Анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр батласан нь олныг гайхшрууллаа
“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт буруутгагдаж буй “МИАТ “компанийн экс удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн зургаадугаар сарын 11-12-нд болж, “МИАТ”-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Р.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар,
Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, “Монголиан эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургаадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон. Тэгвэл шүүгдэгчид дээрх ялыг эсэргүүцэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Тэдний гаргасан гомдлыг эл шүүх хурлаар хэлэлцээд анхан шатны шүүхээс гаргасан ялыг хэвээр баталлаа.
Түүнчлэн “МИАТ” -ийн экс удирдлагуудын хэргээс Ч.Хоролсүрэнгийн туслахаар ажиллаж байсан Н.Гантөмөрийн хэргийг тусгаарлаад байсан. Гэтэл түүнтэй холбоотой хэргийг бусад шүүгдэгч нарт тохож хохирлыг нь мөн адил хуваан төлүүлэхээр боллоо. Тухайлбал анхан шатны шүүхээс эл хэрэгт олон хүнийг хоморголон ял өгөх болсон шалтгаан нь “Мөнгө угаасан гэмт хэрэг” хэмээн маш их ач холбогдол өгсөнд байгаа юм.
Шүүгчид дуулиан тарьсан шигээ шүүгдэгчдэд оноосон ялыг нь зөв өгсөн үү гэвэл үгүй. Учир нь шүүх хурал анхнаасаа ямар ч нотлох баримт дээр үндэслээгүй, зөвхөн тэднийг нийгэмд эдийн засгийн гэмт хэрэг хийсэн мэтээр ойлгуулах нь чухал байсан бололтой. Энэ бүх үйл явдлыг шүүх хурлын явцад шүүгдэгчдийн өмгөөлөгчид ч батлан хэлж байсан юм. Тухайлбал Баянзүрх дүүргийн шүүх болон Улсын яллагч нар Эрүүгийн хуулийг буруу ашигласан, хуулийн заалтыг зөв хэрэглээгүй хэмээн өмгөөлөгчид хэлж байсан.
Өөрөөр хэлбэл “МИАТ” компанийн экс удирдлагуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3 буюу мөнгө угаах гэмт хэрэгт биечлэн оролцсон, 156.3.3-т зааснаар банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутган ял оноосон юм. Тиймээс шүүгдэгчид өөрсдөд нь оноосон 11-13 жилийг хүн тус бүр эсэргүүцэж байгаагаа мэдэгдэн анхан шатны шүүхээс оноосон ялыг дахин хэлэлцэж хавтаст хэрэгт орсон шүүгдэгчдийн мэдүүлэг болон хуулийн заалтыг дахин сайн нягтлан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдэхийг хүссэн юм.
Тиймээс хэрэгт холбогдсон гэх зургаан хүн шүүхээс оноосон ялыг цагаатгах хүсэлтэй байгаагаа ч Нийслэлийн давж заалдах шатны шүүгч нарт мэдэгдсэн байсан.
Давж заалдах шатны шүүх хуралд оролцож буй шүүгдэгчдийн өмгөөлөгчид “Анхан шатны шүүх хурал хэт нэг талыг барьсан, мөн тэдгээр хүмүүсийн гэм буруутайг нотлоогүй мөртлөө шийтгэх тогтоолыг түлхүү барьж ажилласан, түүнчлэн зургаан хүний хэргийг нэг хүн үйлдсэн мэтээр яллах дүгнэлт үйлдсэн” гэх зэрэг ноцтой зүйлүүдийг ярьж байсан. Тухайлбал анхан шатны шүүх болон улсын яллагчийн зүгээс хэрэгт холбогдогчдыг 17 удаагийн үйлдлээр мөнгө угаасан гэж үзэж байгаа юм.
Тэгвэл энэ гэмт хэрэг хэзээ гарсан, нэр бүхий хүмүүс яаж оролцсон, хэн хэн ямар оролцоотой байсан, 9,3 тэрбум төгрөг ямар замаар яаж хэдийд угаагдаж байсан, угаагдсан мөнгийг ямар нотлох баримт дээр үндэслэж байгаа юм гэх зэрэг олон асуултууд шүүх хурлын явцад тодорхойгүй байсан байна. Гэтэл тэдний хийсэн гээд байгаа хэргүүд тус бүрээрээ нотлогдоогүй байхад чухам яагаад тэдэнд 11-13жилийн ял оноов гэдэг нь олон хүний сонирхлыг татахаас өөр аргагүй. Түүнчлэн Баянзүрх дүүрэг дээр болсон анхан шатны шүүх хурал анхнаасаа будлиантай болж байжээ. Тус шүүх хуралд оролцож байсан шүүгчид нь хурлыг унтаа байдлаар явуулж хурлыг хурдан шуурхай хийж шүүгдэгчдийн өмгөөлөгчдөд ямар ч мэтгээлцээн явуулах боломж олгоогүй байсан байна. Түүнчлэн улсын яллагч нь хуульд байхгүй шинэ нэр томьёо хэрэглэсэн сонин шүүх хурал болсон аж.
