Өнөөдөр Налайх дүүргийн Соёлын ордонд Ахмадын хорооны VI бага хурал болж өнгөрлөө. Бага хуралд дүүргийнхээ болоод улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн үе үеийн ахмад буурлуудын төлөөлөл болсон 160 гаруй ахмадууд оролцож, өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа хэлэлцэн, Ахмадын тухай хуулиа хүлээн авлаа.
Бага хурлын үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан ордогч Х.Анхбаяр нар оролцож, төлөөлөгчөөр оролцож байгаа ахмадуудаа мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ “Дүүргийнхээ хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа дүүргийн удирдлагууд болон залуу үеийн төлөөлөлөөс талархал илэрхийлэн мэндчилж байна. УИХ, Засгийн газар түвшинд ахмад настны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хөдөлмөр, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын олон чухал асуудлыг тусгасан “Ахмад настны тухай” шинэ хууль батлагдаж, мөн дээрээс нь “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”, “Эрүүл насжилт, эрүүл мэнд хөтөлбөр” зэрэг ахмад настны нийгмийн хамгааллын баталгаа болсон олон чухал бодлогын баримт бичгүүдийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Мөн бид дүүргээ хөгжүүлэх 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд ахмад настны чиглэлээр нилээдгүй зүйлийг тусган хэрэгжүүлж байна. Дүүргийнхээ хөгжил дэвшилд та бүхний минь идэвх оролцоо, үнэтэй сургааль, санал санаачилга маш чухал юм шүү” гэв.
Ахмадын хорооны VI бага хурлаар 2013-2017 онд хийсэн ажлын тайлан, Ахмад настны хууль, Монголын ахмадын хорооны дүрэм хүлээн авах, Зохион байгуулалтын зэрэг үндсэн асуудлыг хэлэлцэхээс гадна ахмадууд санал бодлоо илэрхийлж, бага хурлаас уриалга гаргалаа.
НДЗДТГ