ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ХУУРАН МЭХЭЛЖ ХОЁР САЯ ТӨГРӨГ АВСАН БОДИТ ҮНЭНИЙГ НЬ ДЭЛГЭСНИЙ ТӨЛӨӨ ӨМГӨӨЛӨГЧ Г.БАТБАЯР ТАВИН САЯ ТӨГРӨГ НЭХЭМЖЛЭН ЦАГДААГААР СҮР ДАЛАЙЛГААД ГҮЙЖ ЯВНА
Үнэнийг хэлсэн хүнд хүн өштэй, үхэр унасан хүнд нохой өштэй гэдэг цэцэн үг бий. Ман айсан хүн адуу үргээж, ичсэн хүн хүн алга гэсэн хоржоонтой үг ч байдаг. Тэгвэл өөрийгөө мундаг том өмгөөлөгч хэмээн сайрхаж, юм болгонд мэдэмхийрч яваа Г.Батбаяр мэтийн хүмүүст дээрх цэцэн үгс яг тохирч байх юм. Манай сонины өмнөх дугаарт “Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батбаяраас зайлсхийж явах нь зүйтэй” гарчигтай сэрэмжлүүлэх нийтлэл хэвлэгдсэнийг уншигчид санаж байгаа биз ээ. Энэхүү нийтлэлд Г.Батбаяр гэгч нь хэрхэн өмгөөлөгчийн ёс зүйг уландаа гишгэж, болчимгүй авирлан үйлчлүүлэгчээ луйвардаж эрүүгийн хэрэгтэн болсон талаар тов тодорхой баримт түшиж бичсэн байлаа. Уг нийтлэлийг уншсан хүмүүс нэгийг санаж, хоёрыг тунгаасан нь лавтай.
Сүүлийн үед шүүхийн шинэчлэлийн хүрээнд төрөөс хуульчдын ёс зүйн хэм хэмжээг нарийн зохицуулахын тулд тэдэнтэй холбоотой хууль, дүрмүүдийг шинэчлэн баталж хэрэгжилтэнд нь хяналт тавьж байгаа билээ. Гэвч хуульчийн ёс зүй, дүрэм журмаа гажуудуулж сурсан өмгөөлөгч Г.Батбаярт энэ бүхэн падлийгүй шинжтэй үйлчлүүлэхээр хандсан иргэдийг луйвардаж мөнгө төгрөгийг нь авч байсан тухай бидэнд хуулийн байгууллагаас авсан баримт байгаа юм. Тодруулбал Г.Батбаяр иргэн Г.Санчирыг 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаарт зааснаар сэжигтнээр тооцогдон шалгагдах үед түүний аав Д.Гэрэлт-Одын хүсэлтээр хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байв. Өмгөөлөгч хүн гэмт хэргийг мөрдөн шалгаж байгаа албан тушаалтан, сэжигтэн хоёрын дунд мөнгө төгрөг барьж гүйдэг, мөнгөөр асуудлыг нь зохицуулна гэж амладаг, өөрөө мөнгө төгрөгийг нь аваачиж өгдөг, хооронд нь зуучилдаг хүн биш гэдгийг хуульчид эрхбиш мэдэх болов уу. Гэсэн хэдий ч тухайн үед Г.Батбаяр Г.Санчирын аав Д.Гэрэлт-Одод “Би танай хүүг цаашид цагдан хорихоос бусад таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар хэргийг шалгаж буй Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч П.Алтанцоожид хоёр сая төгрөг өгнө” гэж итгүүлээд /Ж.Энхбилэг, Д.Баярмаа нараас/ хоёр сая төгрөг авсан байгаа юм. АТГ-ын мөрдөн байцаагчид авлига болгож өгөх хоёр сая төгрөгийн тухай ярьж байгаа өмгөөлөгч Г.Батбаярын ярианы бичлэг сэлт нь ч Г.Санчир нарын гар утсанд бичигдэж үлдсэн байв.
Тэдний дунд маргаан үүсэх үеэр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Батбаярын дуу хоолой мөн гэдгийг баараггүй тогтоож өгсөн байлаа. Нэг ёсондоо өмгөөлөгч Г.Батбаяр нь хууль эрх зүйн мэдлэг муутай хүмүүст худлаа хэлж, мөрдөн байцаагчийн нэрийг барин өнөөх хоёр сая төгрөг аваад хувьдаа завшсан нь баримтаар нотлогдсон байсан юм. Гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан Г.Санчирын хэргийг удалгүй прокуророос хэрэгсэхгүй болгосон бөгөөд тэрбээр хийгээгүй хэргийн төлөө хүнд авлига өгөхгүй хэмээн нөгөө хоёр сая төгрөгөө Г.Батбаяраас буцааж авах гэтэл мань эр уурлан хэдэрлэснээс болоод өмгөөлөгчийн ёс зүйгүй, авлигын сэдэлтэй хоёр сая төгрөгийн хэрэг босч ирсэн байв.
