Н.Энхбаярын эрхийг зөрчиж байгаа асуудлаар “Монголын Эмнести интернешнл” байгууллагад МАХН хандсан. Энэ талаар хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатартай ярилцлаа.
-Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхын тулд хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаа талаар та тайлбар өгөөч?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намаас нэр дэвшүүлэх учиртай. Энэ хүрээнд эрх барьж байгаа олигархи бүлэглэл тэр дундаа МАН эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сөрөг хүчнээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг оролцуулахгүй байх бүхий л аргыг хайж байна. Тодруулбал, шүүх, цагдаа, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хууль зөрчүүлэн шийдвэр гаргахад нөлөөлж байна.
Бид шүүхийн байгууллагад энэ асуудлаар албан ёсоор хандаагүй. Харин бие хүмүүс ялтай байдлын талаар шүүх, хуулийн байгууллагад хандсан байгаа юм. Ингэхдээ нэр дэвшигч болон МАХН-аас албан ёсны зөвшөөрөл аваагүй. Гэтэл шүүхийн байгууллагаас хууль бус бичиг баримтыг үндэслэн шийдвэр гаргасан байна. Энэ талаар бид холбогдох газруудад хандсан учраас үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Нөгөө талаар Монгол Улсын цагдаагийн байгууллага ялтай байдлын тухай тодорхойлолт гаргахдаа хэргийг мушгин гуйвуулж, зориуд буруу тайлбар өгч байгаа. Өөрөөр хэлбэл, 2009 оны Өршөөлийн тухай хуулиар ялтай байдал нь дуусгавар болсон юм шүү дээ. 2016 онд энэ асуудлаар Улсын дээд шүүх, цагдаагийн байгууллага эрх мэдлээ хэтрүүлэн, тэр дундаа бүртгэл тэмдэглэгээ хийсэн байх ёстой журмыг зөрчиж бичиг гаргаж байсан. Энэ байдал дахин давтагдаж байна.
–Та ямар журмын талаар ярьж байна вэ?
-Энэ журам нь тухайн үеийн Хууль зүйн сайдын Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүсийн ялтай байдлын талаар “Ялгүй” гэсэн бичиг гаргаж өгөх ёстой журам бий. Үүнийг цагдаагийн байгууллага зөрчсөн гэж үзэж байна. Учир нь МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг гол өрсөлдөгчөө гэж үзэн хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг ард түмэнд сонордуулах нь зүйтэй юм. Өршөөлийн хуулиар үндсэн болон нэмэгдэл ял нь бүрэн хэмжээгээр өршөөгдөж, ялтай байдал нь мөн энэ хуулийн заалтын дагуу байхгүй болсон асуудлыг зориуд гаргаж хүмүүсийг төөрөгдүүлж байгаа нь харамсалтай. Манай улсад ардчилал алга, хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн сөрөг хүчнийхээ удирдагчийг улс төрийн хэргээр хэлмэгдүүлж олон жил явсан. Хэдийгээр Өршөөлийн хуулиар энэ асуудал дууссан боловч эрх барьж байгаа УИХ, Засгийн газар шүүх цагдаагийн байгууллагад шууд нөлөөлж байгаа нь гэмт хэргийн шинжтэй байна. Цагдаагийн байгууллагаас гаргаж өгч байгаа бичиг нь зориуд мушгин гуйвуулсан, хуулийг буруу тайлбарлахаас гадна Хуулийн зүйн сайдынхаа журмыг мөрдөөгүй, санаатай, албан тушаалын гэмт хэргийн шинж чанартай байгааг ЦЕГ-ын дарга Ө.Энхтөрд мэдэгдэж байна. Түүнчлэн хууль бус, бусдын гарын үсгийг дууриалган зурсан бичиг баримтыг үндэс болгон улс төрийн захиалгаар хууль зөрчсөн шийдвэр гаргалаа.
-Хууль бус шийдвэрээр хүний эрхийг зөрчиж байгаа талаар Олон улсын хүний эрхийн байгууллагад хандсан байна. Үүнийг тодруулж өгнө үү?
-Олон улсын “Эмнести интернешнл” байгууллагын Монгол дахь салбарт манай намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон намын төлөөлөл очиж уулзсан. Энэ байгууллага нь дэлхийн өнцөг булан бүрт хүрч хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллага. Монгол Улсын ардчиллын нэр хүндийг унагаж, Н.Энхбаярыг хилс хэрэгт хэлмэгдүүлэн эрүүдэн шүүж, хүний эрхийг зөрчсөн талаар энэ байгууллагад удаа дараа хандаж байсан. Одоо мөн л эрх мэдлээ урвуулан ашиглаж хүний эрхийг зөрчиж байгаа талаар Монголын эмнести интернэшнл байгууллагад хандахаас аргагүйд хүргэлээ. Н.Энхбаяр гэдэг хүний Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг нь удаа дараа ноцтойгоор зөрчиж байгааг онцлон тэмдэглэе.
-Та бүхэнд Олон улсын байгууллагаас хариу хүлээх хугацаа бий юу?
-Хүний эрхийн үндэсний комисст өмнө нь ч, одоо ч бас хандаж байна. Н.Энхбаяр гэдэг хүний ялтайд тооцох хугацаа дуусгавар болсон гэдгийг эрх бүхий байгууллага нь тодорхойлсон байгаа. Гэтэл цагдаагийн байгууллага бүртгэлээ бүрэн хийгээгүй хэрнээ “Ялтай” гэдэг дүгнэлт гаргаж болохгүй гэдэг шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх гаргасан. Тийм учраас эргэлзэх ямар ч асуудал алга. Мэдээж улс төрийн намуудаас нэр дэвшигчийг бүртгэх хугацаа бага байна. Эрх баригч намаас элдэв дарамт явуулсаар байгааг хэлье. Гэвч Монгол Улсад хуулийг завхруулан, уландаа гишгэж байгааг Монголын ард түмэн эсэргүүцэж байгааг анхаарах хэрэгтэй. Төрийн эрх мэдлийг хууль бус аргаар, хүний эрх, шударга ёсыг зөрчих байдлаар авч үлдэхийг зорьж байгаад жирийн иргэд дургүйцлээ илэрхийлсээр байна. Тиймээс эрх баригчид ард түмний бухимдлыг хүлээж авах ёстой. Байдлыг даамжруулснаар 2008 оны үйл явдал давтагдах вий гэх болгоомжлол байгаа учраас урьдчилан сануулж, сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин