Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд Санжийн Баяртай ярилцлаа.
-Сайн байна уу та. Ярилцлага авах хүсэлтийг маань хүлээн авсанд баярлалаа. Та Монголдоо ирээд удаж байна уу?
-Сайн сууж байв уу. Би нутагтаа ирээд удаагүй байна.
-Аль хавар таныг энд ирчихсэн байгаа гэсэн мэдээ яваад байсан болохоор асуулаа л даа…
-Тэгсэн үү. Мэдээ яваад байж гэнээ… Мэдээнээс үнэн баримжаа авдаг цаг өнгөрсөн, харамсалтай нь.
-Ингэхэд та энэ удаад ямар ажлаар ирэв дээ?
-“Суусан газраасаа чулуу атга” гэсэн үг бий. Тэрэн шиг суугаа орноосоо хөрөнгө оруулагч татах нь Элчин сайдын хичээх ёстой ажил. Гаднынхан үргэж бусгаад байгаа одоо цагт энэ бол бүр чухал. Тиймээс Английн нэг том компанийн удирдлагыг Элчин сайдын хувьд би Монголд урьсан юм. Манайд их хэмжээний хөрөнгө оруулах тухай яриад байгаа улс.
-Их гэж яг хэр хэмжээний хөрөнгө юм бэ. Яг ямар салбарт хөрөнгө оруулах юм бол?
-Төслийн өртөг нь 1.2 тэрбум ам.доллар. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах төсөл. Шивээ овоо дээр цахилгаан станц барих тухай ярьж байгаа. Хоёр талдаа ярьсаар байгаад овоо чамбай болсон төсөл. Лондонд очсон цагаасаа хойш л би энэ төслийг онцгойлон чухалчилж байгаа санаатай.
-Тэгж чухалчлах ямар онцлогтой төсөл юм бэ?
-Хэд хэдэн онцлог бий. Нэгдүгээрт, төсөл сайн учраас оруулах хөрөнгө нь бэлэн гэнэ. Төсөл санхүүжүүлэх банкны төлөөлөл хамт ирсэн. Хоёрдугаарт, нийлүүлэх цахилгааны үнэ өртөг нь харьцангуй хямд. Гуравдугаарт, говь нутагт ус ховор. Тиймээс ус хэмнэдэг хөргөлтийн “хайбрид” системтэй байх гэнэ. Мөн Хаялга нуурын усыг цэвэршүүлж ундных болгоно. Дөрөвдүгээрт, цахилгаан станцаас гарах хаягдал үнсээр нь барилгын блокийн үйлдвэр барина. Тавдугаарт, станцын дэргэд хүлэмжийн том аж ахуй байгуулж, хүнсний ногоо тарина, ажлын байр бий болгоно. Уг төслийг дагаад нийтдээ 800 гаруй ажлын байр шинээр бий болно гээд байгаа. Энэ мэтчилэн яривал боломжийн төсөл болсон мэт. Гэхдээ хэлэлцэх, тодруулах, нягтлах зүйл бас байна. Тиймээс Эрчим хүч, Байгаль орчин, Хүнс Хөдөө аж ахуйн яамаар орж уулзалт, хэлэлцээ хийж байна. Элчин сайдын ажлаа хийж яваа маань энэ.
-Таныг Элчин сайдын хувьд итгэмжлэх жуух бичгээ Английн хатан хаанд барьсны дараа яриа хөөрөө болсныг та анзаарсан уу. Таны тухай гэхээсээ таны гэргийн талаар нэлээд шуугисан…
-Өө тийм үү…
-Хатан хаанд бараалхахдаа таны гэргийг дипломат ёс жаяг зөрчсөн, холоос гараа зүтгүүлж алдаа гаргалаа, хатан хааны мутрыг нь үнсдэг ёстой гэж багагүй шүүмжилсэн. Таны гэргий энэ асуудалд хэрхэн хандсан бэ?
-Дипломат ёс жаяг нарийн. Английн ёслол бүр ч нарийн юм байна. Хатан хааныг нь үнсэх, тэврэх, биед нь хүрэх энэ тэр бол хориотой. Тэр жил Ерөнхийлөгч Обамагийн эхнэр хатан хааныг нь үнсээд ч бил үү, тэврээд ч бил үү буруудсан гэдэг. Гадаадын Элчин сайд нарыг гэргийтэй нь хамт хатан хаандаа бараалхуулна гэдэг нь тусгай дэг жаягтай. Хэдэн өдрийн өмнөөс бэлтгэл сургууль хийлгэдэг тогтсон журамтай. Хатан хааны ёслол хариуцсан маршал хэмээх албан тушаалтай хүн удирдаж тэр бэлтгэлийг хийлгэдэг юм байна. Арга хэмжээний үед хэн хаана зогсох, хоорондоо ямар зай авах, хаанаас яаж мэндчилэх, хэрхэн яаж хандах, юу ярих, эс ярих гээд бүх юм нарийн заавартай. Өгсөн тэр зааврынх нь дагуу бүх арга хэмжээ болсон л доо, уг нь. Ёслохдоо алдсан гэж байгаа бол ёслолын тэр маршал л бидэнд мадагтай юм зааж дээ (инээв).
-Хатан хаан сүйх тэргээ явуулж Элчин сайдыг ордондоо авчирдаг гэдэг байх аа?
-Тийм. Бас л сүр бараатай хийж байна билээ. Алтан тоног, саа, торго болсон хоёр ч том сүйх тэрэг ирж үйлчилсэн. Нэгэнд нь ёслол хариуцсан нөгөө маршал болон Элчин сайд, эхнэрийнхээ хамт сууна. Нөгөө тэргээр нь Элчин сайдын яамны дөрвөн ажилтан явна. Тэгээд хатан хааны ордныг зорино. Манай элчингээс хатан хааны ордон хүртэл хориод минут явах зайтай. Задгай сүйх тэргэнд торгон цэргийн гоёмсог өмсгөлтэй ёслолын маршал болон өнгө өнгийн үндэсний дээлээрээ гангарсан бидний хэдэн монголчууд хатан хааны ордныг зорин морин цагт хөдөлсөн. Ийм содон хөсөг замын хөдөлгөөн хаалгаж байгаад Лондоны төвөөр зорчиход олны нүд бүлтийнэ биз дээ. Тэр хавьд жуулчин ихтэй, бараг хүн болгон гар утсаараа зураг дардаг болсныг ч хэлэх үү, бид бүгд тэр зуур папарацийн бай болсон. “Гэрэл зургаа олон даруулсан тоогоороо Монголын дипломат та хэд яг энэ мөчид дэлхийд тэргүүлсэн байх шүү” гээд ёслолын маршал өвгөн жуумалзаж байсан.
-Та Н.Багабанди Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа гадны Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барих ёслолд оролцож л байсан. Бас ОХУ-д суух Элчин сайдын хувьд В.Путин Ерөнхийлөгчид жуух бичгээ барьж явсан хүн. Манай ёслол гадныхнаас хэр их ялгаатай вэ?
-Орчин цагийн хандлагаа дагаад манай ёслол нэлээд энгийн, ажил хэрэгч ангилалдаа багтана. Оросын ёслол ч бас тийм. Харин Английн протокол бол, ялангуяа хатан хаан нь оролцдог арга хэмжээ нь чамин, сүртэй талдаа. Олон зуун жилийн уламжлалт ёсоо харуулах, хүндлүүлэх зорилго, агуулгатай ёс жаяг. Нэг юм бодогдсон. Монголын төрт ёс маань олон зуун жилийн уламжлал байхгүй гэх биш, бид ч бас ёслолоо бэлгэдэл, түүхэн заншил талаасаа арай нарийсгаж, арай сүр оруулах ёстой ч байж мэднэ. Гэхдээ үүнийг түүхч, судлаачид, мэргэжлийн дипломатууд маань надаас илүү сайн мэднэ, хэлээд өгнө дөө.
-Лондонд байгаа Монголын ЭСЯ таныг очсоноос хойш хөлтэй байгаа дуулдах юм…
-Хөл хөдөлгөөнтэй байлаа. Сар гаруйн өмнө бид Монгол, Британийн бизнесийн чуулганыг Лондонд хийсэн. Английн парламентын гишүүн асан Жон Гроган гуай тэргүүлсэн тэр талын улс төр, бизнесийн хүрээнийхэн, Монголын талаас төр, бизнесийн болон төрийн бус олон байгууллага, манай ЭСЯ оролцоод тэр арга хэмжээг хамтран зохион байгуулсан. Манайхтай бизнес хийх гэсэн санаа бодолтой Английн компаниуд миний төсөөлж байснаас илүү олон байна. Тиймээс чуулганы өмнө, хойно тэдэнтэй уулзах, яриа хөөрөө өрнүүлэх гээд сүүлийн хоёр сар хэрэндээ л зав муутай байж байгаад ирлээ.
-Манайхыг яагаад гэнэт сонирхоод эхлэв, таны бодлоор?
-Гэнэт л нэг их сонирхоод эхэллээ гэх нь юу юм. Гэхдээ глобаль том хандлагаа дагаад юм юм хөдөлгөөнд орж байна. Жишээ нь, Англи улс Европын Холбооноос гарах болсноор нөхцөл байдал илт өөрчлөгдөж байна. Европыг гол тулгуур, чиглэлээ болгож ирсэн харилцааны хуучин тогтолцоо нь халагдана. Ингэснээр шинэ шинэ асуудал дэгдэж, шинэ бэрхшээл үүсч, шинэ боломж нээгдэж байх шиг. Монгол Улс маань тэр шинэ боломж гэсэн ангилалд нь багтаж чадвал сайн сан. Монгол орон өөрөө сонин содон зах зээл байхаасаа гадна Хятад улсад газар зүйн хувьд ойр дөт байдгаараа онцлогтой. Энэ мэтийн олон хүчин зүйл бий. Гэхдээ бид тэр сонирхлыг нь зөв өөгшүүлж, ундрааж чаддаг байх ёстой. Эндээс л учир ургаж, учиг сэжүүр олдоно.
-Сэдвээ жаахан өөрчилье. Танай ЭСЯ дотроо төдийгүй гаднаа ч хөл хөдөлгөөнтэй байх шиг. Яамны гадна байнгын жагсаалтай байгаад байна уу?
-Байнгын жагсаалтай гэх нь хаашаа юм. Хэд гурваараа ирээд, яамны үүдэнд ухуулах хуудас дэлгэн барьж, “сэлфи” зургаа дарж байгаад яваад өгдөг. Эхэндээ манай ЭСЯ-ны гадаа ирж саатдаг байснаа одоо хотын төв, Английн парламентын ордны хавьд үзэгддэг болсон гэдэг.
-Та тэр хүмүүстэй уулзсан уу?
-Албан ёсоор бол үгүй. Уулзах санал байна уу гэхэд татгалзсан хариу өгсөн. Үдийн цайны цагаар голдуу ирдэг болохоор яамнаасаа гарч, орох зуур тэр хүмүүстэй хэд хэд таарсан. Мэндээ мэдэлцэж хэдэн үг сольсон. Инээд алдсан, яриа хөөрөөтэй л бүсгүйчүүд байна билээ. Тэр нутгийн шар толгойтой нэг нөхөр хамт харагддаг. Мүүнийн шашны зүтгэлтэн, манайхныг урьж дайлсан найрсаг хүн гэдгээр нь тэнд байгаа монголчууд түүнийг анддаггүй гэсэн.
-Таныг Элчин сайдын албан тушаалаас эгүүлэн татах хэрэгтэй гэж шаардаж байгаа, энэ талаар төр засгийн байгууллагад өргөх бичгээ өгсөн гэж байсан. Хариу нь гарсан уу?
-Өргөх бичгийн хариу нь төвөөс ЭСЯ-нд ирснийг тэдэнд дамжуулсан. Надад ч бас хандсан шаардах бичиг тэд ирүүлсэн. Би ч бас хариуг нь тогтсон журмаар өгсөн. Гэхдээ нэг бичгийн хариуг өгөхөд өөдөөс шинэ бичиг гардуулдаг байдалтай яваад байгаа. Зөвхөн Монголын талд хандаад зогсохгүй Английн талд ч сонгогчийнхоо хувьд ханддаг юм байна.
-Сонгогчийнхоо хувьд гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Тэр улсын иргэд учраас Английн төрийн байгууллага, албан тушаалтнуудад сонгогчийнхоо хувьд ханддаг юм билээ. Гэтэл тэдний нэг нь 2016 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан гэсэн. Хоёр талд азаа үзээд байгаа хүн шиг. Одоо Английн парламентын ордны гадаа очиж жагсаад байгаа болохоор тэндээ сонгогдох гээд байгаа ч юм шиг. Би сүүлдээ бүр ойлгохоо больсон.
-Зөвхөн Лондонд Г.Ичинхорлоо тэргүүтэй хүмүүс гэлтгүй энд тэнд иймэрхүү арга хэмжээнүүд болоод байгаа. Ганцхан хүн рүү чиглээгүй нэлээд томоохон зохион байгуулалттай арга хэмжээ гэж ойлгогдож байгаа. Энэ тал дээр танд мэдэж байгаа зүйл юу байна?
-Хувь, хувьсгалын олон зорилго байгаа байх. Юутай ч цаг зав, хөрөнгө мөнгөө гаргаад, тэнд хийж байгаа жижиг цуглааныг нь энд том сурталчлаад байгаа учраас зориудын зохион байгуулалттай нь ойлгомжтой. Хэн зохион байгуулаад байгаа нь ч тодорхой. Бусад газар юу болж байгааг би мэдэхгүй. Сайнаар хэлвэл Монголын улс төр хил хязгаараа тэлж байгаа ч юм шиг. Саар талаасаа бол Монголоо л муухай болгон харагдуулж байгаа юм. Лондонд Баяр, Энхбаяр, Дорж, Дондог гэж танихгүй, тэдний сайн, мууг мэдэхгүй. “Энэ хэдэн монголчууд яачихсан юм бол доо” л гэж гадныхан гайхна. Монголын муу муухайг монголчууд Монголдоо л засна. Түүнээс биш гадаадынхан, эсвэл гадны шахалтаар тэрнийг хийхгүй.
-Та Ерөнхий сайдын албаа өгөөд явж байсан хүн. Заримдаа Элчин сайдын энэ алба яамай гэж бодогдох үе гардаг уу?
-Аль ч алба амь биш, заяа биш. Авч болсон юм, өгч болно. Очиж болсон юм, буцаж бас болно. Гэхдээ таних танихгүй, гадна дотны хэдэн хүн шаардлаа гээд хаяад явчихдаг төрийн алба гэж юу байх вэ.
-Таныг Оюу толгойн гэрээг хийхдээ хувьдаа мөнгө завшсан, тэр мөнгөөрөө хилийн чинадад долоон байр авсан гэж хардаж байгаа учраас жагсаад байгаа гэж ойлгож байгаа, тийм үү?
-Жагсаалын сэдэв тэрнээс ч олон. Надад өгсөн, дээшээ илгээсэн шаардах бичигт арав гаруй иймэрхүү аястай сэдэв харагдсан. МАНАН-г байгуулж Монголын ард түмний амьдралыг доройтуулсан, долоон байшин авсан, долоон сарын 1-нийг дэгдээсэн, таван хүний аминд хүргэсэн гээд олон муу муухай юмны буруутан болгосон байсан.
-Таныг буруутгах үндэс бол Оюу толгойн гэрээ шүү дээ. Энэ гэрээ байгуулагдахаас өмнө таны нэр хүнд маш өндөр байсан. Харин Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойш таны нэр хүнд огцом унаж, таныг бүхий л юманд буруутгадаг болсон. Тийм биш гэж үү. Гэтэл та Оюу толгойн гэрээг байгуулсанаараа бахархдаг гээд байдаг…
-Оюу толгойн гэрээ бол ардчилал, зах зээлд шилжих сүүлийн хорь гаруй жилийн явцад Монголын төр засгаас гаргасан хамгийн том шийдвэрийн нэг. Том шийдвэр учраас том анхаарал татах нь ойлгомжтой. Оюу толгойн гэрээ байгуулсанаараа, байгуулах ажлыг удирдсанаараа би үнэхээр бахархдаг. Үүнийгээ би хаана ч, хэзээ ч хэлдэг. Харин энэ бахархлыг маань унтраах, намайг гутаах, гүтгэн доромжлох гэсэн кампанит ажил гэрээ байгуулсан тэр цагаас хойш өнөөг хүртэл үргэлжилж байна. Энэ бол дотоод, гадаадаас тэтгэгддэг кампанит ажил байгаа юм.
-Дотоод нь ойлгомжтой. Харин гадаадаас үүнд оролцох ямар учир шалтгаан байна гэж?
-Монгол Улс маань хил залгаа хоёрхон хөрштэй. Энэ хоёртойгоо сайн харилцаатай байх нь юу юунаас чухал. Гэхдээ энэ хүрээндээ явцууралгүй, бусад тив, дэлхийтэй өргөн харилцаатай байх нь бас чухал. Ялангуяа барууны том орноос том хөрөнгө оруулж ирж нутагтаа шингээх нь бидний аюулгүй байдлын нэг том баталгаа. Монголыг өөрийг нь биш юмаа гэхэд Монголд оруулсан хөрөнгөө тэд хамгаална. Үүнийгээ бид “гуравдахь хөршийн бодлого” гэж томьёолон хэрэгжүүлж байгаа. Оюу толгойн гэрээ бол гуравдагч хөршийн асар том хөрөнгө оруулалтыг хангаснаараа онцлог. Бидний баярлах, бахархах ёстой зүйл бол энэ. Энэ төслийн хөрөнгө оруулалт нь хоёр хөршийн нийлбэр хөрөнгө оруулалтаас хоёр дахин их. Тэр хэмжээгээрээ биднийг хоёр хөршийн хүрээнээс гарган өгч, цаана нь байгаа дэлхийтэй холбон уяж өгч, өөрөөр хэлбэл нэлээд өргөн хүрээний зах зээлийн тоглогч болгож байгаа юм. Үүнд эгдүүцдэг, үүнийг нь эргүүлж тонгорохсон гэсэн этгээдүүд дотоодод ч, гадаадад ч бий.
-Гурав дахь хөршийн хөрөнгө оруулалтыг татсанаараа сайн юм байж. Гэтэл энэ хөрөнгө оруулалтыг Монгол Улсад огт ашиггүй байхаар хийсэн, энэ нь санаатай үйлдэл байсан гэж ярьдаг. Гэрээ байгуулахаас өмнө Ерөнхий сайдын хувьд хэлсэн үгийг тань хүртэл сануулдаг. “Оюу толгойн гэрээ байгуулагдахгүй удах тусам Монгол Улс өдөртөө нэг сая ам.доллар алдаж байна” гэж хэлсэн үг таны үг мөн байх аа?
-Тийм. Тэр үед би болгоомжлоод харин ч даруухан дуугарчээ. Оюу толгойн гэрээг 2009 оны аравдугаар сард байгуулсан. Эхний бүтээгдэхүүнээ 2013 оны зургадугаар сараас гаргаж эхэлсэн. За одоо хоёулаа бага ангийн тоо бодъё л доо. Энэ хугацаанд Оюу толгой улсын татварт 1.4 тэрбум ам.доллар тушаасан байна. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлсэн Монголын аж ахуйн нэгжүүдэд 4.5 тэрбум ам.долларын төлбөр хийсэн байна. Энэ хоёр нийлээд 5.9 тэрбум ам.доллар. Төгрөгт хөрвүүлбэл 14.3 их наяд. Монгол Улсын хоёр жилийн улсын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө. Мөн үү. Ашиггүй гэрээ байсан бол энэ мөнгө манайд орох уу.
-Энэ мөнгө Монголд орж ирсэн юм уу?
-Монголд орж ирснийг нь ярьж байна. Улсын болон орон нутгийн төсөвт орсон мөнгө. Монголын 600 гаруй аж ахуйн нэгж, компани, тэнд ажилладаг мянга, мянган хүмүүсийн цалин, орлого болон орсон мөнгө. “Өдөрт нэг сая доллар орно” гэсэн үг маань биелж үү, үгүй юу одоо үзье. Оюу толгойн гэрээ байгуулсанаас хойш долоон жил найман сар өнгөрчээ. Өдрөөр нь хөөж тоолвол 2847 өдөр болж байна. Баяжмалаа экспортолж эхэлснээс хойш яг дөрвөн жил буюу 1460 хоножээ. Одоо Монголд орсон 5.9 тэрбум ам.доллараа өнгөрсөн хоногтоо хуваана. За, ийм байна. Гэрээг цаасан дээр зурсанаас хойш өдөр бүр 2 сая 72 мянган ам.доллар, бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэнээс хойш өдөр бүр дөрвөн сая 41 мянган ам.доллар орсоор иржээ. Ийм хэмжээний мөнгө нэг өдөрт Монголд орсоор байна. Оюу толгойд одоо зөвхөн ил уурхайн олборлолт хийж байгаа. 2020 оноос гүний уурхай ашиглалтад орно. Гаргах бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ. Манайд орох орлого ч нэмэгдэнэ гэсэн үг. Миний баярлаад, бахархаад байгаагийн өөр нэг учир нь энэ.
-Уучлаарай, та бахархлаа ярьдаг шиг алдаагаа ярьж чадах уу. Оюу толгойн гэрээг олон хүн, олон талаас нь шүүмжилдэг. Энэ бүх хүн бүгдээрээ худлаа зүйл ярьж таныг буруутгаад баймгүй гэж санагдах юм. Оюу толгойн гэрээнд өө сэв огт үгүй гэж та арай хэлэх гээгүй биз дээ?
-Гэрээ бол гэрээ. Нэг талаас гаргадаг тунхаглал, тулгадаг мэдэгдэл биш. Гэрээ бол хоёр тал хэлэлцэж байгаад хүрдэг зөвшилцөл. Ийм том гэрээг бид урьд өмнө хийж үзээгүй. Тэр чиглэлийн туршлага, мэдлэг бидэнд бага байлаа. Тиймээс дутуу, дулимаг юм байхыг үгүйсгэдэггүй. Гэрээг шүүмжилж болно. Шүүмжлэх ч ёстой. Ийм шүүмжлэлийг хүлээж авах естой. Харин Оюу толгойн гэрээг санаатайгаар муу хийсэн, эндээсээ мөнгө завшсан гэх гүтгэлгийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, тийм үндэс ч байхгүй. Байгуулсан гэрээг сайжруулах, тодотгох боломж бий. Гол нь нөгөө талтайгаа яриа, хэлэлцээр тогтмол хийх хэрэгтэй. Тоо, баримтаа дэлгэж байгаад ойлголцох естой. Тэгвэл бүтнэ. Дэлхийн практик ийм юм. Тэрнээс нэг талын тулгалтаар хоёр талын ямар ч асуудлыг шийддэг практик байхгүй. Юутай ч нэг зүйлд би бат итгэлтэй явдаг. Цаг ахих тусам миний итгэл нэмэгдсээр байгаа.
-Юунд итгэх итгэл гэж ?
-Оюу толгойн гэрээ байгуулахдаа төрийн том бодлого дээрээ бид алдаагүй юм байна гэсэн итгэл. Геополитик талаасаа ч, бизнес талаасаа ч. Оюу толгойн гэрээг байгуулаагүй байсан бол Монгол маань хаданд хавчуулагдсан халиуны зулзага хэвээр байх байлаа. Миний сая ярьсан тэр их мөнгө орж ирэхгүй байх байлаа. 2009-2012 онд эдийн засгийн огцом өсөлт гарч Монголын бүх бизнес, бүх салбар сэргэлт авахгүй байх байлаа. Оюу толгойн гэрээ байгуулсны эерэг инерци дараа, дараагийн Засгийн газрын төсөв, хөрөнгийн гол эх үүсвэр нь болсон. 2012-2016 онд гадны зах зээлээс босгосон бүх бонд Оюу толгойн гэрээний хаялга, шууд ба дам нөлөө нь юм. Бондын тэр их мөнгөө зөв зарцуулсан эсэх нь тусдаа асуудал. Юутай ч Монгол гэх айлд мөнгө зээлж болно гэсэн итгэл гадныханд тэр үед байж. Гэх мэтээр яривал их юм бий.
-Саяхан “25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлгээр МАХН-ын дарга Н.Энхбаяр ярихдаа “С.Баяр Оюу толгойн гэрээ хийснээрээ бахархана гээд байдаг. Гэтэл Монголын хувь 51 хувь байх ёстой байтал С.Баяр зориуд 34 хувиар гэрээ хийсэн. Би Ерөнхийлөгчийн хувьд түүнд зориуд анхааруулж, бүр загнаж хүртэл байсан” гэсэн байна билээ. Та энэ ярилцлагыг нь үзсэн үү ?
