МҮЭ-ийн холбоо орон даяар тайван жагсаал хийнэ

Өнөөдөр “Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр” тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос  Сүхбаатарын талбай болон бүх аймгуудын төв талбайд 12-16 цагийн хооронд тайван жагсаал зохион байгуулах юм.

Энэхүү тайван жагсаалын үеэр МҮЭ-ийн холбоо гурван зүйл шаардлагыг иргэд, хөдөлмөрчдийнхөө өмнөөс илэрхийлэх юм байна.

Нэгдүгээрт, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийн биелэлтийг УИХ, Засгийн газраас шаардах,
Хоёрдугаарт, Энэ сарын 28-ны өдөр ОУВС-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаас Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эцсийн шийдвэр гарна. МҮЭ-ийн холбоо өнгөрсөн долоо хоногт ОУВС-гийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзах үеэр саналаа албан ёсоор уламжилсан байна. Энэ хуралд ОУВС-гийн суурин төлөөлөгч МҮЭ-ийн холбооны саналыг албан ёсоор тавихаа илэрхийлжээ. Эцсийн шийдвэр хэрхэн гарахаас МҮЭ-ийн холбооны шаардлага тодорхой болох аж. Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын 3 талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ зөрчиж долоон төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээр болж УИХ-аар батлуулсан. Энэ долоон төрлийн татвар дунд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн хүндрэлээс гарахад чиглэгдсэн татвар байгааг МҮЭ-ийн холбоо хүлээн зөвшөөрч байгаа ч улс орны эдийн засаг унасан үед иргэдийн амьдралыг улам дордуулах татвар байгаа учир ийнхүү эсэргүүцэж байгаа юм.
Гуравдугаарт, Өнгөрсөн 2016 онд УИХ, Орон нутгийн сонгуулиар сонгогч, иргэдэд амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг УИХ, Засгийн газраас шаардах юм. Сонгуулийн үр дүнд эрх барих боломжийг авсан МАН иргэдийн амьдралыг сайжруулна, иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлнэ гэж амласан. Засгийн газар байгуулагдсаныхаа дараа татвар нэмэгдүүлэхгүй, цалин тэтгэврийг нэмэх асуудлыг 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө хэлэлцээрийн хүрээнд тохиролцоонд хүрнэ гэснээ хоёр сарын дараа зөрчиж ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргасан.

МҮЭ-ийн холбоо дээрх асуудлуудаар УИХ, Засгийн газарт 6 удаа албан ёсоор шаардлага мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг дахин эхлүүлье. Улсын 3 талт үндэсний хороог яаралтай хуралдуулах санал тавьсан. Гэвч өнөөг хүртэл МҮЭ-ийн холбоонд Үндэсний хороог хуралдуулах талаар ямар нэгэн хариу ирээгүй байна. Тиймээс Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдрөөр ийнхүү улс орон даяар тайван жагсаал хийхээр болжээ.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн тамга тэмдэг, албан маягтыг хуурамчаар үйлдэж бусдыг залилсан 9 тохиолдол цагдаад бүртгэгджээ

Энэ оны эхний 5 сарын байдлаар “Эрдэнэс таван толгой” компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ …