Нуурын ус бүрэн гэсээгүй гэдгийг мэдсээр хэр нь загасчлахаар гарсан залуусын хоёр нь усны гүнд живсэн бол хоёр нь амьд мэнд мөсөн дээр гарсан ч тэднийг аварч амжаагүй. Амжаагүйн шалтгаан аврах техникгүйнх. Зайрмагтсан нуурын хүйтэн уснаас амь дүйн гарч ирсэн идэр насны хоёр залуу жаварт салхинд цохиулан өөд болтлоо “ирээд аврах байх” гэсэн итгэл дүүрэн нүдээр эргийн зүг ширтсээр байсан нь мэдээж. Харамсалтай нь ах дүүс, нутгийн олон нь эрэг дээр элс самардахаас хэтрээгүй. Гар хоосон хүмүүс залуучуудын араас явсан бол эрсдэл нэмэгдэхээс аврал ирэхгүй нь тодорхой байсан. Ийм л эмгэнэл ганц Буйрт бус гол, нууртай бүхий л аймаг орон нутагт тулгамдаж байна. Жилийн дараа байдал дээрдсэн үү гэдгийг бид эргэн тодрууллаа.

Халх гол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэтэй утсаар холбогдож, Буйр орчимд аврах техник хэрэгсэлтэй болсон эсэхийг, цаашид хэрхэх гэж байгааг асуулаа. Тэрбээр хэлэхдээ:

-Харамсалтай нь манай сум уснаас аврах техникгүй, цэргийн анги нэгтгэлээс гуйлга гуйсан хэвээр байгаа. Энэ жилийн хувьд хүмүүс маань ихэд болгоомжтой хандаж, нуур гэсэхээс өмнө загаслахгүй байгаа. Гэвч гал усны аюул хэлж бус хийсч ирдэг болохоор урьдаас сэрэмжилж, техник хэрэгсэлтэй болох нь хамгаас чухал байна. ОБЕГ-аас ирэх 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Халх гол суманд маань Аврах анги нээхээр шийдвэрлэсэн. Энэ бол мэдээж сайхан мэдээ. Аврах анги байгуулагдтал элдэв эрсдэлгүй байх сан гэж хичээж байна гэлээ.

Халх гол сум нийслэлээс мянга гаруй км алсад оршихын сацуу усан болон хуурай газраар БНХАУ-тай хиллэдэг. Тал хээр нутагт хавар бүрт тохиодог гал түймрийн аюул Халх голын бас нэгэн бэрхшээл. Энэ хавар л гэхэд гурван удаа хээрийн түймэр гарч, багагүй хэмжээний бэлчээр, хадаж бэлтгэсэн өвс, нэг айлын гэр галд өртжээ. Түймрийн шалтгаан хүмүүсийн анхаарал болгоомжгүйгээс гарсан гэнэ. Жилийн ихэнхэд гал нүүрлэж байдгаас тус суманд Онцгой байдлын анги нээхээр шийдсэн биз. Галаас гадна уснаас аврах тусгай мэргэжилтэн ажиллуулж, техник хэрэгслээр хангахын чухлыг сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ онцоллоо.

Ингэхээс ч аргагүй. Буйрын эрэг дагуу амарч, зугаалан алжаал ядаргаагаа тайлах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Буйр руу аялал зохион байгуулдаг 10 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгаагийн дээр төрийн өндөр дээд албан тушаалтнууд ч тал нутгийн нүдэн нуурын эрэгт тухлах нь олонтаа. Тиймээс аялагч, амрагчдын ая тух, аюулгүй байдлыг хангах үүднээс усны хамгаалах техник хэрэгслийг тун яаралтай шийдвэрлэх нь чухал байна.