“ДЦС-IV”-өөс зарласан тендер хэн нэгний халаасыг дүүргэх ажил биш баймаар сан

Нар, салхи, усан гэсэн сэргээгдэх эрчим хүчээр улсынхаа хэрэгцээг бүрэн хангаж, цаашлаад эрчим хүч экспортлох зорилт төр, засгаас тавьж байгаа. Түүний зэрэгцээ V цахилгаан станц барих гэж олон жил ярьж буй ч өдий хүртэл ажил хэрэг болгож чадаагүй л яваа. Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн хэрэгцээг орос ах нарын барьж өгсөн II, III, IV цахилгаан станц хангасаар байна.

Хамгийн гол эх үүсвэр болсон Дулааны IV цахилгаан станц төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 71.2, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 52.1 хувийг дангаар хангадаг, манай хамгийн том эх үүсвэр юм. 2001 оны наймдугаар сараас төрийн өмчит хувьцаат компани болон ажиллаж буй эл станцад байнга үйлдвэрлэл явагдаж, их хэмжээний хөрөнгө мөнгө эргэлдэж байдаг.

2000-аад ажилчин, албан хаагчтай энэ станцын хөрөнгөөс завшиж, төрөөс тэрбумтан төрж буйг хууль сахиулах байгууллагынхан, тэр дундаа АТГ-ынхан огт анхаарахгүй байгаа нь хачирхалтай. Чихрийн цуглуулга, дарс бэлгэнд авсан эмч, багш нарыг АТГ-ынхан маш нарийн шалгаж, шүүх, прокурорт шилжүүлэн шийтгүүлдэг.

Гэтэл ТӨХК-ийн хөрөнгөөс завшин ашиг олж, чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хүлээн авч буй явдлыг огт хайхрахгүй байгаа нь хууль сахиулагчид өөрсдөө үүнд орооцолдоод байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж буй юм. Олныг үл нуршин “ДЦС-IV”-өөс зарласан хэд хэдэн сонгон шалгаруулалтын үр дүнг доор өгүүлье.

ХЭЗЭЭ Ч НУРЖ МЭДЭХ “ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ”

“ДЦС-IV” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг “Чингис” бондын 70 сая ам.долларын хөрөнгөөр одоогоос гурван жилийн өмнө 123 мВт-аар нэмэгдүүлсэн. Ингэснээр тус станцын нийт хүчин чадал 703 мВт болоод буй. Уг төслийн хүрээнд шинээр цахилгаан, дулаан үйлдвэрлэх турбогенератор суурилуулсан ч өдгөө түүнийгээ бүрэн ашиглаж чадахгүйд хүрчээ.

Шинээр суурилуулсан турбогенератор

Шалтгаан нь уг турбогенераторыг хөргөж байх ёстой хөргүүр нь чанарын шаардлага хангахгүйд байгаа аж. Тус станц Хөргөх цамхаг- 4-ийг уг генераторыг ашиглахад зориулан бариулсан юм байна. БНХАУ-ын компанийнхан тус станцын Судалгаа, хөгжлийн албаны дарга Г.Галбадрахтай гэрээ байгуулан 2011-2012 онд барьж, дуусгажээ.

Гүйцэтгэгч талд “ДЦС- IV”-өөс 3.8 сая ам.доллар буюу өчигдрийн ханшаар 9.5 тэрбум төгрөг төлсөн байна. Гэтэл хятадуудын хийсэн ажил дутуу дулимаг болж, хөргөх цамхагт технологийн алдаа гаргажээ. Шаардлага хангахгүй байгууламжийг Улсын комисс өнөөг хүртэл хүлээж аваагүй бөгөөд ашиглалтад орсноос хойш таван жил болоход ердөө 11 сар л ажилласан гэнэ.

Бусад үед нь уг хөргүүрийг барьсан хятадууд засах нэрийдлээр будаг түрхэж цаг хугацаа авсаар өдий хүрснийг тус станцад ажилладаг олон хүн харамсан ярьж байна. Цаашид энэ цамхгийг ашиглах юм бол 2-3 жилийн дараа нурж унах нь тодорхой болжээ. Гадна тал нь барьсных нь дараа 1-2 жилд шар өнгөтэй байсан бол өдгөө саарал өнгөөр будчихаад буй аж.

Энэ нь нөгөө хятадуудын сайжруулж зассан болж харагдуулах арга гэнэ. Гэвч хятадуудын зассан байгууламж нь өнөөдрийг хүртэл цемент нь унаж, хүн цохиж алахгүй юм аа гэхэд гэмтээчих гээд байгаа учраас хамгаалалтын бүс тогтоож, хашаа барьж ажилчдаа ойртуулахгүй байгаа гэдгийг станцад ажилладаг олон хүн бидэнд мэдээллээ.

Уг байгууламжийн дотор тал ямар ч хэрэгцээгүй болсон гэдгийг харсан үзсэн хүмүүс нь хэлж байх юм. Мөн ашиглаж болохгүй гэсэн дүгнэлтийг ч мэргэжлийн хүмүүс тус станцын удирдах албан тушаалтнуудад удаа дараа танилцуулсан гэнэ. Хэрэв түүнийг ашиглах юм бол 2-3 жилийн дараа нурж унан “ДЦС-IV”-ийн ажилчдад аюул учруулаад тогтохгүй улс орны цахилгааны эх үүсвэр доголдох магадлалтайг холбогдох албан тушаалтнуудад сануулжээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 3 дугаар …