-Надтай ярихаар Энхбаярыг, Энхбаяртай ярихаар намайг ёс юм шиг асуудаг болоод удлаа. Заримдаа ч залхмаар. Гэвч тодорхой асуусан учраас би тодорхой хариулъя. Тэр ярилцлагыг нь үзсэн. Хүмүүс над руу утасдаад “Энхбаяр таны тухай аймаар, аймаар юм ярьсан шүү” гэсэн. Би тэр ярилцлагыг нь Ютүүбээс татаж үзсэн. Хачин л юм билээ…
-Яг аль яриа нь таны хачирхлыг төрүүлэв?
-Төрийн том сэнтийд сууж байсан хүн гэхээргүй арай л задгай зайдан ярьж байна билээ. Ганц Оюу толгойн гэрээ гэлтгүй, намайг дэмжиж дарга болгосон тухай, долоон сарын 1-ний хэрэг явдалд өөрөөс нь бусад бүх хүн буруутай тухай, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль намын удирдлагын уршгаас болж амжилтгүй болсон тухай гэхчилэн өөр олон хүнийг хамарсан, өөр олон сэдвийг хөндөөд байсан. Уур бухимдалтай, сэтгэл санааны хувьд ихээхэн тогтворгүй байсан учраас тэр үү, эсвэл ерөөс ингэж ярьдаг болсон юм уу, илэрхий худлаа, огт авцалдаагүй үг амнаас нь унаж байх юм.
-Тухайлбал…
-Жишээ нь, Оюу толгойд манай эзэмших хувийн тухай асуудал байна. Энхбаярын ярьснаар бол, тэр намайг дуудаад л, Монголын тал 51 хувьтай байна шүү, нөхөөр, гэж захиж анхааруулжээ. Тэгтэл Монголдоо хайргүй би бээр түүнийг хуурч мэхлэн 34 хувь болгосон гэж ойлгохоор. Гэтэл бид хоёрын хооронд ийм яриа огт болоогүй. Болох ч үндэсгүй. Үүнийг хоёр том дарга яриад шийддэг ч юм биш. Энэ асуудал яриагаар биш хуулиар зохицуулагддаг.
-Ямар хуулиар зохицуулагдана гэж?
-Ашигт малтмалын тухай хуулиар. Хуулийн томьёоллыг нь цээжээр хэлж мэдэхгүй. Гэхдээ агуулга нь бол ийм юм. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон бол тухайн орд газар төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болно. Улсын төсвийн бус хөрөнгөөр хайгуул хийсэн бол 34 хүртэл хувийг төр эзэмшиж болно гэж хуулинд заасан. Оюу толгойн хайгуулын ажлыг төсвийн бус хөрөнгөөр хийсэн байдаг. Ашигт малтмалын тухай хууль 2006 онд наадмын өмнөхөн батлагдсан санагдана. Тэр үед Энхбаяр хуулинд хориг тавих эрх бүхий Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Хуулийн заалт нь ийм тодорхой байхад нэг нь нөгөөгөө дуудаж үүрэгдээд л, загнаад байх нь ерөөс утгагүй. Яах юм. Загналаа гээд хуулийн зүйл заалт өөрчлөгдөх биш. Тэгээд ч загнуулдаг Ерөнхий сайд ч гэж юу байх билээ. Энхбаяр ч Ерөнхийлөгч байхдаа хүн загнаж байхыг би хараагүй. Өнөөдрийнхөөс эрхбиш арай л өөр араншинтай, ажлын өөр арга барилтай хүн байсан санагддаг.
-Н.Энхбаяр дарга намынхаа хуучин нөхдөд их гомдолтой байгаа анзаарагддаг. Бүгдийг нь дэмжээд дээш нь гаргасан, гэтэл ач тусыг нь санадаг, хариулдаг нэг ч хүн байхгүй…
-Байнга ярьдаг сэдэв нь. Ач тусыг минь хариулсангүй гэж гомдоллоод явдаг. Ач тусыг мартвал алдас болно гэдгийг монгол хүн бүр сайн мэднэ. Гэхдээ ач тусынхаа хариуг нэхэж авдаггүй, тосож авдаг нь бас Монголын ёс. Тэгээд ч төрийн, намын шугамаар хийсэн боловсон хүчний томилгоог хувийн хишгээ хайрласан мэт үздэг үзэл нь өөрөө буруу. Удирдах албан тушаал хашиж байгаа аль ч хүний эдлэх нэгэн эрх, үүрэх нэгэн үүрэг нь томилгоо юм. Тэнгэрээс буугаад дарга болсон нэг ч хүн байхгүй. Бүгд л удирдлага, хамт олны дэмжлэгээр дэвшиж, ахиж байдаг. Энхбаяр бид хоёр ч ялгаагүй.
-Таныг Ерөнхий сайд, намын дарга болгосон гэж тэр нэвтрүүлгээр бас ярьж байсан. Таныг дэмжиж байсан гэдэг нь үнэн үү. Миний санаж байгаагаар намынхаа их хурал дээр М.Энхболд дарга та хоёрыг зогсч байхад таны биш нөгөө хүний гарыг өргөөд өөрийнхөө үйл хэргийг залгамжуулж байгаа талаар зарлаж байсныг санаж байна. Магадгүй дараа нь намын дарга болох үед чинь таныг дэмжсэн юм болов уу?
-Чи 2005 оныг ярьж байна. Би 2007 онд намын дарга болсон. Миний хувьд, юу үнэн гэвэл тэр үнэн гэхээр нэгэн зүйл бий. Түүх хуучраагүй учраас бүгд санаж байгаа. Намайг намын их хурлаас намын даргаар сонгогдох тэр үед Энхбаяр Ерөнхийлөгч байсан. Намынхаа харьяаллаас түдгэлзсэн Ерөнхийлөгч намын их хурлын шийдвэрт нөлөөлөх нөлөө юу байх билээ. Намын даргаар сонгогдчихоод тэр их хурал дээр “Үүрсэн хариуцлагатай минь дүйх эрх мэдлийг олгоно уу” гэж би их хурлын төлөөлөгч нөхдөдөө хандаж байсан, санаж байна уу? Ингээд намын их хурлаас намайг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх улс төрийн шийдвэр гарсан. Ийм л юм. Бүгд мэдэж, санаж байгаа, бүхний өмнө болоод өнгөрсөн ийм асуудлаар огт оргүй юм зохиогоод ярьж байгаа юм чинь, тэр бүр хүн мэдэхгүй асуудлаар бол юу ч ярьж мэднэ гэсэн үг.
-Н.Энхбаяр дарга хуучнаасаа өөрчлөгдөөд байгаа юм уу, эсвэл ийм хүн байсан юм уу гэдгийг та л сайн мэдэж байгаа байх. Гэхдээ эцсийн дүндээ, түүний яриад байгаа юм нь үнэн үү, худлаа юу гэдэг нь л олон нийтэд чухал байна…
-Тийм ээ. Үнэн юм ярьж байгаа бол тэр үнэнд хэн ч гүйцэгдэнэ. Харин худлаа яриад байгаа хүн бол түүндээ заавал ороогдоно. Энхбаяр дарга албаа өгснийхөө дараа үе үе хачин сонин юм ярьдаг болсон. Эхэндээ бол арай гайгүй байсан. Болсон явдал, яриа хөөрөө энэ тэрхнийг хачирлах, давслах хэмжээнд ярьдаг байлаа. Сүүлдээ болсныг давслах биш, болоогүйг зохиож ярьдаг, шууд гүтгэдэг болсон байна. Сая ам нээгээд ярьсан зарим зүйл нь эрүүл ухаанд багтамгүй. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар түүний сурталчилгааны материалыг тэвш дүүрэн машинд ачаад Цагаан давааны хог дээр намын удирдлагын заавраар шатаасан ч гэх шиг. Сонгуулийн дараа би түүнтэй уулзаад “Шоронд хийнэ шүү” гэж сүрдүүлсэн ч гэх шиг… Энэ арай дэндэнэ. Хэлэх үг олдохгүй байна. Үүнийг нь сонссон ард, иргэд юу бодох вэ. Төрийн өндөрлөгүүд гээд байсан энэ хэд чинь дээрээиймэрхүү юм хийж, ярилцаж суудаг байх нь ээ гэнэ биз дээ. Өрөөлийг гутаах гээд өөрийгөө гутааж байгаа нь түүний хэрэг. Харин Монголын төрөө эрхбиш ингэж гутааж болохгүй.
-Долдугаар сарын 1-ний сэдэв гэж эмзэг нэгэн сэдэв байна…
-Тийм. Бас л бүхний нүдэн дээр болоод өнгөрсөн явдал. Эмгэнэлт энэ явдал тохиоход Энхбаяр бид хоёр хоёулаа төрийн дээд удирдлагад байсан. Хүнд хэцүү үед шийдвэр гаргах шаардлага тулгарсан. Оносон бол хамт оносон, алдсан бол хамт алдсан. Гэтэл бусдыгаа муулаад, өөрийгөө өмөөрөөд л сууж байх юм. Муу муухайг бусдад тохсоноор өөрөө сайхан харагдана гэж байхгүй. Хэн ч итгэхгүй. Долоон сарын 1-ний явдал дахин давтагдах ёсгүй. Урьдын явдлаас сургамж авах, ухаарах хэрэгтэй. Үүнд хэрэг болно гэж үзээд би нэг тодорхой санал хэлдэг. Төр засгийн, улс төрийн намуудын удирдлагууд тэр өдрүүдэд хаана байв, юу ярив, юу хэлэв, ямар шийдвэр гаргав гэдгийг тэмдэглэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл байдаг. Нууцын зэрэгтэй материал. Тэнд одоо нэг их нууцлаад байх сүйдтэй юм байхгүй гэж боддог. Энэ тэмдэглэлийг ил болговол олон зүйл тодорхой болно, иймэрхүү явдал дахин тулгарвал яавал зөв, яавал буруу болох нь ойлгогдоно. Үгүйдээ л энэ сэдвээр хий хоосон улс төр хийдэг нь зогсоно.
-Н.Энхбаяр дарга та хоёр ер нь уулздаг уу. Нэг сайхан уулзаад, сэтгэлээ онгойтол ярих сан гэж боддог уу?
-Уулзаагүй удаж. Хэдэн жилийн өмнө дөө, нэг уулзсан. Би нам, засгийн ажлаа өгөөд УИХ-ын гишүүн байсан үед. Манай намын удирдлагууд энэ уулзалтыг санаачлан зохион байгуулсан юм. Бид хоёр удаан ярьж суусан. Эцэст нь инээлдээд, хөхрөлдөөд л салж байлаа. Тэглээ гээд байдал сайжраагүй, харин ч бүр дордсон. Сүүлийн жилүүдэд Энхбаяр дарга байсхийгээд л гэнэт гарч ирж, аймаар аймаар сенсаац дэлгэдэг боллоо. Тэрэн дотроо намайг нэрлэж байгаад элдэв долоон ял тулгана. Үүнийг нь эс тоогоод дуугүй явна гэхээр ярьсныг нь хүлээн зөвшөөрсөн болчих гээд байдаг. Тоогоод хариу барина гэхээр бид хоёрын нас, намбанд зохихгүй хэрүүл маргаан болчих гээд хэцүү. Энхбаяр бид хоёр элий балай юм ярьж, хүүхэд нохойн доог болж явах улс биш, уг нь. Би сая жар хүрлээ. Энхбаяр надаас ганц нэг дүү ч жар шүргэж яваа. Туулсан нас намтраа бодсон ч, зүтгэсэн нам засгаа бодсон ч тэр. Бид хоёр хоёулаа хүссэн ч, эс хүссэн ч орчин цагийн Монгол Улсынхаа түүхэнд орох, дурсагдах ажил, албан тушаал хашиж явсан. Хийдгээ хийсэн улс. Зөв, бурууг маань цаг хугацаа, хойч үе маань дүгнэхээс хойш наана нь есөн шидийн яриа дэлгээд байх нь илүүц гэж би боддог юм, уг нь.
-Та хоёр бага залуудаа дотны найз нөхөд явсан гэдэг үнэн үү. Одоо та түүнийг найзаа гэж хэлж чадах уу?
-Бид хоёр залуудаа ойр дотно үерхэж явсан маань үнэн. Мань хүн Ерөнхий сайд байхад би түүний удирдлага дор Их өрийн асуудал шийдэх багийн бүрэлдэхүүнд нь Элчин сайдын хувьд зүтгэж байв. Тэр үед зориг, шийдэмгий чанарыг нь үнэлж байлаа. Манай намыг Социнтернд элсүүлнэ, дэлхийн том хандлага дагасан орчин цагийн нам болгоно гэж намын даргын хувьд зүтгэж байхад нь мань мэт түүнийг маш их дэмждэг байв. Түүнээс хойш юм их өөрчлөгджээ. Миний мэддэг тэр Энхбаярыг өнөөдөр би олж харахгүй байгаа. Түүнийг одоо найзаа гэж хэлж чадах уу гэж чи тавлаж асууж байх шиг. Сүүлийн хэдэн жил байнга гүтгүүлээд, ил далд элдэв дайралтынх нь бай болж яваа би “чадна” гэвэл дэндүү худлаа сонсогдоно. Хэн надад итгэх юм бэ. Нэг ийм орос үг байдаг. Махчилбал, “Ийм найзтай байхад дайсан хэрэггүй” гэсэн утгатай үг. Монголчилбол,“Өөдгүй найзаас өст дайсан дээр” гэж буулгаж болмоор. Тэр үг санаанд орж байх чинь.
-Та бид хоёр өмнө нь ярилцаж байхад “Би том амбицтай хүн” учраас үе хойчдоо муугаар хэлүүлэхгүйн тулд хичээж ажилласан гэж та хэлж байсан. Гэтэл Оюу толгой, долоон сарын 1, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль гээд танаас салдаггүй энэ хэдэн сэдвээр таны тухай хүмүүсийн ойлголт сөрөг талдаа байдаг юм шиг ээ. Та үүнийг мэдэрдэг үү, өөрийнхөө тухай хүмүүст бүрэн дүүрэн ойлголт өгч, олигтойхон дуугарч болдоггүй юм уу?
-Би дуугардаг. Гэхдээ жилдээ ганц нэг дуугарахаас хэтрэхгүй л явна. Гэтэл миний эсрэг сурталчилгааг хувийн телевиз, сонин, интернэт сайттай, бэл бэнчин сайтай “сайн эрс” хийсээр ирлээ. Жилдээ ганц биш, жилийн дөрвөн улиралд намайг муулж, гоочилж байна. Хийж бүтээсэн хэд гурван ажлыг минь шүүрэн шанага болтол буудах гэж чардайж байна. Намайг сөрөг дүрийн гол баатар болгох гэж байдгаараа үзэж байна, цаана чинь.
-Ийм нөхцөлд өөрийнхөө тухай сөрөг ойлголтыг өөрчлөхсөн гэж та боддог уу гэж би асуугаад байна л даа…
-Зарим хүн надад зөвлөдөг. “Чадахгүй гэх биш, өөрийн сонин гаргаад, телевиз байгуулаад, сайт нээгээд эдэнтэй адилхан үзэлцээч” гэж. Боддог л бодол, уг нь. Тэгвэл жилдээ ганц биш, жилийн дөрвөн улиралд санасан, бодсоноо олонд хүргэх бололцоотой болох л юм. Гэхдээ өөрийгөө магтуулаад, өрөөлийг муулдаг ганц гол хөтөлбөртэй дахин нэг сонин, телевиз, сайт нэмэх гэж явах нь утгагүй, хайран цагийн гарз. Ардаа ганц эзэнтэй бол аяндаа л ганц хөтөлбөртэй болчихдог. Мэдээлийн өрөөсгөл ийм хэрэгслийн нэр нөлөө үнэндээ бага. Хүн үзээд, уншаад байгаа юм шиг хэрнээ авч байгаа мэдээллийнхээ цаад эзэн, цаад санаа, үнэр танар, үнэ цэнийг хэн ч гэлээ мэддэг, мэдэрдэг болсон. Долоон буудлын Должин авгай ч мэдэрдэг болтлоо хэрсүүжсэн цаг. Тиймээс үр дүн багатай. Харин нийгмээ тал бүрийн бодит мэдээллээр хангах, гэгээрүүлэх зорилготой, аль нэг нам, хэсэг бүлэг, хувь хүний ашиг сонирхолд үйлчилдэггүй, хараат бус мэдээллийн тийм хэрэгсэл манайд ус, агаар шиг хэрэгтэй байна.
-Та тэгээд мэдээллийн ийм хэрэгсэл Монголд бий болгохын төлөө зүтгэх үү. Ер нь энэ хэр боломжтой вэ?
-Боломж ч бий, шаардлага ч бий. Үүний төлөө бол би явна. Өнөөдөр нийгмийн маань байдал ямар байгаа вэ.Санжийн Баяр гэдэг хувь хүний сөрөг, эерэг дүр гэдэг нь жижиг асуудал. Худал, хуурмаг мэдээллээр хүмүүсийн тархийг тасралтгүй угааж байгаа нь аюултай. Ганц миний тухай сэдвээр биш. Би яах вэ… Улс орны өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгмийн байдал, хэтийн төлөв, тулгарч байгаа бэрхшээл, гарах гарцын тухай үнэн бодит мэдээлэл туйлын хомс орчинд бид амьдарч байна. Өнөөдрөө зөв мэдэхгүйгээр маргаашаа яаж зөв бүтээх юм. Мэдээллийн согогтой орчинд байгаа учраас дүр эсгэсэн эх орончид, улс орны ямар ч асуудлыг шийдэх хялбархан жортой улстөрчид олшроод байна, цаана чинь.Балмад популизмын нян улам тархаж Монголыг маань сүйдлэх нь байна шүү.
-Тэгээд бид яах ёстой гэж?
-Надад бэлэн жор, шийдэл алга. Монголын ардчилал маань нялх нойтон байна. Популизмын улаан бурхан туссан хүүхэд шиг халуураад, туураад, эцэст нь эдгэж илааршдаг шиг эдгэх цаг нь ирнэ дээ л гэж найдахаас. Ийм үеийг заавал туулдаг жамтай гэж зарим онолчид онолддог. Тийм ч байж магадгүй. Гэтэл цаг хугацаа талийж байна. Жар хүрэхлээр үүнийг илүү сайн мэдэрдэг юм байна. Бидний ард шахуу саяхан сажилж яваад зүг чигээ зөв олсон зарим орон хажуугаар маань салхи татуулан хөгжлийн замаар хурдалж байна. Атаархмаар. Гэтэл бид бие биенээ хэмлэх, намнах, унагах уралдаанд л хурдлаад… Гэхдээ яах вэ, юм өөрчлөгдөнө. Хэн хэлсэн гэдэг билээ дээ, нэг ийм үг байдаг. Ард түмний нэг хэсгийг байнга хуурч болно. Ард түмнийг бүхэлд нь нэг хэсэг хуурч болно. Харин ард түмнээ бүхэлд нь байнга хуурч чадахгүй гэсэн утгатай үг. Цаг хугацаа бүхнийг харуулна.
