“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжсэн, гадаад, дотоодын нийтдээ 25 мянга гаруй иргэдийг хамруулсан арга хэмжээний нэг болоод байна. Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2014 онд 16839, 2015 онд 18085, 2016 онд манай нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 27 мянга гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгуулсан билээ.
Энэ жилийн хувьд “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 20–ны өдөр дөрөв дэх удаагаа зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.
“Улаанбаатар Марафон”-нд Монгол Улсын Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар Марафонд нэгдэцгээе” цомыг нийслэл, дүүргийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 20-ны хооронд 60 хоногийн хугацаатай аялуулж, 4000 гаруй хүнийг анкетаар, 1500 иргэнийг онлайнаар бүртгээд байгаа юм гэж нийслэлийн нийтийн биеийн тамир, Спортын хорооноос мэдээллээ.