Авлигатай тэмцэх газрын мөрдөн өмгөөлөгч Г.Батбаяраас хоёр сая төгрөгийн хахууль аваагүй гэдгээ мөн л камерын бичлэгээр батлан харуулсан учраас Г.Батбаяр яах аргагүй эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж эхэлсэн байсан билээ. Иргэдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ хуулиа дээдэлж хүнлэг чанарыг эрхэмлэх ёстой өмгөөлөгч Г.Батбаяр үйлчлүүлэгч нараа хуурч мэхлэн хоёр сая төгрөгийг нь аваагүй бол ийм хэрэг гарахгүй, мань хүн цагдаад байцаагдаж хөлсөө урсган гүйхгүй байв. Хаа очиж цагдаа прокурорт танил тал ихтэйн ачаар тэрбээр энэ хэрэгтээ ял зэм сонсолгүй яаж ийгээд сугарч дөнгөсөн байлаа. Бодит болсон явдал, баримт нотолгоон дээр тулгуурлан бичсэн дээрх нийтлэл манай сонинд хэвлэгдсэн явдалд өширхсөн өмгөөлөгч Г.Батбаяр ёстой л ичсэн хүн хүн ална гэгчээр манай сонины эрхлэгч, яруу найрагч Б.Галсансүхээс 50 сая төгрөг нэхэмжилнэ хэмээн сүртэйгээр зарлан мэдэгдээд зогсохгүй Чингэлтэй дүүргийн цагдаад хандаад байна. Үнэнийг нийтэлж, олон түмнийг ёс зүйгүй ийм өмгөөлөгч нарт бүү хууртагдаарай хэмээн сэрэмжлүүлэх нь чөлөөт хэвлэлийн гол үүрэг тул манай сонин энэ үүргээ биелүүлснийхээ төлөө Г.Батбаярт 50 сая төгрөг төлнө гэж юу байхав.
Энүүн шиг утгагүй юм гэж байхгүй. Яг үнэн хэрэгтээ өмгөөлөгч Г.Батбаярын тухай манай сонинд нийтлэгдсэн мэдээллээс гадна хүнийхээ хувьд ч дэндүү ёс жудаггүй авирласан, бүр эрээ цээрээ алдсан өөр бусад хэрэг явдлуудыг нотолсон баримтууд ч өчнөөн байгаа юм. Тухайлбал мань эр 2010 оны долоодугаар сарын 2-ны өдөр бусдын эрх чөлөөнд халдан зодож танхайраад цагдаа сэргийлэхдээ тулж орж торгуулаад салсан нэг хэрэг байна. Чухам яасан бэ гэвэл, тэр өдөр түүний амьдарч байсан Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны гуравдугаар байрны 45 тоотод оршин суугчид байрандаа засвар хийж байжээ.
Гэтэл өмгөөлөгч Г.Батбаяр гүйж ороод “Миний амгалан тайван байдлыг алдагдууллаа” хэмээн гэрийн эзнийг зодсон байгаа юм. Байрандаа засвар хийх нь хүнд зодуулах шалтаг биш гэдгийг тэнэг хүн ч мэднэ. Засвар хийх шаардлага айл өрх бүрд л гардаг. Тэр болгонд хөршүүд нь агсраад, зодож нүдээд байдаггүй. Айл хүний амь нэг гэгчээр харин ч бие биедээ хүндэтгэлтэй хандан засвар хийж байгаа хэд хоногт янз бүрийн чимээ шуугиан зэргийг тэвчээд өнгөрдөг. Харин өмгөөлөгч гэх нэрийг өөртөө зүүсэн Г.Батбаяр бол тийм хүлээцтэй, хүнд хүндэтгэлтэй ханддаг нэгэн биш болох нь ингэж харагдсан байлаа. Уг нь хуульч хүн хамгийн хүнлэг байх ёстой гэдэг ч Г.Батбаярт тийм зан авир өчүүхэн ч байхгүй нь энэ мэт өөр олон жишээнээс ч тодхон харагдаж байгаа юм. Тэгсэн атлаа өндөг мэт өөгүй, өчүүхэн ч алдаа эндэгдэл гаргадаггүй хүн мэт харагдахыг хичээн үнэнийг дэлгэсэний төлөө сүржигнэж гүйгээд байгаа нь инээдтэй.
Эх сурвалж: “Ноцтой мэдээ” сонин