– Ярьж байсан том төслүүд нь ямар ч ахицгүй байхад төсөв, мөнгө нь аль хэдийнэ урсаад гараад явчихсан гэх үйлдлүүдийг хууль, хяналтын байгууллага шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байгаа ч түүний зөв, буруу тогтоогдож амжсангүй. Ийм сиймхийг сүйхээчлээд сонгуульд нэр дэвшихээр шамдаж яваа Х.Баттулгын талаар хууль, шүүхийнхэн үгээ хэлэх, үнэнийг зарлах цаг болсон юм биш үү?! –
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр дотооддоо өрсөлдөж буй нөхдүүдийн нэр улс олонд ил болсноос хойш тэдний зарим нь хамаг л ноотой, ноцтой бүхнээ дэлгүүлж эхэллээ. Сонгууль болох яагаа ч үгүй байхад сөрөг сурталчилгаа нь хэдийнээ эхэлчихсэн яваа тэд цаашид юунд найдаж буйг тааварлах аргагүй.
Цагаа тулахаар сонгогчид өнгө, мөнгөнд дулдуйдсан хий хоосон нэр сүрийг биш мөн чанарыг нь харж дэнсэлж байгаад улстөрчдийг шигшиж чаддаг. Тэр тусмаа бүх нийтээрээ ганцхан хүнийг гаргаж ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд энэ дүрэм илэрхий шууд үйлчилдэг.
Энэ зарчмыг зориуд сануулж хэлмээр нэг бус хүний нэр дуулдаж байсан нь өдгөө баталгаажиж, сураг төдий зүйл биш болжээ. Олон нийтийн үнэлэмжээр бол дор хаяж ёс зүйн хувьд хариуцлага хүлээх учиртай баймаар эрхмүүд одоо бүүр сонгуульд нэр дэвших эрх авахаар ил тод өрсөлдөж буйд гайхаж буй.
Тухайлбал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Х.Баттулгын Төмөр зам болон Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой ихээхэн хэмжээний мөнгө, төгрөгийн асуудал хуулийн байгууллагаар шийдэгдээгүй байгаа ч тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байна.
Монгол Улс уул уурхайн түүхий эдээ гаргаж зардаг ганц зах зээл болох Хятад улстай төмөр замаар холбогдох нь тусгаар тогтнолтой холбогдох том асуудал хэмээн тэрбээр үзэж, үүнийгээ нотлох өдий төдий үндэслэл тоочиж байсан нь үнэнтэй, худалтай л байсан байх. Өөрийнхөө зөвийг нотлохын тулд үндэсний хэмжээнд үзэл суртал явуулж, үнэндээ бол санасандаа хүрч чадсан.
Харин үүнийхээ зэрэгцээ “өөр нэг” төмөр зам байгуулах бодлого, шийдвэрийг Засгийн газрын гишүүний хувиар гаргаж, энэ хүрээндээ ихээхэн хэмжээний мөнгийг янз бүрийн эх үүсвэрээр босгож байсан. Эцэст нь түүний туслахууд, ойр тойрныхны хүмүүсийнх нь дансанд “мөнгө боссон”-оос биш Монголд төмөр зам босоогүй. Түүхий эдээ түүхийгээр нь гаргах биш дотооддоо боловсруулах үйлдвэр байгуулах нь зөв гэсэн түүний үзэл санаа сүр хүчтэй суртал ухуулгынх нь нөлөөгөөр ч юм уу, эсвэл үнэхээр зүйтэй учраас ч юм уу бас л дэмжлэг авсан.
Энэхүү дэмжлэг юутай ч Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барьж босгож дөнгөсөнгүй, харин түүний багийнхны санхүүг босгож чадсан. Санхүүгийн асуудалд ороогдсон түүний багийнхнаас Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нар гадагшаа зугтааж амжсан бол “хөл тушаатай”, хүүхэд шуухадтай эмэгтэй туслахууд нь баригдаж хоригдож байв. Энэхүү маргаан дунд төмөр замын 740 сая ам.доллар, эх үүсвэр нь тодорхойгүй 10 гаруй тэрбум төгрөг гэх мэт том тоо яригддаг ч чухам яасныг нь хууль, шүүхийнхэн өнөөг хүртэл эцэслэн тогтоогоогүй байна.
Ямартай ч ярьж байсан том төслүүд нь ямар ч ахицгүй байхад төсөв, мөнгө нь аль хэдийнээ урсаад гараад явчихсан гэх эл үйлдлүүдийг хууль, хяналтын байгууллага шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байгаа ч түүний зөв, буруу тогтоогдож амжсангүй. Ийм сиймхийг сүйхээчлээд сонгуульд нэр дэвшихээр шамдаж яваа Х.Баттулгын талаар хууль, шүүхийнхэн үгээ хэлэх, үнэнийг зарлах цаг болсон юм биш үү?! Бид сонголтоо хиймээр байна. Та бүхэн тусална уу?
Хууль эрх тэгш үйлчилдэг байхыг шаарддаг өнөөх олон нийт буруутай ч юм шиг, буруугүй ч юм шиг ийм нэг “саарал” этгээдийг “бурхан шиг” шүтдэгийг хууль, шүүхийнхэн мэддэг л байх. Тэр хүчтэй удирдагчийн дүр төрхийг бүтээдэг үзэл суртлын том багтай. Үзэл суртал биш хууль, шүүх үнэнийг тогтоодог журамт нийгмийг бид шаардах эрхтэй билээ.