Монголчууд эртнээс мэдлэг оюуныг эрхэмлэн дээдэлж, ном бүтээлийг есөн эрдэнээр урлаж байсан ард түмэн билээ. Өдгөө хүн төрлөхтөнд мэдэгдэж байгаа анхны хэвлэмэл номыг Европчууд хэвлэн гаргахаас даруй 100 жилийн өмнө Монголчууд ном барлан хэвлэж байсан түүхтэй. Аливаа хөгжил нь хүнийг хөгжүүлэхээс, хүний оюун санааг төгөлдөржүүлэхээс эхтэй гэдгийг бидний өвөг дээдэс эртнээс мэдэж, анхааран ирсэн байдаг. Тийм ч болохоор “Биеийн бөхөөр ганцыг дийлнэ, оюуны бядаар олныг дийлнэ”, “Эрхэм баян эрдэм ном, адгийн баян эд баялаг” гэх мэт зүйр цэцэн үгийг хэлж ирсэн уламжлалтай. Харин эдүгээ оюуны биш, биеийн бядыг, мэдлэгийг биш, хүч тамирыг эрхэмлэдэг болжээ.
Мэдлэг уланд гишгэгдэж, хүч оройд залагдах болжээ. Өвөг дээдсийн алтан сургаалыг ойлгодог, хүндэлдэг, дагадаг, хэрэгжүүлдэг хүмүүс цөөн болжээ.
Юун тухай хэлэх гээд байгааг маань уншигч та анзаарсан буй за. Одоо гол асуудалдаа орьё. Өнөөдөр манай нийгэмд хүчтэй, бяртай, спортлог хүмүүс бусдаас илүү амьдарч байна. Мэдээжийн хэрэг тэдний өөрийнх нь авхаалж, самбаа хүч чадлаараа олж авсан баялагийг нь бид буруутгах гэсэнгүй, бас атаархах гэсэнгүй. Гэхдээ энд буруу зүйл байна.
Улсын наадамд түрүүлсэн бөхөд цоллуулдаг бизнесийн байгууллага, харьяалагддаг аймаг нутгийнхан, орон нутгийн зөвлөл гэх мэт олон газраас шагналын хур буулгаж, нэг хүний нэг насаараа идээд барахгүй их хөрөнгө бэлэглэж байна. Харамсалтай нь өнөөх бөх нь дараагийн барилдаанаас эхлээд барилдаж гавихгүй байгаа жишээ олон. За үүнийг яах вэ, бөхөө дээдэлдэг монгол түмний зан гээд түр орхиё.
Дэлхийн дэвжээнд аварга болж, улс орныхоо нэрийг дуурсгаж, төрийн далбаагаа өргүүлнэ гэдэг яалтгүй их гавьяа мөнөөс мөн. Тэдний хөлс хүч хөдөлмөрийг үгүйсгэх гэсэнгүй. Мэдээжийн хэрэг улс орон бүр ийм гавьяа байгуулсан алдартнуудаа шагнах нь зүйн хэрэг. Гэхдээ манайх шиг бүх насаар нь биш байх. 2012 онд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медаль хүртсэн тамирчинд сар бүр тогтмол урамшуулал олгож байхаар болсон билээ. Энэ тогтоол ёсоор олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медаль хүртсэн тамирчинд сар бүр доорх хэмжээний мөнгөн урамшуулал авах болсон .
- -Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд дөрвөн сая төгрөг,
- -Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд гурван сая төгрөг,
- -Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд хоёр сая төгрөг,
- -Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд хоёр сая төгрөг
- -Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг сая төгрөг тус тус сар бүр олгож байхаар болсон
Аливаа улс орон гавьяа байгуулсан хүнээ шагнах нь зүйн хэрэг ч бүх насаар нь шагнана гэдэг арай дэндсэн мэт. Бид чинь тийм баян улс бил үү. Улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэж, төвийн орлого тасарч, бондын хүүд дарлуулан, бүи нийтээрээ зээлийн системд баригдсан гэлээ тачирчид сар бүр 4000-5000 мянган ам.доллартай тэнцэх урамшуулал авсаар байх уу. Нийгмийн амьдрал ядуу зүдүү, олон хүмүүс үмх талхныхаа төлөө зовж зүдэрч байхад мөр бүтэн, гар бүтэн спортын алдартнууд сар бүр “би гавьяа байгуулсан хүн” гээд бүх насаараа төрөөр тэжээлгэх нь шударга ариун явдал уу. Тэдэнд ичих нүүр гэж байна уу? Ийм өндөр шагнал авдаг тамирчдын хэн нь бусдад буяны гараа сунгасан вэ? Өнөөдрийн байдлаар хүүхдийн асрамжийн газарт урлаг, спорт заал байхгүй хэвээр байна. Тэгвэл энэ асуудлын төлөө яагаад тамирчид дуугарч болохгүй вэ?
Бидний дуурайх дуртай барууны хөгжингүй улс орнуудад бол дэлхийн хэмжээний тамирчинд улс орноос нь амжилт гаргах бүрт мөнгөн шагнал өгдөг. Ер нь бол тухайн тамирчны амжилтыг дагалдан хүссэн хүсээгүй алдар нэр улс оронд нь бий болдог. Тамирчид түүнийгээ ашиглан бизнесийн байгуулагуудтай бүтээгдэхүүнийг рекламдах гэрээ хийж хангалттай хэмжээний мөнгө олдог жишигтэй. Харин манайд бол нэг л өөр.
Олон арван жижиг аж ахуйн нэгжүүд НӨАТ болон бусдад татварын бодлогод дарлагдан, төрд өгөх татвараа төлөөд, арай ядан дампуурчилгүй үйл ажиллагаагааг дөнгөн данган эрхэлж байхад тэдний төлсөн татвараас тэртэй тэргүй алдар хүндийн оргилд хүрсэн хүмүүст хувааж өгөх нь хир оновчтой шийдвэр вэ?
Гэтэл дэлхийн жишигт хүрсэн эрдэмтэн, олон хүний амийг үхлээс аварсан мэс заслын эмч, хүний амьдрал ахуйд ашиг тустай зүйл зохион бүтээсэн инженер, бусдыг алдрын оргилд хүргэсэн багш нар Жинэхэнэ алдартнууд биш гэж үү. Тэдэнд төр засгаас ямар урамшуулал үзүүлсэн вэ?
Ц.Мөнх