Төрийн ордонд өчигдөр хоёр байнгын хороо хуралдлаа. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өглөө 09.50 цагт эхэлж, УИХ- аар хэлэлцэж буй дөрвөн хуулийн төслийн эцсийн болон анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Харин Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо Төрийн ордны Их жанжин Д.Сүхбаатарын танхимд хуралдаж, өнгөрөгч долоо хоногт чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийсэн Хог хаягдлын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Гэр бүлийн хүчирхийллийг эхний удаад зөрчилд тооцох нь Хууль зүйн байнгын хорооны эхний хэлэлцсэн асуудал бол Эрүүгийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хийж, чуулган болон байнгын хороогоор хэлэлцэх явцад гишүүдийн гаргасан санал нэг бүрийг хэлэлцэн тусгасан гэдгийг онцоллоо.
Мөнгө угаах, терроризм, хээл хахууль өгөх, байгаль орчныг бохирдуулах, улсын эдийн засгийн аюулгүй байдал, өмчийн эсрэг гэх мэт тодорхой тооны хууль зөрчсөн үйлдлийг аль нэг хуулийн этгээдийн эзэмшигч, хөрөнгө оруулагчдын шийдвэрээр гүйцэтгэх захирал нь хэрэгжүүлсэн нь нотлогдвол тухайн захиралд л хариуцлага тооцдог. Үүний цаана үүрэг, чиглэл өгсөн хуулийн этгээдийн удирдлагууд, эзэмшигчид хариуцлага хүлээлгүй үлддэг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэдэг чиглэлийг барьж, хуулийн төслийг боловсруулсан аж.
2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 80 гаруй зүйл, заалтаар хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулах зохицуулалттай байгаа бол хэлэлцэж буй төслөөр энэ тоог бууруулж 30 орчим зүйл, заалтын хүрээнд хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулахаар өөрчилсөн байна. Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр чуулганы хуралдаанд шилжүүлэв.
Байнгын хорооны хуралдааны дараагийн хэлэлцсэн хуулийн төсөл бол олны анхаарлын төвд буй Зөрчлийн тухай хуулийн төсөл юм. Ажлын хэсгийг танилцуулгыг мөн л Х.Нямбаатар гишүүн хийлээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр мөн л гишүүдийн зүгээс санал гарч байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Батнасан хүнс импортлох болон экспортлоход хуульд тавигдсан шаардлагыг зөрчсөн тохиолдолд өнөөдрийн хуулиар хувь хүнийг 1-10 сая төгрөгөөр торгодог бол энэ төсөлд 10-100 сая төгрөгөөр торгохоор тусгасан байна.
Энэ асуудлыг эргэж харахыг зөвлөв. Мөн Б.Ундармаа гишүүн аж ахуйн нэгжид ногдуулж буй 100 сая төгрөгийн торгуулийг бууруулах нь зөв гэсэн юм. Мөн өдрийн хуралдаан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдон Эрүүгийн хууль хөндөгдөж байна. Засгийн газар Зөрчлийн тухай хуулийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн юм.
Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь 2017 оны нэгдүгээр сард батлагдан, хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа. Уг хуулийн дагуу гэр бүлийн хүрээнд үйлдэж буй хууль зөрчсөн үйлдлийг эхний удаад зөрчил, давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг хэмээн тооцох юм. Энэ зохицуулалттай нийцүүлэн Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн” хэмээн тайлбар хийлээ.
Мөн дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй хүрээнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Л.Энхболд нар “эмийн түүхий эд” хэмээх нэр томьёог хуульд тусгах, ингэснээр эмийн найрлагад ордог “мими” хэмээх түүхий эдийг хууль бусаар хилээр оруулсан үйлдлийг зөрчил хэмээн тооцох санал гаргасан болохыг хуралдаанд оролцогчдод танилцууллаа. Уг нэмэлт өөрчлөлтийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гишүүдийн дэмжлэг хүлээсэн юм. Хуралдааны төгсгөлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр хуралдааныг өндөрлөв.
ХОГ ХАЯГДЛЫН ХУУЛЬ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭ ДАВАВ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр хуралдсан юм. Хурлаар нэгхэн хуулийн төслийг хэлэлцсэн. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2017 оны тавдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэгийг авсан саналуудыг уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмж тусгасан байна.
Тухайлбал, төслийн хоёрдугаар бүлэгт тухайн салбарын үйл ажиллагааны мэргэжлийн онцлогтой холбоотойгоор хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх журам боловсруулах, хог хаягдлын норматив хэмжээг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэх, үнэ тарифыг тогтоох, санхүүжүүлэх, заавар, аргачлал батлах эрхийг төрийн захиргааны зарим байгууллагад тусгайлан зааж өгсөн болон, бусад хууль тогтоомжтой нийцүүлсэн өөрчлөлтүүдийг хийжээ.
Мөн хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн нэгтгэж нэг заалт болгон төслийн зургаадугаар бүлэгт нэмжээ.
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.