“Яг түүн шиг” шоу яг цагаа оллоо

Монголд арилжааны болон мэдээллийн телевиз байдгаас 90 гаруй нь үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тоон мэдээ бий.

Цаана нь тусгай зөвшөөрөл авчихсан, үйл ажиллагаа нь алдаг оног явж байгаа хэдэн телевиз байгааг мэдэх аргагүй юм. Оройхон гэртээ орж, амрах зууртаа телевизийн суваг солиод ч үнэндээ үзэх зүйл ховор байдаг нь худлаа биш.

Харь орны атаа жөтөө, өс хонзон, нус нулимс болсон хэдэн киног л хэдэн телевиз маань өдөр шөнөгүй давтаж гаргана. Цаг үеийн мэдээллийн цагаас өөрөөр монгол контент гэх зүйлгүй явж ирсэн цаг үе байлаа. Харин энэ байдал одоо өөрчлөгдөж байна.

Монгол үзэгчдэд гаднын нэвтрүүлгийг орчуулж, эсвэл гадаадын олон ангит кино үзүүлдэг биш Монголдоо бүтээсэн, боловсруулсан олон сайхан нэвтрүүлгийг үзүүлдэг болов. Цаашлаад, телевизийн баг өөрсдөө контент бэлтгэх гэхээс илүүтэй мэргэжлийн студи, агентлагийн үйл ажиллагааг дэмжиж тэдний бүтээлийг худалдаж авдаг болсон нь сайшаалтай.

Телевизийн ярилцлага гэхээр нэг хүнийг ширээний ард суулгачхаад ярих гэхээс илүү чөлөөт орчинд чөлөөт байдлаар, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран ярилцаж болдог гэдгийг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг бидэнд харуулсан, одоо ч харуулсаар байгаа. Цаашлаад хошин шогийн продакшнуудын ганц нэг тоглолтыг өдөр шөнөгүй давтах гэхээс илүү иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлд илүүтэй анхаарч, танин мэдэхүйн нэвтрүүлэг хийх болсон нь мөн л нэг том дэвшил.

“Боловсрол” суваг телевизийн “80 саяын уналт”нэвтрүүлэг үүний тод жишээ. Монголчууд бид ямархуу авьяастай, чадалтай, бас Монголын урлаг уртын дуу, морин хуур хоёроор дуусахгүй арвин баялаг өв сантай гэдгийг “HD Монгол” телевизийн “Авьяаслаг монголчууд” шоу бидэнд харуулж өгсөн.

Тэр нэвтрүүлгээр алс холын Америк, цаашлаад Ази тивийг ч гайхшируулж чадах авьяас байгааг бид олж харсан, бас үзсэн. Хэдэн сувгаа эргүүлж тойруулж, хэрүүл маргаантай хэдхэн солонгос савангийн дууриар тархиа угаалгаж байсан монголчууд маань одоо үздэг нэвтрүүлэг, хүлээдэг, догдолдог шоутай болов. Сүүлийн үед монголчуудыг “Яг түүн шиг” шоу ням гараг бүр эфирийн өмнө уях болов. Яг л “Халтар царайт” гардаг байсан тэр үе шиг.

Өнөөдөр нэвтрүүлгийн оролцогчид хэнийг яаж дуурайх бол хэмээн ням гарагийн орой халуун ам бүлээрээ гэр дүүрэн суугаад нэвтрүүлгээ хүлээдэг болчхож. Амьдралыг арай илүү амттай болгох зүйлийг тэд үнэхээр хийж байна. Боловсрол суваг телевиз, “Эндемол шайн” группийн албан ёсны эрхтэй “Яг түүн шиг” шоуг эх орондоо албан ёсны эрхтэй зохион байгуулах болсноор хоёр жил өнгөрөв.

Үндсэндээ сүүлийн дөрвөн жил монголчууд хүлээдэг, халуун ам бүлээрээ зэрэгцэж сууж үздэг нэвтрүүлэгтэй боллоо. Ингэснээр олон мянган айлд олон эерэг өөрчлөлт ирсэн нь дамжиггүй. Гэрт очоод үзэх зүйл байх биш хэмээн сэтгэж гадуур сэлгүүцэж байсан олон залуус орон гэртээ очих гэж яардаг болсон нь дамжиггүй.

Гэмт хэрэг ч буурсан юм бил үү, хэн мэдлээ. Ар гэртээ архидан согтуурах биш ам бүлээрээ тойрч суугаад монголчуудаараа тэд бахархаж суугаа нь дамжиггүй. Монголчууд хийж чаддаг гэдгийг, энтертайнмент шоу нэвтрүүлэг гэж юу болохыг бид мэддэг боллоо.

Дэгсдүүлж хэлбэл, Бөхийн өргөөнд дээлтэй нэг нөхөр гарч ирээд дуулж хуурдахыг шоу тоглолт гэж нэрлэдэггүй юм байна гэдгийг ойлгодог болов. Дуучдаас илүү чанартай, амьд, жинхэнэ энтертайнмент тоглолтыг манай залуус хүсдэг болсон нь эдгээр нэвтрүүлгийн ач гэхэд хэтийдэхгүй юм.

Тиймээс Монголын үзэгчдийг үзэх зүйлтэй болгосон “Боловсрол” телевизийн уран бүтээлчдэд баярлалаа. Монголын уран бүтээлчдийг илүү чадалтай байхыг шаардаж буй “Яг түүн шиг шоу” яг цагаа олж чадлаа. Монгол контент бүтээж буй залуустаа баярлалаа. Монголчуудыг үзэх зүйлтэй байлгахын тулд зүтгэж буй Херо энтертайнмент, Боловсрол суваг, “HD Монгол” телевизийн багийнханд баярлалаа гэж хэлье. Бид бие биедээ урам өгч яагаад болохгүй гэж.

Тэр тусмаа үзэгчийн боловсрол, уран бүтээлчдийн чадварыг сорьсон энэ мэт монгол контент илүү их гараасай хэмээн сэтгүүлчийн хувиар биш эгэл үзэгчийн бодлоор хүсэж байна. Энтертайнментаар боловсрол олгоно гэдэг энэ юм байна.

Эх сурвалж:

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …