.Лхагвасүрэн, байцаагч Ж.Алтанбагана, Тохижилт нийтийн үйлчилгээний мэргэжилтэн Б.Билэгсайхан нар орж ажиллан, төмрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.
“Эйч Ди Ти Эм” ХХК -ий /“HDTM”Co.,Ltd / гүйцэтгэх захирал Ван Мао 4-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төмрийн үйлдвэр”-ийг ажлын хэсгийхэнд танилцууллаа. Тус төмрийн үйлдвэр нь 100% Хятад улсын хөрөнгө оруулалттай, 2013 онд зөвшөөрөл авч, 45 Монгол ажилтан, 49 Хятад ажилтны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Уг үйлдвэр нь 10,3 га газар үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд нэг килограмм хаягдал төмрийг 150-220 төгрөгөөр авч, 12 метрийн урттай арматур төмрийг жилд дунджаар 40,000-60,000 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай аж.
Хяналт шалгалтаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүтэй ажлын хэсгийхэн үйлдвэрийн гүйцэтгэх захиралд дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Ажилчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, амрах өрөө, усанд орох өрөө бий болгох, орчны ариун цэврийг сахих,
-Үйлдвэрийн стандартыг баримтлах, дуугүй хөтөч буюу үйлдвэрийн сэрэмжлүүлэг, анхааруулга, зааварчилгаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах,
-Үйлдвэрийн болон ахуйн хэрэглээний усанд тоолуур тавих, орчин нөхцлийг засаж сайжруулах,
-Дүүргийн Эрүүл Мэндийн Төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулах, ажилчдыг 6 сард нэг удаа үзлэг, оношилгоонд хамруулах,
-Үйлдвэрийн талбайн зохион байгуулалтыг сайжруулах,
-Хашаанаас хальж урссан усанд хамгаалалтын хашлага хийх,
-Өндөр хүчдэлийн шугамыг хамгаалалтанд авч, аюулгүй байдлыг хангах,
-Шөнийн цагаар ажиллахгүй, өдрийн цагаар ажиллах боломжийг судалж, холбогдох байгууллагад хандах,
-Ундны цэвэр усны нөөцтэй байх зэрэг үүрэг даалгавар өгч, Мэргэжлийн Хяналтын Хэлтсээс стандартын дагуу нарийн хяналт шалгалт хийж, ус, хөрс, агаарт шинжилгээ хийн, гарсан дүнг ажлын хэсэгт танилцуулахаар болов.
Ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгавар, шаардлагыг төмрийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ван Мао хүлээн авч, 7-10 хоногт зөрчлөө арилган, дахин шалгуулахаар боллоо.