Н.Энхбаярт татгалзсан хариу өгчээ

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүслээ “Би Үндсэн хуулиар нэр дэвших эрхтэй” гэх ганцхан өгүүлбэрээр илэрхийлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхэд “Ялгүйд тооцож өгнө үү” гэх гомдол гаргасан ч татгалзсан хариу авчээ- 

 Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намаа төлөөлж нэр дэвших хүсэлтэй байгаагаа саяхан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дайжээ.

Тэрбээр энэхүү хүслээ “Би Үндсэн хуулиар нэр дэвших эрхтэй” гэх ганцхан өгүүлбэрээр илэрхийлсэн байна. Нэгэн цагт төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашиж явсан мань эр дахин төрийн тэргүүн болох хүсэлтэй байгаагаа ийнхүү илэрхийлэв. Тиймдээ ч хэд хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн шүүхэд “Ялгүйд тооцож өгнө үү” гэх гомдол, нэхэмжлэлийг гаргасан байна. 

Харин шүүхээс харьяаллын бус гэсэн шалтгаанаар түүнд татгалзсан хариу өгчээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Манайд МАХН-ын дарга Н.Энхбаяр нэхэмжлэл гаргасан нь үнэн. Гэхдээ бид өнгөрсөн сарын 20-нд хариуг нь өгсөн. Түүний хүсэлтийг хэлэлцэх боломжгүй, харьяаллын бус байсан болохоор татгалзсан шийдвэрийг гаргасан” гэх тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл зарим хэвлэлээр “Шүүхээс Н.Энхбаярыг нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэр гарчээ”гэх мэдээлэл түгэх болов.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад “Н.Энхбаяр дарга нэр дэвших бүрэн боломжтой. Өршөөлийн хуулиар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 78 дугаар заалтыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учир ямар нэгэн ял, шийтгэл байхгүй.

Гэтэл байхгүй хуулийн зүйл заалтаар хүнийг яллаж, хэд хэдэн удаа сонгуульд өрсөлдөх эрхийг нь хассан. Харин энэ удаа ийм зүйл болохгүй гэж найдаж байна. Шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргаж, Н.Энхбаяр даргад хүргүүлсэн зүйл байхгүй” гэв. Тэгээд ч Сүхбаатар дүүргийн шүүхээс дээрх мэдээллийг ч үгүйсгэсэн. Өөрөөр хэлбэл, “Яагаад тийм мэдээлэл гарсныг мэдэхгүй. Манайхаас нэхэмжлэлд нь татгалзсан хариуг л өгсөн болохоос ялтай эсэх асуудалд ямар нэгэн шийдвэр гаргаагүй” гэсэн билээ.

Үүнээс үзэхэд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүнийг тойрон хүрээлэгчдийн хэлж байгаачлан мань эрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх сонирхолгүй хүн эрх баригч нам болон сөрөг хүчинд олон байгаа бололтой. Учир нь, өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуульд Сонгуулийн ерөнхий хороо МАХН-ын нэр дэвшигчдээс ганцхан Н.Энхбаярыг л бүртгэхээс татгалзаж юм.

Тухайн үед тэрбээр олон нийтэд хандаж “Цагдаагийн газраас хууль бус үйл ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллага хэдхэн хүний гарт орсон. ЦЕГ-ын даргын гаргасан хууль бус бичгийг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ. Хэрэв Н.Энхбаяр сонгуульд оролцохгүй бол бусад намуудад ашигтай, луйврын сонгууль болно” гэх мэдэгдлийг хүртэл хийж байв. Гэсэн ч түүнд “ялтай хугацаа нь дуусаагүй” гэх шалтгаанаар Сонгуулийн ерөнхий хороо 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх эрхийг нь олгоогүй юм.

Харин өнөөдөр дээрх процесс дахин давтагдах вий гэх болгоомжлол ганц Н.Энхбаяр төдийгүй намынх нь нөхдийн дунд байгаа нь илт. Тиймдээ ч МАХН-ын дарга Н.Энхбаяр шүүхэд “Ялгүйд тооцож өгнө үү” гэх нэхэмжлэл гаргасан төдийгүй хэрэв мань эрийг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших боломжгүйд хүрвэл түүний оронд Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулууны нэрийг дэвшүүлэх талаараа ярилцсан тухай О.Баасанхүү гишүүн ам алдсан билээ.

Харин “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа Н.Энхбаяр дарга ч өөрийн ялтай эсэх асуудалд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Намайг хэлмэгдүүлэн ял тулгаж, дараа нь Өршөөлийн хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгосон хэр нь одоог хүртэл та сонгуульд оролцож болохгүй гэж байна. Уг нь хууль, шүүхийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй гэсэн заалт Үндсэн хуульд бий. Тухайн үед намайг хэлмэгдүүлэн Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-аар ялласан.

Улмаар 263.2 нь 2009 оны Өршөөлийн хууль, 150.3 нь 2015 оны Өршөөлийн хуульд орсон. Эдгээр хуулиар тухайн зүйл заалтын үндсэн болон нэмэгдэл ял, ял эдэлсэн тохиолдолд л үүсдэг ялтай байдлыг аль алийг нь өршөөн хэлтрүүлсэн. Тиймээс би бүрэн цагаадах ёстой” гэжээ. Түүнчлэн “Өршөөлийн хууль, тэдгээрийн тодорхой заалт, Өршөөлийн хууль батлагдсаны дараа гарсан Дээд шүүхийн тайлбарын дагуу өнөөдөр ч гэсэн сонгуульд нэр дэвших эрх байгаа.

Гэтэл яагаад “ялгүй” болчихсон байхад заавал “ялтай” болгож худлаа тайлбарлаад байгааг ойлгохгүй байна” гэсэн байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд АТГ-аас “МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай хугацаа 2017 оны наймдугаар сард дуусна” гэх мэдэгдлийг нэг биш удаа өгсөн байдаг.

Хэдийгээр түүний ялтай, ялгүй эсэх шийдвэрийг одоогоор ямар ч хуулийн байгууллага гаргаагүй ч асуултын хариу хэдхэн хоногийн дараа тодорхой болно. Учир нь, МАХН-ынхан өнөө, маргаашгүй Бага хурлаа хуралдуулж, эцсийн байдлаар намаа төлөөлж Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах юм.

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …