Нисэх буудлуудын бэлэн байдлыг шалгана

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа олон улс, орон нутгийн нисэх буудлууд, салбар, албадын үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгах навигацийн үзлэг хийгдэж байна.

ИНЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгүүд энэ сарын 18-наас эхлэн орон нутагт ажиллаж эхэлсэн. ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомоор ахлуулсан ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Ховд, Булган сум, Увс, Баян-Өлгий, Дэд дарга С.Манлайгаар ахлуулсан ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Завхан, Тосонцэнгэл, Говь-Алтайн нисэх буудлуудад ажиллаад байна. Мөн өнөөдрөөс эхлэн НББЗХ-ийн дарга Д.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг “Чингис хаан” ОУНБ, Газрын тусгай үйлчилгээний алба, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгаж эхэллээ.

Олон улс, орон нутгийн нисэх буудал, салбар албадын, техник, тоног төхөөрөмж, аэродром, барилга байгууламж, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын байдлыг намар-өвлийн ашиглалтаас хавар-зуны ашиглалтад шилжүүлсэн байдлыг шалгаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, өвөлжилтийн бэлтгэл ажил, хамтын гэрээний биелэлт, аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа нь Иргэний нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн дүрмийн шаардлагуудын дагуу явагдаж байгаа эсэхийг дүгнэх, мэргэжлийн зөвлөгөө өгч, ажилтнуудын сахилга, ажлын хариуцлагыг дээшлүүлэхэд энэхүү үзлэгийн гол зорилго оршдог юм.

Тавдугаар сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжлэх навигацийн үзлэгийн үр дүн, тайланг тавдугаар сарын 11-ний өдрийн дотор Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ.

 ИНЕГ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …