С.Гантогоо: Ямар ч тавилтгүй миний сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн зураг авалт хийгдэнэ

Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг-2” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, олны талархал хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа авьяаслаг залуу бол С.Гантогоо юм. Түүнтэй “Cinema Awards” арга хэмжээний үеэр ярилцсан юм.

-Юуны өмнө таньд “Яг түүн шиг-2” шоунд амжилттай оролцож байгаад тань баяр хүргэе. “Cinema Awards”-д уригдан ирж ая дуугаа өргөн барилаа. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Сэтгэгдэл маш өндөр байна. Энэ сайхан ёслолын үйл ажиллагаанд Монголынхоо кино урлагийн уран бүтээлчтэй нэг тайзан дээр гараад нэг өдөр хамт байна гэдэг бол миний хувьд нэр төрийн хэрэг. “Cinema Awards”-д ая дуугаа өргөсөндөө үнэхээр маш их баяртай байгаа. Удахгүй Монголын кино урлаг, Монгол дуу дэлхийн тавцанд гарах хугацаа ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ үйл ажиллагаа жил болгон улам илүү өргөжин тэлж олон сайхан уран бүтээлчид шинээр гарч ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

-“Яг түүн шиг-2” шоу одоо ердөө хоёрхон баззер үлдсэн. Ямар уран бүтээлчийг тараасай гэж хүсэж байна вэ?

-Одоогийн байдлаар 9 дахь дугаарт нэгт, миний давуу тал болох Солонгос хэл дээр дуулна гэдэг бол бусдаасаа арай илүү давуу. Тийм болохоор  Солонгос дуучин тараасай гэж хүсэж байна. Хоёрт, цаадах чинь Rita Oberoi, Lady Gaga, Rihanna аягүй сайн хувирсан болохоор эмэгтэй дүр тарчихвал арай сайн гаргачих юм болов уу гэж бодоод байгаа. Гэхдээ миний хүслээр болохгүй юм чинь яах вэ дээ.

-Та сая үлдсэн хоёр баззерт эмэгтэй дүр тарчихвал гэсэн шүү дээ тэгвэл гадаадын эмэгтэй уран бүтээлч гэхээсээ илүүтэйгээр Монголынхоо эмэгтэй уран бүтээлчдэд хувирвал зүгээр биш үү. Таарвал ямар уран бүтээл тараасай гэж бодож байна вэ?

-Одоо бол хамаагүй шүү дээ. Ямар ч уран бүтээлч таарсан өөртөө таарсан дүрийг өөрийнхөө хэмжээнд маш сайн зүтгэж байгаад гаргахыг бодож байна. Ерөнхий дөө тийм уран бүтээлч тараасай гэхээс илүүтэйгээр эмэгтэй ч ба эрэгтэй ч ба чадлаараа үзүүлэхийг хичээнэ гэсэн зорилготой байгаа.

-Солонгос улсын найруулагч таны амьдралаар баримтат кино бүтээж байгаа. Зургаадугаар сард Хөвсгөл аймаг явж зураг авалтаа хийнэ гэсэн байгаа шүү дээ. Хөвсгөл аймагт ямар зураг авалт явагдах вэ?

– Хөвсгөл аймагт зураг авалт хийх гэж байгаа гол шалтгаан нь миний төрж өссөн нутаг. Тэр утгаараа сургуулиудаар орно. Нэг ярилцлагандаа дурьдаж байсан “Хөвсгөл аймагт ороогүй тэмцээн байхгүй” гэж. Энэ утгаараа дурсамжаа сэргээнэ дээ. Гэхдээ ямар ч тавилтгүй ерөөсөө нутагтаа очиж байгаа миний сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн маягаар явагдах байх гэж бодож байна.

-Зураг авалт Хөвсгөл аймгийн аль суманд явагдах вэ?

-Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зураг авалт хийгдэнэ. Мөн Хөвсгөл далайд очиж зураг авалт хийгдэх төлөвлөгөөтэй байгаа.

Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр  амжилт хүсье.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …