ОУВС Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөтөлбөрөө хойшлуулжээ

Олон Улсын Валютын Сан /ОУВС/ Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан хөтөлбөрөө түр хойшлуулж, манай Засгийн газарт олгох гэж байсан 425 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн хөтөлбөрөө түдгэлзүүлээд байна. Одоогоор шалтгаан нь тодорхойгүй байгаа ч гадаад валютын шилжүүлэгтэй холбоотой хуулийн өөрчлөлтийг нягтлан шалгахад тодорхой хугацаа шаардлагатай байгааг ОУВС-гаас мэдээлсэн байна. тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Сакер и-мэйлээр өгсөн тайлбартаа энэ тухай дурджээ. Үүнд “Тухайн өөрчлөлтийн гол утга, энэхүү хөтөлбөрийн макро эдийн засгийн цар хүрээ нь хэвээр байгаа эсэхийг нягтлахад бага зэргийн хугацаа хэрэгтэй гэж үзсэн. Талууд иймэрхүү тодруулга, дүгнэлтийг хамтран хийсэн байх ёстой” гэсэн байна. Дөрөвдүгээр сарын 14-нд баталсан төсвийн тодотголыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд томоохон хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын валютын гүйлгээг дотоодын банкнуудаар дамжуулахаар нарийвчлан тусгажээ. Түүнчлэн үүнд “Оюу Толгой” болон Тамсагийн хөрөнгө оруулагчдыг онцлон дурдсан байна. Үүний улмаас “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компани ОУВС-д хандан гомдол гаргасан гэх мэдээллийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн баталгаажуулжээ.

Эргэн сануулахад, “Rio Tinto” компани “Оюу Толгой”-ийн гүний уурхайн бүтээн байгуулалтад зориулж 4.4 тэрбум долларын синдикат зээл авсан. Зээлдүүлэгчдийн дунд Австралийн экспортын санхүүжилт, даатгалын корпораци, “ANZ” зэрэг банкнууд, мөн Дэлхийн банкны олон улсын санхүүгийн корпораци зэрэг байгууллага багтаж байгаа юм.

Монгол Улс хэдийгээр ОУВС-гийн нэмэлт санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж чадаагүй байгаа боловч үүнд хамрагдахын тулд төсвийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор долоон төрлийн татварыг нэмэхээр шийдвэрлэчхээд байгаа. Эдгээрийн гурав нь өнөөдрөөс буюу тавдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэллээ. Үүнд, иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод таван хувийн татвар ногдуулахаас гадна импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэсэн юм. Мөн хос тэжээлт болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 100 хувь хөнгөлж байсныг 50 хувь болгож, үйлдвэрлэсэн он, хөдөлгүүрийн багтаамжаас нь хамаарч нэмэлт татвар ногдуулж эхлээд байгаа юм.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …