Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 02-р сарын 08-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “Сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гариг”-ийг нийслэлчүүдийн “Гэр бүлийн өдөр” болгон зарласан. Мөн нийслэлийн Засаг Даргын 2017 оны нийгэм эдийн засгийн зорилтод гэр бүлийн өдрийг тэмдэглэн хэвшүүлэхээр тусгагдсан байна. “Нийслэлийн гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд НИТХ, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, “Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” ТББ-аас санаачилж, хамтран зохион байгуулсан “Нийслэлийн сайн гэр бүл” шалгаруулах сарын аяны хаалтын үйл ажиллагаа маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Аяны хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 18 цэцэрлэгийн 1000 эцэг эхэд “Шинэ үеийн хүүхдийг зөв төлөвшүүлэх арга ухаан” сургалт зохион байгуулж, “Сайн мууг ялгая-2” буюу нийгэм олон нийтийн дунд биеэ зөв авч явахад туслах 60 дадал номыг бэлэглэн сургалтад хамрагдаж, ном бэлгэнд авсан гэр бүлүүд номын дагуу хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, зөв буруу, сайн муу зүйлийг ойлгуулж, хүүхэддээ бага наснаас нь эерэг хандлага, зөв дадал хэвшил олгоход анхаарч, бүлгийн багштай хамтран ажилласан.
“Нийслэлийн сайн гэр бүл шалгаруулах аян”-д идэвхтэй оролцож хүүхэддээ олон эерэг хандлага, зөв дадал олгож, цэцэрлэгийн эцэг эхчүүдийг манлайлж ажилласан шилдэг 18 гэр бүлийг “Нийслэлийн сайн гэр бүл”-ээр өргөмжилж, аяны үйл ажиллаганд оролцсон 70 хүүхдэд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн гарын бэлэг, Өргөмжлөл, гэр бүлээрээ нийтийн тээврээр сар үнэгүй зорчих карт, гэр бүлээрээ усан бассейнд хөнгөлөлттэй үнээр хамрагдах эрхийн бичиг зэрэг олон шагналаар урамшуулах аж.
Аянд нэгдсэн эцэг, эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, зөв бурууг ойлгуулснаар хүүхдэд төдийгүй гэр бүлд нь олон эерэг хандлага бий болсон тул цаашид илүү өргөн хүрээнд бүхий л цэцэрлэгүүдийг хамруулах хүсэлт тавьсаар байна. Иймд аяныг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөөд байна гэж нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.