“Үзүүр гялан”-гийн олдворыг олон нийтэд танилцуулна

Монгол Алтайн нурууны бүс нутаг буюу Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт уулаас 2015 онд Монголын Үндэсний музейн судлаачид, Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялан хэмээх газраас 2016 онд Ховд их сургуулийн судлаачид тус тус илрүүлэн судалж буй хоёр хадны оршуулгаас гарсан хосгүй үнэт түүхэн олдворуудаар “Хадан гэрийн соёл” үзэсгэлэн зохион байгуулж, олон түмний хүртээл болгохоор болжээ.

Үзэсгэлэнг 2017 оны тавдугаар сарын 3-ны 11 цаг 30 минутад Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээж, хоёр сарын турш олон нийтэд үзүүлэхээр болсон байна.

Сүүлийн 20 гаруй жилд хийсэн эртний судлалын үр дүнд Монгол орны уул нуруудын хадны агуй, хөмөгт нууцлан хөдөөлүүлсэн эртний хүмүүсийн оршуулга, түүхэн олдворууд цөөнгүй олдсоор байна.

Хадны оршуулгаас гарсан олдворууд нь маш сайн хадгалагдаж үлдсэн байдгаараа бусад эртний дурсгалаас нэн онцгой, судалгааны чухал ач холбогдолтой байдаг.

Үзэсгэлэнд дэлгэгдэх Урд улаан үнээт уулын дурсгалаас нэхий дээл, доргоны арьсан дах, арьсан өмдтэй эрэгтэй хүний хатмал шарил, эмээл хазаар, хутга, нум сум, саадаг, хоромсого, арьсан ууттай модон тоглоом, адууны зүлд зэрэг урьд өмнө олдож байгаагүй олон сонирхолтой олдворууд гарсан бөгөөд судаачид урьдчилсан байдлаар Нирун улсын үед буюу НТ-ын IV-VI зуунд холбогдоно хэмээн таамаглаж байна.
Харин Үзүүр гялангийн дурсгалаас дэлхий нийтэд “Аdidas” хэмээн алдаршаад байгаа гутал, олон төрлийн малгай, дээл хувцастай, эмэгтэй хүний хатмал шарил, хазаар, хударга, хөмөлдөргөтэй бүрэн эмээл бүхий бүтэн морь бусад олон тооны ховор үнэт олдворууд гарсан бөгөөд судлаачид олдворын харьцуулалт болон лабораторын судалгааны үр дүнд тулгуурлан Хятаны үед буюу НТ-ын Х зууны үед холбогдохыг тогтоогоод байна.

Эдгээр үнэт ховор олдворуудыг Соёлын өвийн төвийн мэргэжилтэн, сэргээн засварлагч нар сэргээн засаж, бэхжүүлсэн бөгөөд нийт 70 орчим өлгийн зүйлс бүрэн эхээрээ энэхүү үзэсгэлэнд дэглэгдэнэ.

Эх сурвалж: Монголын Үндэсний Музей

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …