Матрын нулимс

Янгир ямаа гэмгүй хүн намайг үзмэгцээ яагаад пяс хийтэл тургидаг, тарвага яагаад “хого, хого” хошгочдог юм бол оо? Ийнхүү нэгэн зуур бодоход тань үл таних хүмүн миний зүгээс учруулж  мэдэх аюулаас бусдадаа сэрэмж өгч буй түгшүүрийн дохио тэр юм шиг байна. Тийм ариун гэгээн зөн совин тэдгээр амьтанд байдаг юм байна. Бодох тусам энэ бол сэтгэл алдрам бурханлаг гайхамшигтай чанар мөн хэмээн санагдана. Харин хүмүн бидэнд ийм чанар байдаг бил үү? Ялангуяа монгол хүнд тийм мэдрэмж байна уу гэвэл, байлгүй яахав, “ХН!” гэж шогшрох бүгтхэн чимээгээр хүртэл бусаддаа дохио өгдөг. Өөрөөр хэлбэл “ХН” гэх авиа нь хүний дотоод сэтгэлээс гарч ирдэг нэгэн өвөрмөц түгшүүрийн дохио юм. Тогтож сайн анзаарах аваас хашир туршлагатай, нас намба нь тогтсон олон хүн ойрын үед сав л хийвэл “ХН” хэмээн шогшрон  толгой сэгсэрч, шүүрс алдах болсон байгаа.
Юунд тэгтлээ  бараг бүх нийтээрээ шогширч, түгшүүрийн дохио өгнө вэ гэсэн тань   “матрын нулимс”- гэгч гайхал нэгэн   гажиг араншинд дахин дахин  хууртсандаа тийнхүү харамсаад байгаа аж. Тэгвэл  тэрхүү   ихээхэн нажидтай “матрын нулимс” гэгч нь  чухам  юусан билээ!
Миний мэдэхээр матар  гэдэг бол хамгийн аюултай махчин амьтан. Тэр амьтанд  бусдыг өрөвдөх өр зүрх, асгаруулах халуун нулимс гэж  огт үгүй.  Тэгтэл зүрх сэтгэлгүй байтал өрөвдөх, уйлахгүй атал нь нулимс унагахын тухайд хэлц үг болтол хэлцэхийн учир нь  авран хамгаалагчийн хуурамч дүр эсгэн, олон түмний  тархийг угаадаг явдлыг егөөдсөн  ёгтлол мөн болохоос зайлахгүй.    Энэ егөөтэй хэлц хэзээ, хаанаас,  хэрхэн гарч ирсэн  болохыг огт мэдэхгүй байна.
 “Матрын нулимс унаган” байж улс Монголыг янаглан хорлосон   үлэмж урхагтай үйл явдал манайд олонтаа  үзэгдэж  байсан, үзэгдсээр ч байна.  Тухайлбал,   өнгөрсөн зууны наяад оны дундуур  европын зарим орноор дамжин социалист хамтын нөхөрлөлийн орнуудад орж ирсэн тэр “матрын нулимс“-ыг  манайхан мартаагүй байгаа байх. Тэр  үед барууны үзэл  сурталчид “эвий минь, хөөрхий минь, эрхэм  андууд  минь, та нар өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, эрх, эрх чөлөөгүй, ядаж хөл дүүжлэх унаагүй, юм юмаар гачигдаж дутагдаад ингэж  ч  байх гэж. Наад  муу дарангуйлан  захиргаадагч системээ устгаад хаячихвал та бүхэнд диваажингийн жаргал тун ч  ойрхон байна санж. Та нар  чадъя гэвэл чадна, хөдлөх л хэрэгтэй,  бид ч бас тусалмаар  байна, яая даа байз” хэмээн   ихэд адгаж, удаа дараа уяруулсаар байсан  баримт сэлт бишгүй нэг байдаг гэх.  Би  өөрөө ч  бас мунхарч явсан. Бид бараг цөмөөрөө тэр  матрын нулимсаар тархиа угаалган    үйсэрч, дарвиж явсан   байх. Матрын нулимс ямар замаар, хэрхэн орж ирсэн тухайд  нэр  цохож  ярих нь ч байдаг.
Тухайлбал, Канад зэрэг барууны оронд сууж байсан Оросын элчин  сайд Яковлев зэрэг дипломатуудыг тийнхүү уяруулж, тэд нар нь  ЗХУ-ын нам төрийн тэргүүн болоод удаагүй байсан хуучны танил, хөнгөн  нимгэн  М.С.Горбачёв тэргүүтний тархийг  мөнхүү тэр л матрын нулимсаар угаажээ. Улмаар   тэндээс  социалист хамтын нөхөрлөлийн  орны удирдагчдын  дотроос ятгаж болмоорыг нь ятгаж, ятгаж дийлдэшгүй,  манай Ю.Цэдэнбал шиг бат туйлбартай нэгнийг нь  огцруулан зайлуулах үндсэн дээр хэт барууны хувиа бодсон   даяаршлын шуурга дэгдсэн гэж барин тавин ярьдаг.  Тэгэхэд социалист  зарим орны төр засгийг түлхэн унагаах, үгүй ядахдаа  өмнөх удирдагчдыг зайлуулах  зорилго бүхий   улс төрийн шуурга  дэгдсэн гэлцдэг юм билээ.
 Миний хувьд мартаж чаддаггүй нэг  явдал бий. Тэр нь Румын улстай холбоотой баримт. Юу гэвэл,  тус орныг Гитлерийн фашизмын дарангуйллаас чөлөөлсний дараах үеэс  эхлэн амжилттай удирдсан нам, төрийн тэргүүн Николай Чаушескуг дэлхийн олон нийтийн нүдний өмнө  буудан хороосон гашуун баримт. Түүний гэргий   Елена Чаущескугийн  өрөөсөн хөлийг хуга буудаж,  хөөрхий тэр бүсгүй хугарсан хөлөө чирээд цаашаа ханчран ганц хоёр алхах гэж оролдоход нь дахин буудаж нам унагасныг бид харсан. Хөлгүй  болсон тэр  ахимаг насны эмэгтэй зугтаагаад хаана  холдохсон билээ. Тэр хоёр хүн  Румын  эх орон, ард түмнээсээ урвасан дайсан этгээд байгаагүй нь лавтай. Ингээд бодоход “матрын нулимс”-аар тархиа угаалгаж,  улс орныхоо  төр засгийн удирдлагыг үзэн ядаж  дарвисан олон түмэн гэдэг   тун хэцүү  юм байдаг аж.
ЗХУ-ын тухайд  гэхэд  ардчиллын төлөө тэмцэгч гэх Б.Ельцин тэргүүт босогчид нь  В.И. Лениний анх үүсгэн байгуулж өгсөн  Зөвлөлт  төрийнхөө  цагаан ордныг танкны их буугаар буудсан юмдаг.  Монголд бас  амаргүй явдал  болж  байсан. Тус улсын төр засгийг удирдан чиглүүлэх улс төрийн   төв   штаб болж байсан Ардын намын Төв Хорооны Улс Төрийн Товчоог бусад голлох дарга нарын хамт огцруулж, шүүхэд шилжүүлээд авсан удаатай.
1990 оны дөрөвдүгээр сарын 26-нд шиг санагдана, төрийн ордныг гаднаас нь бүслэн хаахаар завдаж, бас  ард түмний шүүх гэгчийг байгуулан төр засгийн өмнөх удирдагчдаа шүүхийг шаардаж байсан тохиолдол  бий гэж дарга нар хуучилдаг.  Энэ бүхэн  бол “матрын нулимс”-аар  тархиа угаалгаж, улмаар төр засагтаа өширхөж бухимдсан олон түмний хөдөлгөөний дарвилт байсан гэж ярьдаг. Тийм ч биз,  бас үгүй ч биз.
Тийнхүү өмнөх үеийн  төр засгаа түлхэн унагаасан нь эргэх цагийн нэхэл  хатуу жам ёсон байж мэдэх  юм.  Харин гол харлуулсан нэг явдал гэвэл  төр засгаа  огцруулсны дараагаар  улс орны    хөгжлийн замыг сонгохдоо  алдаа хийж,   өөрийн дэвшилттэй үеийг  аль хэдийнэ өнгөрөөсөн   зэрлэг  капитализмын замыг  сонгосноос болж “сахил хүртээд шал дордов” гэгчийн үлгэрийг үзүүлсэн  явдал  байдаг   юм.  Гэхдээ ямар ч атугай  аврагчийн хоосон дүр эсгэдэг “матрын нулимс” онц   их аюултайг үе үеийнхэнд ойлгуулж  өгснөөрөө энэ түүх  гашуун  боловч үнэтэй  сургамж үлдээсэн болов уу.
 Гэхдээ “үлдээсэн” гэдэг нь “матрын нулимс”-ны хаанчлах үе  хэдүйнэ дууссан гэсэн үг огтхон ч биш. “Матрын нулимс”-аар хууран мэхэлдэг  увайгүй бусармаг явдал эдүгээ  улам боловсон дүр төрхтэй болж,  эх орон ард түмний нийтлэг том  эрх ашгийг   маш ноцтой янаглан хорлосоор  байна.
Ойрын жишээ гэхэд сүүлийн  хэдэн сард ялангуяа  Эрдэнэтийн 49 хувийг төрд эргүүлж авах, улс төрчдийн оффшорыг хориглох, 2017 оны төсөвт тодотгол хийх, Олон улсын валютын сангийн  “өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдах, Зөрчлийн хуулийн тухай зэрэг  асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын танхимд “матрын нулимс”-аар  бүр  аадар  бороо шаагин асгарч байсан гэхэд  хилсдэхгүй биз.
Энэ удаагийн УИХ нь  “матрын нулимс”-аар   мунхруулдаг явдлыг  хумих чиглэлээр олон чухал хууль, шийдвэр гаргаж байна. Гэвч матрын нулимс унагаан нэр хүнд олж дадсан  эрхмүүдийн  төлөөлөл нь мэлмэрч уяртал нь “матрын нулимс” унагаж  байгаад тэдгээр амин  чухал хууль, тогтоол  шийдвэрийн эрч хүчийг сааруулахыг байдгаараа хичээж байна.
Өөр нэг үнэнийг хэлэхэд  манай шинэ Үндсэн хуулийн зарим  зүйл заалт дотроос яалт ч үгүй “матрын нулимс” дусагнаж байдгийг хэлүүштэй. Ялангуяа  нэг онцлог баримтыг дурдахгүй өнгөрч болохгүй. Юу гэвэл бүр 1990 оны есдүгээр сарын 26-нд шиг санагдана, тэр  өдөр  тухайн үеийн Улсын бага хурал  яалт ч үгүй шинэ хөрөнгөтнүүдэд ая  тал засан матрын нулимс дуслуулсан  шийдвэр баталсан  байдаг. Тэр бол тухайн үеийн шинээр сонгогдсон Засгийн газрын бүтцийг тогтоосон шийдвэр  байсан.   Чингэхдээ  мөнөөхөн  хүний эрх, хувийн өмчийн эрхийг  хангахад саад тотгор  болно  хэмээн “матрын нулимс” асгаруулж  байгаад Ардын хяналтын тогтолцоог  нийт системээр нь устгахаар шийдсэн байдаг. Мөн  дараахан нь баталсан өнөөх алдарт ардчилсан шинэ Үндсэн хуулиндаа  мөн л хүний эрх, хувийн өмчийн эрхийг хамгаална хэмээн   Ардын их хурлын депутатуудын  чихэн дээр нь  цэцэг ургуулж байгаад Прокурорын ерөнхий хяналтыг устгасан  баримтыг “матрын нулимс” гэхээс өөрөөр  нэрлэх аргагүй. Ингээд л Монгол Улсын эрх ашгийг бат цул болгон хооронд нь цементлэн  гагнаж байсан Төрийн ба Ардын хяналтын тогтолцоо  туждаа байхгүй болж, хариуцлага, сахилга батын   хяналт хариуцах эзэнгүй  замхарсан учраас  улс нийгмээрээ  эрэггүй ус шиг задгайрч, зээр гөрөөс шиг  зэрлэгших үүд хаалга нээгдсэн гэж дүгнэж болох байх.
Ингэж эзэнгүйдэн зэрлэгшихэд манай оронд төлөвшин тогтсон нийгмийн байгуулал нь ч бас хүчтэй нөлөөлсөн байх. Манайх  бол капиталист улс. Капитализм дотроо ялгаатай байдгийг эрдэмтэн мэргэд хэлдэг. Зэрлэг капитализм, хариуцлагатай ардчилсан капитализм, милитарист капитализм хэмээн ялгаж болохоор байгаа юм  гэсэн. Манай капитализм бол яалт ч үгүй зэрлэг капитализм. Тэр бол   эмх цэгц ба дэг журамгүй,  дур зоргоороо байхыг өөгшүүлдэг  хамгийн хоцрогдсон, хариуцлагагүй  капитализм мөн бүлгээ. Хэрэвхүйеэ  өнөөгийн Япон Герман, Англи болон Швед, Норвег зэрэг улсад байгаа шиг нийгмийн хариуцлагатай капитализмыг  нутагшуулж авсансан бол  ингэж гомдох, үг хэл татах явдал  байхгүй байх байсан.
 Саяхан “Зууны мэдээ” болон “Монголын үнэн”  сонинд нийтлүүлсэн “Ханш нээгдэх цагаар” хэмээх  нийтлэлдээ “Зүйрлэвээс   манай   Монгол  Улс нь  ботголох гээд  ботгоо гаргаж чадахгүй   байгаа хавтгайн  гунжин  ингэ  шиг зовж байна.  Тэр налж нэг  хэвтээд,  дүлж нэг  тийчлээд тэгснээ босож  хэд алхаад,  хажуулдаж  дахин хэвтээд, орилж баахан тэлчилнэ. Тийнхүү зовж зовж байгаад  төрөөд орхижээ. Тэгтэл гарсан төл нь ботго  биш боодолтой мөнгө байв гэнэ. Юун мөнгө байдаг билээ гэсэн тань “Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөр” хэмээсэн хаяг шошготой  байжээ” гэж бичсэн байгаа. Уншигчийг юм бодуулах гэж  тийнхүү егөөдсөн ухаантай юм.  Тэгэхдээ ботгоны оронд боодолтой мөнгө гарсан тухайд элдвийг бодуулах гээгүй. Харин Монгол Улсыг зэрлэг хавтгайн гунжаар төлөөлүүлсэн тухайд л эрхбиш нэгийг эргэцүүлж бодоосой гэсэндээ  ямар нэгэн   нэмэлт тайлбар хийгээгүй  орхисон. Одоо энд тодруулахад  хавтгай бол тэмээ биш   зүгээр л гөрөөс. Тэмээ шиг гөрөөс. Тэр зэрлэг амьтан. Тэр эзэнгүй амьтан. Эзэнгүй учраас   хулгайчдын хоол болсоор улаан номд орох хүртлээ цөөрч ховордсон  амьтан. Хавтгайн сүрэгт ат гэж байдаггүй. Эр бүхэн нь буур болдог. Буур бүхэн  олон цөөн ингэ  таслан авч тэрүүхэндээ   салан тусгаарладаг.
 Эдгээр шинж чанар нь   өнөөгийн Монгол Улсын ерөнхий   төрх байдалтай адилхан байгааг мэргэн оюундаа тунгааж хараасай хэмээн тиймэрхүү бүдүүн хадуун  зүйрлэл  хийсэн болно.    Яагаад гэвэл Монгол Улс хавтгайн сүрэг  шиг зэрлэгшиж байна. Хавтгайн сүрэг шиг  дур зоргоороо салан тусгаарлаж явдаг   улс төр- бизнесийн олон жижиг бүлэглэлийн бөөгнөрөл  төдийхөн   болоход   дөхөөд  байна.  Энэ бол мэдээж хэрэг “матрын нулимс”-аар бурханыг ч мэхэлж чадна хэмээн итгэдэг худал хэлж мэхэлдэг шуналтнуудын хатгалга, явуулгаар  зэрлэг  бүдүүлэг капитализмыг сонгож авсны   лай ланчиг гэгч нь   мөн биз.
Би “матрын нулимс”-ны тухай   бичих гэж нэлээн удаан бодож ажигласан хүн.  Тэгээд өөрийн хэр хэмжээгээр  ухаанаа ухаж байгаад арай хийж олж харсан цөөн хэдэн санал дүггнэлтийг энд хэлье.
 Минийхээр “Матрын нулимс” гэж   чухам юуг хэлээд байна вэ гэвэл  ерөнхийдөө худал, хуурмаг мэдээллээр олны тархи угаах гэж ойлгож байна. Тухайлбал тэр  нь нэгд,  түмний  чихэн дээр цэцэг ургуулж хууран мэхэлдэг. Хоёрт, уран   гоё үгээр илбэдэж байгаад  нийтийн том  эрх ашгийг янаглан хорлохыг хэлж байгаа юм.  Гуравт, хорон муу үгээр эгэл шударга баатруудын   сэтгэл, зүрхийг шархлуулж, гутаан доромжилж, үзэн ядуулахыг хэлж байгаа юм. Дөрөвт, төр түмний хөрөнгө, эх орны баялгаар  ая тал засан долдойдож нэр нүүр  олохыг хэлж байгаа юм. Тавд, эх орны өмнө хүлээх үүрэг хариуцлагыг  үгүйсгэж, зөвхөн  эрх ямбыг ихэсгэгчийн дүрээр улс төрийн олз хайхыг хэлж байгаа юм. Дээрх хэдэн шинж чанараар нь багцлан бөөгнүүлбэл  “матрын нулимс” хэмээгч нь   манай  өнөөгийн нөлөө бүхий үзэл суртал болсон нь харагдаж  байна.
  Чингэхлээр “матрын нулимс” гэдэг бол юуны өмнө эх орон, ард түмэнд  нэн чухал хэрэгцээ шаардлагатай санал санаачилга, ач тустай амин чухал ажил хэрэг бүхнийг жадлан эсэргүүцэж,  тэдгээрийг амаар алж, үгээр үхүүлдэг   бурангуй үзэл суртал мөн байна. “Матрын нулимс “ бол  нийгмийн ухамсрыг   ирээдүйдээ үл итгэх үзлээр  бохирдуулагч  гутрангуй үзэл суртал мөн байна.  “Матрын нулимс” бол үндэсний эв нэгдлийг хутган үймүүлж, задлан бутаргадаг  ховч үзэл суртал мөн байна. “Матрын нулимс” бол Монголыг   зэрлэгшүүлэгч харанхуй үзэл суртал мөн байна. “Матрын нулимс “ бол Монголыг монголоор нь устгуулах аюул агуулсан  хар үзэл суртал мөн байна.    “Матрын нулимс” гэх  энэхүү хачин содон нэрийн доор чухам юуг чухалчилж,  тодруулах гэсэн бэ хэмээвэл   ардчилал, хүний эрх, бизнесийн эрх чөлөөг   авран хамгаалагчийн зохиомол дүр эсгэн  улс төржүүлж,  үндэсний эв нэгдлийг сарниулж,  улс нийгмийн  амгалан тайван амьдралыг  үймүүлэн  будлиантуулж байгааг л тодосгон  учирлах гэсэн  юм.
Нөгөөтэйгүүр “Матрын нулимс” бол Монголын таван танхай хулгайчийг  төрүүлсэн үүр ноохой  болж байгааг онцолж  хэлэх гэсэн юм.  Тэдгээр тавыг товчоор нэрлэвэл  авилгачид, мөнгө хүүлэгчид, мөнгө угаагчид, оффшорчид, мөлжимтхий дамчид гэх тав  болно. Тэдгээр  задарсан таван хулгайч  буюу таван танхай  дээрэмчин нь  энэ цагийн морьтон Монголыг модоо барьсан гуйлгачин Монгол болтол нь хоосолж орхижээ!
Х.Цэвлээ
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …