Л.Золбоо:Хөгжлийн бэрхшээлтэй гээд хөгжих эрхээ хязгаарлуулахгүй юмсан гэж боддог

Түүнийг багш нар маш их тэвчээртэй бас дайчин шаргуу хэмээн үнэлдэг

Хэдхэн хоногийн өмнө “Маршал арт” галерейд “Салхи шиг хөөх хорвоо” нэртэй уран зургийн үзэсгэлэн нээгдсэн билээ. Уг үзэсгэлэнг өчигдөр зорьж очиж үзлээ.

Биднийг өчигдөр “Маршал арт” галерейд очиход тог тасарсан харанхуй байв.  Харин Л.Золбоо ганцаараа уран зургаа зурсаар сууж байлаа. Том гэгч цагаан цаасан дээр зураас цэгээр модон дээр суусан шар шувуу зурсан харагдав. Ямар зураг зурж байгааг нь асуухад “Би сэдвээ урьдчилан боддоггүй юмаа. Ингэж цэг зураасаар үргэлжлүүлэн зурж байгаад л бүтээл төрүүлчихдэг юм. Сүүлийн үед байгалийн зураг их сонирхдог болоод байгаа” гэсээр биднийг угтсан юм. Хэл яриа нь сайн ойлгогдохгүй болохоор багш нь хэлмэрч хийсэн юм.

Үзэсгэлэнд нийт 40 гаруй уран зураг дэлгэгджээ. Энэхүү үзэсгэлэн зураач Л.Золбоо бүсгүйн бие даасан анхны үзэсгэлэн ажээ. Гэхдээ тэрбээр жирийн иргэдтэй адилхан эгэл хүн биш. Учир нь тусгай хэрэгцээт иргэн. Өөрөөр хэлбэл, манай монголчууд хөгжлийн бэрхшээлтэй гэж ярьдаг. Нуруу нугасны саажилттай болохоос ухаан санаа эрүүл нэгэн. Хэлж ярихад их төвөгтөй ч хэнд ч өөрийнхөө утга санаа, үгийг бүрэн гүйцэд ойлгуулчихаж чаддаг эмэгтэй.  Л.Золбоо нь 1986 онд Улаанбаатар хотод айлын отгон охин болж мэндэлжээ. Аав ээж, эгчийнхээ хамт амьдардаг тэрбээр төрөхдөө л нуруу нугасны өвчтэй болсон тул ихэнх цагийг гэртээ зургаа зурж өнгөрүүлдэг байна. Гэрт нь өөрөөс нь өөр уран зураг зурж, сонирхдог хүн байдаггүй гэнэ.

Тэрбээр мундаг дайчин зураач. Хүний заяанд элбэрэлт сайхан ээж нь эрүүл саруул төрүүлсэн боловч үүргээ умартсан зарим нэг эмчийн алдаанаас болоод нуруу нугасны саажилттай болжээ. Түүний яриаг ойлгоход бэрх, түүний хөдөлгөөн бас бэрх. Тэр хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үг. Үгүй ээ, яг үнэндээ энэ муухай үгийн эсрэг зогсч чадсан, хөдөлмөрлөх ажиллах боломжтой эрүүл биднээс илүү өөрийгөө хөгжиж, бусдыг хөгжүүлж чадсан нэгэн. Маш хүчтэй эмэгтэй, чадвартай уран зураач. Зургаа уран зураг болон зураасан зураг гэж ангилдаг юм билээ. Өөрийгөө хөгжүүлэхийн төлөө, өөр бүтээл төрүүлэхийн төлөө өдрийн гэрэл, шөнийн харанхуйг үл анзааран, өрөөндөө зургаа л байнга зурж суудаг жинхэнэ уран бүтээлч.

