Өнгөрсөн хичээлийн жилээс хэрэгжиж эхэлсэн “Сургуулийн автобус” үйлчилгээнд энэ хичээлийн жилд нийт 32 сургууль, 102 автобусаар сурагчиддаа үйлчлэх урьдчилсан мэдээ нийслэлийн Боловсролын газарт иржээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжид ЕБ-ын 18 сургуулийг сурагчдын автобусаар үйлчлэхээр заасан бол энэ хичээлийн жилд захирамжид ороогүй ч өөрсдийн санаачилгаар сурагчдыг автобусаар тээвэрлэх ажлыг 20 сургууль зохион байгуулж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн ахлаж буй “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг”-ийн ээлжит хуралдаанаар сургуулийн захиралуудтай зөвшилцөн, шаардлага хүргүүлж энэ 7 хоногт дээрх асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгожээ.
Бага ангийн сурагчдын аюулгүй байдлыг хангах, хичээл эхлэх, тарах үед үүсэх замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй энэ ажлыг сургуулийн захиргаа, эцэг эх, асран хамгаалагчид талархан хүлээн авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 3400 орчим хүүхэд автобусаар зорчихоор төлөвлөжээ.
Харин зарим сургуулиуд сурагчдаас багагүй хэмжээний сургалтын төлбөр авдаг ч сурагчдын автобусыг явуулахгүй байгаа гэнэ.