Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотод 10 сард болоx “Дэлхийн ур чадвар” /World skills/ олон улсын тэмцээний өмнөх сорилго – “Монгол ур чадвар” тэмцээн 2016, 2017 онуудад гурван үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө. Тус олон улсын тэмцээнд манай улс таван мэргэжлээр оролцохоор бүртгүүлсэн бөгөөд өрөг угсралтад Ц.Мягмарсүрэн, цахилгаанд Л.Төгөлдөр, мужаанд Н.Эрдэнэмөнх, сантехникт Ц.Долгормаа, гагнуурт Ж.Жанлав-Ойдов нар шалгараад байна. Эдгээр тамирчдыг Монгол улсын шилдэг залуу мужаан, өрлөгчид хэмээн нэрлэж болно. Учир нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-д суралцагч 43 мянган хүүхдээс шилдгээр шалгарсан таван тамирчин бол эд юм. Ингээд тэдний төлөөлөл болгож, Монгол Улсын шилдэг залуу өрлөгчин Ц.Мягмарсүрэнгийн ярилцлагыг та бүхэндээ хүргэе.
-Өөрийгөө үе тэнгийнхэндээ танилцуулахгүй юу. Өрлөг угсралтын мэргэжлийг хэрхэн сонгож байсан бэ?
-Намайг Цэцэгбадамын Мягмарсүрэн гэдэг. Би Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1999 онд төрсөн. Дороо хоёр эмэгтэй дүүтэй. Миний бага нас хөдөөний хүүхдүүдийн нэгэн адилаар морь мал, хурга ишгийн дунд өнгөрсөн. Барилгын техникийн коллежид өөрийн хүсэлтээр элсэн суралцсан. Өрлөг бол үргэлж дээшээ явж байдаг маш сайхан мэргэжил. Багад манай саахалтын айл блокоор байшин барьсан юм. Тэрийг хараад надад өрлөг маш сайхан мэргэжил юм шиг санагдсан. Тариалан сум маань ой модоор хүрээлэгдсэн, модоор хэрэгцээтэй зүйлсээ хийдэг болохоор блокоор байшин барина гэдэг бидэнд сонин сайхан санагдсан юм шиг байгаа юм.
-Өрлөгөөрөө уралдаан, тэмцээнд хэр их оролцсон бэ?
-24 сургуулийн 24 сурагч өрсөлдсөн 2016 оны хаврын “Монгол ур чадвар” бол миний оролцсон анхны тэмцээн. Сар гаруй бэлтгэл хийгээд оролцож байсан. Анхны тэмцээн учраас их сандарч байсан л даа. Гэхдээ амжилттай оролцож, гуравдугаар байр эзэлсэн. Хоёр ба гуравдугаар шатны тэмцээндээ харин хоёуланд нь түрүүлж, олон улсын тэмцээний эрхээ авсан. Надтай сая шалгарч үлдсэн тамирчин маань анхан шатны тэмцээнд түрүүлж байсан юм. Үндсэндээ сая бид хоёр нэг, нэг хожилтой, хайнаагаа хагалсан гэх үү дээ.
-Амжилтаа юутай холбож бодож байна. Бэлтгэл ханасан байсан уу?
-Бэлтгэлийн хувьд адилхан байсан байх. Тэмцээний аз гэж байдаг юм болов уу гэж боддог. Миний хувьд эхний хоёр тэмцээн дээр их сандарсан. Харин финалын тэмцээн дээр огт сандраагүй. Багш нар маань намайг харчихаад “Нүдэнд нь оч гялалзаад байна” гэж хэлж байсан. Туслах хүний ур чадвар тэмцээнд амжилттай оролцоход нөлөөлдөг юм байна. Хоёдугаар шатны тэмцээнд нэгдүгээр курсээс цуг сурсан У.Ууганбаатар найзыгаа туслахаар авсан. Бид хоёр гар нийлж чадсан учраас амжилт гаргасан гэж боддог. Тэмцээнд өрсөн хананы тэгш хэм, үзэмж, нарийн деталийн хэмжээг гол болгодог.
-Олон улсын тэмцээний бэлтгэлээ хэрхэн хангаж байна?
-Эксперт багштайгаа өдөр бүр бэлтгэл хийдэг. 10 сард болох тэмцээнээс өмнө бид Герман руу явж, шигшээ багтай нь хамтарсан бэлтгэл хийнэ. Тэд бол тэмцээнд олон удаа орсон туршлагатай баг. Монгол бол хоёр дахь удаагаа л олон улсын тэмцээнд оролцох гэж байна. Тиймээс тэндээс их зүйлийг сурна гэж найдаж байгаа.
-“Монгол ур чадвар”-т түрүүлсний дараа үеийнхний чинь хандлага өөрчлөгдөж байна уу?
-Үеийнхэн гэхээсээ доод курсийн дүү нар маань ирж, туршлага асууж байгаа. Зарим төрлөөр тэмцээн зохиогдохгүй байгаа. Бетоны ангид сурдаг нэг хүү ирээд “Манай төрлөөр тэмцээн зохиогдохгүй байна. Олон улсын тэмцээнд орохсон” гээд нүдэнд нь нулимс цийлэгнээд ярьж байсан. Энэ бол эзэмшиж буй мэргэжилдээ эзэн болж байгаагийн илэрхийлэл байх л даа.
Ер нь хоёр сурагч зэрэгцээд ажиллаж байгааг харахад мэргэжилдээ үнэхээр дуртай нь сайн хийж зогсдог. Дургүй нь тэгс ингэс хийгээд байж байдаг. Багшийн хэлсэн юмыг хэдэн хормын дараа мартсан зогсож байгаа нь ч мэргэжилдээ сонирхолгүйн шинж гэж боддог. Уг нь хажууд хийж байгаа хүүхдээсээ ч суралцах боломжтой шүү дээ.
-МСҮТ-ийн ирээдүйг хэрхэн хардаг вэ?
-Суралцаж байгаа суралцагчдын 70-80 хувь нь өөрсдийн хүсэлтээр суралцаж байгаа хүүхдүүд гэж боддог. Ар гэрийнхээ шахалтаар орж ирсэн хүүхэд байлаа ч гэсэн үнэгүй зааж байгаа дээр нь нэг ч гэсэн юм сураад авах хэрэгтэй. Хүүхдэд маш их боломж олгодог, ирээдүйтэй сургууль гэж боддог доо.
-Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болох тэмцээнд ямар амжилт гаргана гэж бодож байна?
-Амжилттай сайн оролцох юмсан л гэж бодож байна даа. Өөрийн хичээл зүтгэлээс хамаарах байх.
-Тэмцээнд орж ирээд юу хийх төлөвлөгөөтэй байна?
-Сургуульдаа багшлах юмсан гэж боддог.
-Тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөе.