Цаг уур, орчны шинжилгээний газраас тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг гаргажээ.
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
1981-2010 оны дунджаар тавдугаар сард агаарын температурын дундаж нь Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 15-19 градус, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөлийн баруун, Архангайн баруун ба зүүн өмнөд, Говь-Алтайн хойд, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хэсэг, Завханы ихэнх нутгаар 5-9 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байдаг. Гэвч энэ нь жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Сүүлийн жилүүдийн байдлаар 1992, 2000, 2007, 2009 онд олон жилийн дунджаас 2-3 градусаар дулаан байж, өдрийн үнэмлэхүй их температур 30-35 градус хүрч халж байсан бол 1995, 2011 онд бүх нутгаар 2-3 градусаар хүйтэн байв.
Хур тунадас Увс, Булган, Хэнтийн зүүн хойд, Архангайн зүүн өмнөд, Өвөрхангай, Төв аймгийн баруун хойд, Сэлэнгийн баруун хэсгээр 21-30мм, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 3-12мм, бусад нутгаар 13-20 мм хур тунадас ордог. Гэвч сүүлийн жилүүдийн байдлаар 1996, 1998, 2004 онд ихэнх нутгаар, 2012, 2013 онуудад нутгийн баруун хагаст тун бага хур тунадас орж, их хуурай халуун байснаас ой хээрийн түймэр ихтэй байлаа. Харин 1988, 1999, 2002, 2003, 2005, 2010, 2014 онд онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 дахин их хур тунадас оржээ.
Тавдугаар сард салхины хурд 15 м/с-ээс дээш ширүүсч шороон шуурга шуурах тохиолдол олон жилийн дунджаар говь болон зүүн зүгийн нутгаар 10-15, бусад нутгаар 5-7 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины хамгийн их хурд 1991 онд Увс, Говь-Алтайн нутгаар 28-34 м/с, 1993, 1996 онд Говь-Алтай, Өвөрхангай, Хэнтэй, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн нутгаар 34-40 м/с хүртэл ширүүсч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч иргэд, аж ахуйн байгууллагуудад ихээхэн хэмжээний хохирол учруулж байжээ.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Бaруун зүгийн нутаг. Агaaрын темперaтурын сарын дундаж нь Алтай, Хангайн уулархаг нутгаар 5-9 градус, Алтайн өвөр говиор 15-19 градус, бусад хэсгээр 10-15 градус дулаан буюу Баян-Өлгий, Ховдын өмнөд, Говь-Алтайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим бaйнa.
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба эцэс, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эцсээр сэрүүсч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон эцэс, гуравдугаар арав хоногийн эхээр Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
Энэ сард Ховдын ихэнх, Баян-Өлгийн зүүн өмнөд, Увсын өмнөд, Завханы баруун, Говь-Алтайн баруун болон зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Баян-Өлгийн хойд, Увсын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орно.
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба эцэс, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дээрх үеүдэд зарим газраар салхи 12-14 м/с хүрч ширүүсэх ба ялангуяа нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Төвийн нутаг. Агaaрын темперaтурын сарын дундаж нь Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хэсгээр 4-9 градус, бусад хэсгээр 10-15 градус дулаан буюу Хөвсгөлийн зүүн, Архангайн зүүн хойд, Булганы ихэнх, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим дулаан бaйнa.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст сэрүүсч Дархадын хотгор, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр Орхон, Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 29-34 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 24-29 градус хүрч дулаарна
Энэ сард Хөвсгөлийн зүүн, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өвөрхангайн ихэнх, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав дунд үеэр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай.
Дээрх үеүдэд салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Зүүн зүгийн нутаг. Агaaрын темперaтурын сарын дундаж нь бүх нутгаар 10-15 градус дулаан буюу Дорнодын ихэнх, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхний хагаст дулаарч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
Энэ сард Хэнтийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Дорнодын ихэнх, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Дээрх үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, нэгдүгээр арав хоногийн эхний хагас болон, хоёрдугаар арав хоногийн эхэн болон эцэс, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.
Говийн нутаг. Агaaрын темперaтурын сарын дундаж нь Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 15-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе ба эцсээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эцсээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхний хагаст зарим өдөр ихэнх нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус хүрч дулаарна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн баруун, Дундговь, Дорноговийн хойд, Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас бага, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, эцсээр ихэнх нутгаар хур тунадас орно. Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай.
Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч их төлөв шороон шуурга шуурах төлөвтэй.
Эх сурвалж:Цаг уур, орчны шинжилгээний газар