“Ноёд” группын захирал Г.Буяндоржийг улсад их хэмжээний хохирол учруулсан, залилсан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. Түүний дээрх хэргээс гадна татвараас зайлс хийсэн гэх хэрэгт нь шүүхээс их хэмжээний торгуул ноогдуулсан юм байна. Тэрээр дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас Г.Буяндоржийн хөрөнгийг битүүмжлэх ажлыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас эхлүүлээд байгаа ажээ. Гэвч улсын бүртгэлд түүний нэр дээр эд хөрөнгө байгаагүйгээс эхнэр МУГЖ Т.Ариунаагийн “LEXUS 350” маркийн УБД- 7878 дугтаартай автомашиныг нь битүүмжилсэн юм байна.
Иймд Г.Буяндоржийн нэр дээр эд хөрөнгө, орон сууц, автомашин байхгүй байгаа нь цагдаагийнханыг мухардалд оруулаад байгаа гэнэ. Цагдаагийн байгууллагын хардаж буйгаар хөрөнгөө өөрийн хамаатан, ах дүүстээ шилжүүлсэн байж болзошгүй гэж үзэж буй юм. Энэ талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Э.Батбаяраас тодруулахад “Г.Буяндоржийн татвараас зайлс хийсэнтэй холбоотой хөрөнгө барагдуулах асуудал үүссэн. Т.Ариунаагийн автомашиныг хураах болсон нь Г.Буяндоржид өөр хөрөнгө байгаагүй юм байлгүй. Түүнээс Т.Ариунаатай ямар нэгэн холбоогүй. Би энэ талаар үүнээс өөр мэдээлэлгүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох ажилтнаас тодруулсан дээр байх” гэдэг тайлбарыг өглөө. Арбитрийн шүүхээс Г.Буяндоржийг татвараас зайлс хийсэн гэх хэргээр их хэмжээний төгрөгийг барагдуулах шийдвэрийг гаргасан ажээ.
Г.Буяндоржоос татварын өр барагдуулах, гүйцэтгэх ажлыг Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч А.Заяа хариуцаж байгаа юм байна. Түүнээс дараах зүйлийг тодрууллаа.
-Г.Буяндоржийг татвараас зайлс хийсэн хэргээр шүүхээс их хэмжээний торгууль ноогдуулсан юм байна. Хэдий хэмжээний төгрөгийг гаргуулах ёстой байдаг юм бэ?
-Арбитрийн шүүхээс 459 сая төгрөгийг гаргуулах шийдвэрийг ирүүлсэн. Г.Буяндорж талыг нь барагдуулсан байгаа.
-Гэргий Т.Ариунаагийн автомашиныг нь танай байгууллагаас хураах шийдвэр гаргасан. Г.Буяндоржид өөрийнх нэр дээр бүртгэлтэй хөрөнгө байдаггүйгээс ийм шийдвэр гарсан гэж ойлгогдож байна?
-Дундын өмчлөл гэдэг үндэслэлээр Т.Ариунаагийн автомашиныг хураасан. Түүний эд хөрөнгө, өмчийн бүртгэлийг асуудлыг судлаж байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаныхан дээрх тайлбарыг өглөө. Тэдний зүгээс “Хувь хүнтэй холбоо мэдээллийг олон нийтэд дэлгээд байх нь зохимжгүй байдаг. Иймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Г.Буяндоржийн хэргийг шалгаж буй цагдаагийн байгууллагын зүгээс “Ноёд” гэсэн групп улсын бүртгэлд байдаггүй” гэдэг албан ёсны мэдээллийг өглөө. Г.Буяндорж нь 459 сая төгрөг барагдуулахаас өдгөө 200 гаруй сая төгрөг үлджээ.
Харин Г.Буяндоржид холбогдох эрүүгийн хэргийг УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж байгаа. Сүүлд олдсон мэдээллээр Г.Буяндорж нь Хятадын “Тайшин” компанид Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит компаниас төмрийн хүдрийн баяжмал нийлүүлэхээр гэрээ байгуулж дундаас нь мөнгийг нь завшсан гэх хэрэгт нэмж хэд хэдэн хүнийг байцаах ажлыг эхлүүлсэн байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал П.Эрдэнэцогт, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Эдийн засаг, худалдаа хариуцсан орлогч захирал М.Сайннямбуу нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Эл хэрэгт холбогдсон БНХАУ-ын иргэнийг саатуулан шалгаж байгаа. Ойрын эх сурвалжийн мэдэгдсэнээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлуудын нэгийг саатуулан шалгаж буй гэх мэдээллийг өглөө.
Хэргийг шалгаж буй цагдаагийн ажилтнууд мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхайлах үүднээс хэрэгт холбогдогчдыг саатуулан шалгаж байгаа юм байна.
Т.АМАРТҮВШИН Ugluu.mn