Монгол улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”-оос “Улаанбаатарын Хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг 2017.05.10-12-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
“Улаанбаатарын Хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадамд Монгол улсаас ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, СУИС, МУБИС, СИТИ, ХБК зэрэг мэргэжлийн урлагийн байгуулага, сургуулиудын хамтлаг дуучид, ОХУ-ын Буриад Улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм, БНСУ-ын “Тэнгэрийн дуу” найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлчид оролцоно.
Наадмын нээлтийн ёслол 2017.05.10-ны Лхагва гарагийн 11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах бөгөөд нээлтийн үеэр наадамд оролцогчдын нэгдсэн парад болох юм байна. Түүнчлэн 2017.05.10-ны Лхагва гарагийн 17:00 цагт Хүүхдийн найрал дууны тоглолт, 2017.05.11-ний Пүрэв гарагийн 18:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд Гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт, 2017.05.12-ны Баасан гарагийн 18:30 цагт УДБЭТ-ын тайзнаа “Улаанбаатарын Хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмын ГАЛА тоглолт тус тус зохион байгуулагдах ажээ.
Энэ дашрамд дуулгахад Монголын соёл урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” нь 2005 оноос найрал дууны их наадмыг “Хаврын баяр” нэртэйгээр 9 удаа амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ жилээс эхлэн наадмынхаа цар хүрээг тэлж “Улаанбаатарын Хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулахаар болжээ.
Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 88044939, 98981984, 99774788