МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНОО
…Хан Тоорил би Ханат гэрээс салж
Хадат гэрт очвол Хамаг хураасан улсыг минь Харж хамгаалж байх хүн
Хаана хэн байх билээ?… хэмээн халаглан өгүүлсэн байдаг нь Дундад эртний нүүдэлчдийн өтгөс дээдсээ тэнгэрт үдэх нэгэн заншлыг тодхон сануулна.
Сүүлийн 20 гаруй жилд хийсэн эртний судлалын үр дүнд Монгол орны уул нуруудын хадны агуй, хөмөгт нууцлан хөдөөлүүлсэн эртний хүмүүсийн оршуулга, түүхэн олдворууд цөөнгүй олдсоор байна. Хадны оршуулгаас гарсан олдворууд нь маш сайн хадгалагдаж үлдсэн байдгаараа бусад эртний дурсгалаас нэн онцгой, судалгааны чухал ач холбогдолтой байдаг.
Энэ удаа бид Монгол Алтайн нурууны бүс нутаг буюу Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт уулаас 2015 онд Монголын Үндэсний музейн судлаачид, Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялан хэмээх газраас 2016 онд Ховд их сургуулийн судлаачид тус тус илрүүлэн судалж буй хоёр хадны оршуулгаас гарсан хосгүй үнэт түүхэн олдворуудаар энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж, олон түмний хүртээл болгож байна.
Урд улаан үнээт уулын дурсгалаас нэхий дээл, доргоны арьсан дах, арьсан өмдтэй эрэгтэй хүний хатмал шарил, эмээл хазаар, хутга, нум сум, саадаг, хоромсого, арьсан ууттай модон тоглоом, адууны зүлд зэрэг урьд өмнө олдож байгаагүй олон сонирхолтой олдворууд гарсан бөгөөд судлаачид урьдчилсан байдлаар Нирун улсын үед буюу НТ-ын IV-VI зуунд холбогдоно хэмээн таамаглаж байна.
Харин Үзүүр гялангийн дурсгалаас дэлхий нийтэд “аdidas” хэмээн алдаршаад байгаа гутал, олон төрлийн малгай, дээл хувцастай, эмэгтэй хүний хатмал шарил, хазаар, хударга, хөмөлдөргөтэй бүрэн эмээл бүхий бүтэн морь бусад олон тооны ховор үнэт олдворууд гарсан бөгөөд судлаачид олдворын харьцуулалт болон лабораторийн судалгааны үр дүнд тулгуурлан Хятаны үед буюу НТ-ын Х зууны үед холбогдохыг тогтоогоод байна.
Эдгээр үнэт ховор олдворуудыг Соёлын өвийн төвийн мэргэжилтэн, сэргээн засварлагч нар сэргээн засаж, бэхжүүлсэн бөгөөд нийт 70 орчим өлгийн зүйлс бүрэн эхээрээ энэхүү үзэсгэлэнд дэглэгдэнэ.
Үзэсгэлэнг 2017 оны 5 дугаар сарын 3-ны 11 цаг 30 минутад Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээж, 2 сарын турш олон нийтэд үзүүлэхээр төлөвлөөд байна.
Эх сурвалж: Монголын Үндэсний музей