Эл хэргээс хамгийн их хохирсон хүн нь Монгол Улсын гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ. Түүнийг гэм буруутай гэж тооцон чанга дэглэмтэй хорих ангид 12 жил хорих ял оноогоод буй билээ. Р.Бат-Эрдэнэ анхан шатны шүүх хурлын үеэр бүх зүйлийг тодорхой ярьсан байдаг. Угтаа бол Р.Бат-Эрдэнэ Ц.Орхоны өмнө МИАТ-ийн захирал байсан хүн. Хамгийн гол нь тэрбээр нисгэгч учраас нислэгийн аюулгүй байдалд л анхаарлаа төвлөрүүлэн ажилласан болохоос эдийн засгийн гэрээний асуудалд төдийлэн нарийн орж байгаагүй аж. Тэгээд ч түүнийг ажиллаж байх хугацаанд тус компани Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас хийсэн шалгалтад 100 буюу “А” үнэлгээ авч байсан байдаг юм.
Энэ тухайгаа ч Р.Бат-Эрдэнэ шүүх хурал болон хавтас хэрэгтээ тодорхой мэдүүлсэн байна билээ. Тэрбээр “Намайг Солонгост байхад гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилла гээд би ажилласан. Дараа нь 2010 оны нэгдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 26-ны хооронд гүйцэтгэх захирлаар ажилласан. “Дайны эрсдэлийн сан”-гийн гэрээг НҮБ-ын конвенцийн эрсдэлийн сан байгуулах ёстой гэх заалтын дагуу байгуулсан. Тиймээс би үүнийг үргэлжлүүлэх ёстой гэдэг үүднээс гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед үүргээ гүйцэтгэж байна гэж бодож байсан. Компанийн эзэдтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Би хариуцлага хүлээхгүй гэж хэлэхгүй. Үүрэгт ажилдаа хайнга хандсан. Тиймээс зүйлчилж байгаа зүйл, заалттай санал нийлэхгүй байна” гэж мэдүүлж байсан.
Гэтэл ийнхүү мэдүүлсээр байхад нь түүнийг мөнгө угаасан гэмт хэрэгт буруутгаж 1999 онд худалдаж авсан орон сууц, 2004 онд хэсэг найз нөхдийн хамтын хөрөнгөөр босгож байсан компанийнх нь 25 хувийн эзэмшлийг нь хураах шийдвэр гарсан нь олны дургуйцлийг төрүүлээд байгаа юм.
Уг нь “МИАТ”-ийн хэргийг мөрдөн байцаалтаар тогтоохдоо 2007 онд эхэлсэн гэж тогтоосон. Гэтэл “МИАТ”-ийн дарга болох, энэ гэрээ байгуулахаас өмнө бий болсон гэр орон, нэг компанид 25 хувь эзэмшиж байсныг хураасан нь шүүх хурал хэтэрхий нэг талыг барьж хамгийн их гар бие оролцсон хүний ялыг зарим хүмүүст тохож тэдний хөрөнгийг хурааж авах нь шүүх хэр шударга шүүсэн бэ гэдгийг хэлээд өгч байгаа юм.
Хамгийн хачирхалтай зүйл нь бүх хүмүүсийн эд хөрөнгийг битүүмжилсэн мөртлөө Ч.Хоролсүрэнгийн зарим эд хөрөнгийг нь буцаан өгсөн явдал. Угтаа бол Ч.Хоролсүрэн хэрэгт хамгийн их оролцоотой байсан гэдгийг шүүгч болон улсын яллагч нар бүгд мэдэж байгаа. Эндээс нэг зүйлийг ажиглахад Р.Бат-Эрдэнэд “Дайны эрсдэлийн гэрээ”-нээс хойш бий болсон нэг ч хөрөнгө байхгүй. Хэрвээ шүүх Р.Бат-Эрдэнэд “Та буруугүй байжээ” гээд хөрөнгийг буцаагаад өгчивөл уг хэрэгт холбоогүй болж харагдана гэж бодсон.
Тэгэхээр заавал энэ хүнийг хэргийн холбоотноор үлдээх ашиг сонирхол хэнд байгаа юм бол гэдэг хачирхалтай. Ч.Хоролсүрэн Р.Бат-Эрдэнийг “Ямар ч буруугүй, энэ хэрэгт хумсын төдий ч оролцоо байхгүй” гэдгийг шүүх хурал дээр нотлосон. Мөн 24 хавтаст хэрэгт Р.Бат-Эрдэнийг ийм хувилбараар хэрэгт оролцжээ гэсэн ямар ч нотлох баримт байхгүй байгаа нь бас л сонирхолтой л юм. Ямартай ч өглөөний 09:00 цагаас эхэлсэн шүүх хурал оройны 19:48 цагт дуусч шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хурлын шийдвэрээр хэвээр баталсанд өмгөөлөгчид дараагийн шатны шүүхэд хандах болсноо мэдэгдсэн юм. Хэргийн болсон үйл явдлыг шүүгдэгч нарын өмгөөлөгчид Хурал даргалагч шүүгч Даваасүрэнд маш тодорхойгоор тайлбарлаж өгсөн боловч юуны учир ийнхүү ялыг хэвээр батлав гэдэг нь цаанаасаа захиалагат шүүх хурал болжээ гэдэг нь тодорхой харагдаж байна гэж хэлэх хүн ч олон байсан.