-Таны биеийг эрүүл болж гэж яригдах үед намынханд тань маш их хүлээлт байсан. Цөөнх ч байсан, нэг сэвхийтэл татаад босгох лидер хайж байсан. Дипломат алба танд шинэ биш л дээ. Гэхдээ улстөрчийн карьер хийх боломж байхад та яагаад элчингээр явахаар шийдсэн юм бэ?
-Цагийн юм цагтаа. Нэг урсгалд хоёр ордоггүй юм. “Сэвхийтэл татна, матна” гэдэг нь чиний л бодол байна. Надад бол өөр бодол байдаг. Ямартай ч ажилгүй удаан сууж байхаар алба хашия гэж бодсон. Тэрнийгээ ч намын нөхдөдөө хэлсэн.
-Англи явья гэж таныг өөрөө хүссэн талаар танай намын дарга М.Энхболд хэлсэн гэж Н.Энхбаяр дарга манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Та тэр ярилцлагыг нь харсан уу. Юу гэж бодогдов доо?
-Юу бодогдов гэж. Хуучны танил журмын нөхөд маань намайгаа дурсан санаж дээ л гэж бодсон.
-“Гадаанаа жагсаалтай ингэж шившгээ хутгаж байхаар болимоор юм, өөрийгөө биш ард түмнээ бодмоор юм, Баяр маань” гэж Н.Энхбаяр гуай шуудхан хэлсэн байсан…
-Ард түмнээ бодох тал дээр зөв зүйтэй л зөвлөгөө надад өгсөн байна, Энхбаяр маань. Өөрт нь нэг хэлэхсэн гэж миний бодож явсныг л тэр хэлжээ. Харин тэр “гадаанаа жагсаалтай” байгаагийн талаар бол нохойтож байна. Бас л янзын хүн шүү. Өөрөө зохион байгуулна, араас нь ашигтай зөвлөгөө муу нөхөртөө өгсөн болж хөөрхөн дамшиглана (инээв).
-Та Элчин сайдаар явахдаа яагаад заавал Английг сонгосон юм бэ. Хардалт үргэлжлэхдээ Рио Тинтогийн толгой компани Лондонд байрладаг учраас тэгж сонгосон хэрэг гэж хүртэл дуулдаж байна…
-Тийм үү. Авлигаа авахад амрыг нь бодоод Англи явлаа гэж байна уу. Толгойгоо холбосон толгой компанийнхаа авлига олгодог кассанд нь дөхөж буулаа гэж байна уу.(инээв) Юу ч гэх вэ дээ… Дэлхийд данстай, нээлттэй хувьцаат компани гэж юу байдаг талаар одоо тэгээд ярих юм уу, яах юм. Ийм компанийн орлого, зарлага шилэн дансаараа тэр дороо олон нийтэд хүрдэг, энэ тэр гээд лекц унших уу, яамаар ч юм бэ дээ.
-Тийм хардалт байгаа талаар л хэллээ. Одоо сэдвээ өөрчилье. Намын дарга байх үедээ хүмүүст бяр амтагддаг байх. Та ч намын дарга байсан хүн. Яг одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явдал өрнөж байна. Та хэзээ нэгэн цагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж боддог байсан уу. Ерөнхийлөгчөөр нэр дэвшиж, ялчихаад явж байхсан гэж…
-Наад асуултанд чинь би арван хэдэн жилийн өмнө хариултаа өгсөн. Сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцаж байхдаа хэлсэн санагдана. Түмэн олноосоо сонгогддог төрийн тэргүүн гэдэг бол том эрх мэдэл, том хүндэтгэл, том бэлгэдэл юм гэж. Үгүйдээ л хувийн өгөгдөхүүн, хувийн амьдрал талаасаа бусдад саарын биш, сайны жишээ байх учиртай гэж. Гэтэл тэр талаасаа би зөөлөн хэлбэл ихээхэн учир дутагдалтай хүн. Үүнийгээ мэднэ. Тэр жилийн миний бодол өөрчлөгдөөгүй байгаа.
-Та өөрийгөө учир дутагдалтай гэж байхдаа гэр бүлгүйгээ онцолж байсан санагдаж байна. Одоо таны гэр бүлийн талаар хүмүүс мэдэх болсон. Та гэргийгээ танилцуулахгүй юу, хамт амьдраад хэр удаж байгаа вэ?
-Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг. Хулан бид хоёрын хувийн амьдралын сэдвээр тэр үеийн олон шар сонин хөлжсөн байх шүү. Одоо тийм юм байхгүй. Хувийн амьдрал, гэр бүлийнхээ талаар ярих бодол алга.
-Энэ тухай асуух учир шалтгаан бас байлаа л даа. Сүүлийн өдрүүдэд жиргээгээр С.Баярын байшингийн баримтууд гээд Э.Сувд гэдэг нь эхнэр нь, 2010 онд АНУ-д байшин аваад 2013 онд зарсан байна гэсэн мэдээлэл ихээхэн цацагдаж байна. Та үүнд хариулт өгөхгүй юу?
-Энэ асуултанд ч гэсэн би хариултаа өгсөн. Энэ сэдвээр ярилцлага хэд ч хийв. Саяхан Лондонд гурван цаг гаруй энэ сэдвээр фэйсбүүкээр лайв-он-лайн туулаа. Одоо лавлах, тодруулах зүйл байвал УИХ-ын гишүүн асан Уянга, Лондонд яваа Ичинхорлоо нараас асуусан нь дээр. Тэд маань надаас илүү сайн мэднэ.
-Эцэст нь асуух нэг зүйл байна. Та намынхаа ажилд хэр оролцож байгаа вэ. Танай намд дахин хуваарилалт явагдана гэж хүлээж байгаа хүмүүс олон байна…
-Би дипломат албанд байгаа учраас намын ажилд оролцохгүй, намын тухай ярихгүй. Оролцох, ярилцах эрх маань хуулиар хаагдсан. Тиймээс хуучных шигээ энэ сэдвийг хөгжүүлээд байх боломжгүй байгааг минь ойлгоорой. Ярилцсанд баярлалаа.
-Танд бас талархлаа.
Э.Энэрэл
Өдрийн сонин