Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Нийслэлийн удирдлагууд энэхүү өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийн гурван үеийн төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүндэт ерөнхийлөгч, ахмад сэтгүүлч Ц.Дашдондовыг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнасан юм.Ахмад сэтгүүлч Ц.Дашдондов нийслэлийн дээд одонгоор шагнагдсан хамгийн анхны сэтгүүлч болж байгаа юм байна.
Ахмад сэтгүүлч Ц.Дашдондов“Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 26 дахь удаагаа тэмдэглэж байна. Анх Монгол Улсад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулахад одоогийн хотын дарга С.Батболд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Тэрбээр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Олон нийтийн радио телевизийн тухай хууль, Мэдээлэл олж авах эрх чөлөөний тухай хуулиудыг батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн.Одоо манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль 1998 онд батлагдаж байсан. Та бүхэнд хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе”хэмээлээ.
Нийслэлийн удирдлагууд МСНЭ-тэй хамтран шат дараатайгаар олон ажил зохион байгуулж байна. Өнөөдрийн уулзалтаар сэтгүүлчдийн өмнө тулгараад буй асуудлуудыг ярилцан хэрхэн шийдэх талаар шийдэлд хүрэхийг зорьж байгаа юм.
НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн сэтгүүлчид болон хэвлэл мэдээлийн байгууллагын төлөөллүүдэд баяр хүргээд “Бид бүхэн нийслэлийн иргэдийг сайн сайхны төлөө хамтран ажиллах ёстой. Нийслэлд хийж бүтээж байгаа маш олон ажил байна. Энэ бүгдийг нийслэлийн иргэдэд үнэн бодиттойгоор түргэн шуурхай хүргэдэг, мөн төр, иргэнийг холбож өгдөг гүүр нь хэвлэл мэдээллийнхэн юм. Хотын хөгжилд иргэн бүрийг татан оролцуулах үйл хэрэгт бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе” хэмээлээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид “Нийслэлийн шинэ удирдлагууд ажлаа хүлээж авсан даруйдаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөлтэй өргөн бүрэлдэхүүнтэй уулзаж, бүх харьяа газар агентлагуудын удирдлагуудыг танилцуулсан. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд ил тод нээлттэй байхаа хэвлэл мэдээллийнхний өмнө илэрхийлж байсан. Энэ бол маш том соёл, жишиг байсан. Нийслэлээс өөр яам, төрийн захиргааны байгууллага ингэж нээлттэй, харилцан хүндлэлтэй ажиллана гэдгээ илэрхийлж байгаагүй. Нийслэлийн удирдлагууддаа талархснаа илэрхийлье” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.