Уран зураг зурах гоц гойд өвөрмөц авьяастай бүсгүй 12 жил зураг зуржээ. Багаасаа зураг зурах дуртай нэгэн байж. Тусгай боловсролын 29 дүгээр сургуульд суралцаж төгссөн тэрбээр 2008 онд Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит дүрслэх урлаг дизайны “Анима” сургуульд элсэн орж 2012 онд амжилттай төгсчээ.

Галерейн хананд өлгөсөн зургуудыг нь үзэж сонирхож, өөрөөр тайлбарлуулав. Хамгийн үнэтэй, хамгийн их цаг хугацаа шаардаж гараас нь гарсан бүтээл бол “Түгжрэл” зураг юм. Энэ зургаараа сургуулийнхаа дипломыг хамгаалжээ.

Л.Золбоо нь тусгай хэрэгцээт иргэдэд хандах нийгмийн хандлага болон амьдралыг өнгө гэрлээр харж явдаг болон байгаль дэлхийн гоо үзэсгэлэн, гэрэлт ирээдүйг өөрийн бүтээлдээ тусгахыг харуулахыг хичээдэг байна. Өөрөөр хэлбэл, тусгай хэрэгцээт иргэдийн амь амьдрал, хүсэл мөрөөдөл юу байдаг талаараа уран бүтээлдээ илүү тод томруун тусгаж өгөхийг хичээдэг байна.
Тиймдээ ч уран зургийнх нь ихэнхид тэргэнцэр дээр суусан хүүхдийн дүр зураг харагдав. Сүүлийн үед байгаль дэлхий, гэрэл рүү тэмүүлж байгаа дүр зургийг зурах болжээ. Өөрийнхөө ирээдүйг гэрэл гэгээтэйгээр төсөөлж байгаа нь энэ.

Тиймдээ ч Л.Золбоо хөгжлийн бэрхшээлтэй гээд нийгэмд ялгаварлан гадуурхахыг эсрэг байр суурьтай байдгаа байн байн илэрхийлсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй гээд хөгжих эрхээ хэн нэгнээр хязгаарлуулахыг тэрбээр огт хүсдэггүй.

2004 онд 29 –р тусгай дуэд сургуулийг төгсөж өөрийн зураг зурах хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн 2008 онд “Анима” ДУДС-д элсэн орж 2012 онд уран зургийн мэргэжлээр төгссөн. Сурах хугацаандаа энгийн оюутнуудаас хэд дахин илүү тэвчээрийг гарган өөрийн хүндрэл бэрхшээлийг даван багш болон үе тэнгийн оюутнуудынхаа дэмжлэгтэйгээр өөртөө итгэх итгэл, урам зоригоор  дүүрэн оюутан болжээ.

2008 онд “Чөлөөт орон зай” Анима уран зургийн тэмцээнд оролцон өргөмжлөл мөнгөн шагнал,

2009 онд “Анима” ДУДС-ийн ойн баяраар “Шилдэг оюутан” өргөмжлөлөөр шагнагдав.

2013 онд “Учиртай гурав” нэртэй хамтарсан уран зургийн үзэсгэлэн гаргасан.

2014 онд сургуулийнхаа 20 жилийн ойгоор “Шилдэг уран бүтээлч”-ээр шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан.

2016 онд Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Энэ бол би” уран зургийн хамтарсан үзэсгэлэнгээ гаргасан.

Харин энэ жил өөрийн бие даасан анхны “Салхи шиг хөөх хорвоо” үзэсгэлэнгээ ийнхүү гаргаад байгаа нь энэ аж. Үзэсгэлэнгээ ингэж нэрлэсний утга учир нь “Зураач хүн энэ хорвоод үргэлж хөөгдөж туугдаж байдаг. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхөд их хэцүү, урлагийн зам хатуу. Гэвч намайг салхи шиг хөөх хорвоод өөрийнхөөрөө дур зоргоороо салхи шиг хүчтэй тэмүүлж амьдарна”гэсэн утгыг илэрхийлэв.

Ингээд Л.Золбоотой ярилцлаа.

-“Салхи шиг хөөх хорвоо” уран зургийн үзэсгэлэн нь мэлмий баясгалаа. Ямар гоё зурдаг юм бэ?

-Баярлалаа.

-Үзэсгэлэн нь хэдий хүртэл хугацаанд үргэлжлэх вэ?

Өнгөрсөн сарын 28-нд нээгдэж 5 сарын 4 хүртэл үргэлжиллээ. Үзэсгэлэнд нийт 40 гаруй бүтээл бий. Сүүлийн гурван жил зурсан зургаа гаргасан байгаа.

-Зургаа зурахад ямар хүндрэл бэрхшээл тулгардаг вэ?

-Хүндрэл тулгардаггүй. Хүнээр хийлгэх зүйл надад байхгүй ээ. Ямар ч хүнээс хараат бус байхыг хүсч байна.

-Уран зургаасаа юуг илүү мэдэрдэг вэ?

Их гоё таатай мэдрэмжийг авдаг. Миний сонирхол болохоор гоё байлгүй яах вэ.

-Одоо зурахыг хүсч байгаа ямар зураг байна вэ. Зураг зурах санаа сэдвээ яаж олдог вэ?

-Байгаль дэлхийг л сайхан урламаар байна. Уран бүтээлийн санаа гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд эзлэх байр суурь тэдэнд хэрхэн хандаж байгаа талаар болон Монгол хэлэнд суурьшсан “хөгжлийн бэрхшээл” гэдэг муухай үгийг халахыг зорьж бүтээлээ зурдаг. Хүнд хөгжих гэдэгт ямарч бэрхшээл байдаггүй. Хүн өөрөө хүсч тэмүүлэх юм бол бүх зүйл болдог гэдгийг зургаараа санааг гаргадаг. Хүнд хөгжихөд бэрхшээл байдаггүй юмаа. Зургийн санааны хувьд нэг цэг, зураас тавьж байгаад цаашаа хөврүүлэн том бүтээл болгочихдог юм /инээв/.

-Хамгийн их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардаж зурсан зураг нь юу бэ?

-“Түгжрэл” зураг байна. Таван сарын хугацаанд ч зурсан зураг бий. Ер нь зургандаа хар бараан сүүдэр оруулж зурахыг хүсдэггүй. Заавал нэг найдварын цэг хатгаж зурна шүү. Өөрөөр хэлбэл, илүү чөлөөлөгдсөн, итгэл найдвар төрүүлсэн зураг ч юмуу.

-Манай нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй гэхээр хүн биш мэт ойлгож, нийгмээс тусгаарлах хязгаарлах хандлага харагдаад байдаг. Өөрт нь их эмзэг тусдаг байх?

-Тийм. Автобусны буудал дээр явж байхаар хүн бүр гайхаад хараад байхаар их эвгүй санагддаг. Гэхдээ шантрахгүй бас айхгүй, өөрийн хийх ёстой зүйлээ хийгээд бүтээгээд явж байна.

-Айдаг зүйл нь юу бэ?

-Зарим зураг дээр өөрийнхөө айдсыг илэрхийлэн зурсан. Миний хувьд өндрөөс их айдаг.

-Ирээдүйн зорилго юу байна вэ?

-Одоохондоо ирээдүйн зорилго гэж нэг их юм хармааргүй байна. Тусдаа амьдраад өөрийн гэсэн бие даасан том уран бүтээлч болохыг хүсч байна. Гэртээ зургаа зурахад төвөгтэй байдаг. Тиймээс таатай орчинд тухалчихаад зургаа зурах мөрөөдөлтөй. Зүгээр л уран зургаа зураад сууж байх нь надад илүү их сайхан азжаргал, тайтгарал, тайвширал

-Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?

-Будагийн мөнгө өгдөг. Харин сургуулийн захирал Я.Булган, багш Бархүү нар их тусалж дэмждэг баярладаг юм.

-Уран зургуудаа хэдээс хэдэн төгрөгөөр зарах вэ?

-300 мянгаас 1 сая төгрөгийн үнэтэй байна. Хамгийн их тэсвэр тэвчээр цаг хугацаа шаардсан, дахиж зурахыг хүсээгүй зургаа сая төгрөгөөр худалдаалж байна.

Багш М.Анима: Л.Золбоогийнхоо дайчин хөдөлмөрч чанараар нь бахархдаг

“Анима” ДУДС-ийн урлаг судлаач, багш М.Амина

Танай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хэрхэн яаж шалгаруулж авдаг вэ?

-Манайх маш цөөхөн хүүхэд шалгаруулж авдаг. Тэдэнтэйгээ тулж ажилладаг. Зурах хүсэл эрмэлзэлтэй, сурах хүсэлтэй хүүхдүүд орж ирдэг. Жилд 10-25 хүүхэд л элсдэг бөгөөд тэр дотор 8-9 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд орж ирдэг. Манайд хөлөөрөө амаараа зурдаг гээд янз бүрийн хүүхдүүд бий. Тэднийхээ сурах нөхцлийг хангахын тулд хичээж ажилладаг. Яг үнэнийг хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих тал дээр нийгэм, төр засгийн оролцоо хангалтгүй юм шиг санагддаг. Гадаадад гэхэд тэргэнцэртэй хүүхэд нэг асрагчтай байдаг. Гэтэл манайд тийм юм алга.

Манай сургуулийн онцлог гэвэл эдгээр хүүхдүүдийг хэзээ ч өрөвдөж, та нар бусдаас дутуу юм шүү гэсэн сэтгэлгээг сэтгэхүйд нь суулгахгүй, харин ч энэ сэтгэлгээг халах ёстой гэж хэлдэ. Ийм хүүхдүүд сурах хүсэл эрмэлзэл ихтэй байдаг учир түүнийг нь нээж өгөхийн төлөө ажилладаг гэж хэлж болно. Энгийн оюутнуудтай харьцуулахад ийм хүүхдүүд давуу талтай, амьдралыг үнэлж чаддаг.

-Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй харилцахаар хүндрэл бэрхшээл гардаг байх. Л.Золбоогийн хувьд зан ааш хэр бэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг анх харахад их ууртай юм шиг санагддаг. Л.Золбоо урлангаа түгжихээд хэнтэй ч юу ч ярихгүй зургаа зураад суух бол энүүхэнд. Тэрийг нь бид ойлгодог. Ямар нэгэн үйлдэл хийхийн тулд өдөр бүр бэрхшээлийг даван туулдаг. Өдөр тутам бэрхшээлтэй тулгардаг болохоор ойлгох нь их чухал. Золбоо их шазруун хүүхэд. Зан аашийн хувьд одоо нээлттэй, үргэлж инээмсэглэдэг болоод байгаа. Дайчин чанарыг нь үргэлж бахархдаг юм. Манай сургуульд орж ирснээс хойш их сайжирсан.

-Сургуулийнхаа хажуу талын уран зургийн дугуйланд зураач хийдэг гэлүү?

-Тийм. Сайн мундаг зураач. Манайд элсэн орж ирээд л шууд энгийн оюутнуудтай адилхан суралцаж эхэлсэн. Л.Золбоог шөнө ч гэсэн зургаа зураад суудаг. Энгийн оюутнуудаас өөрийгөө дутуу гэж бодоогүй явсаар өдий хүрсэн.

Ийнхүү өөрийнх нь төгссөн сургууль нь үзэсгэлэн нь дэмжиж гаргаж өгсөн аж. Хөгжихийг хүсч тэмүүлж яваа энэ мундаг эмэгтэйд хөрөнгө оруулалт хийж, өөрийнх нь урласан уран зурагнаас нь худалдаж авахыг хүсье ээ.

О.Сайхан

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …